Боловсролын салбарт олон жил үр дүнтэй ажиллаж, номын ариун цагаан буян түгээж ирсэн Өвөр Монголын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын хичээл зүтгэлийг Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас өндрөөр үнэлэн Боловсролын Яамны ”Жуух бичиг”-ээр шагналаа. Хөххотын Үндэстний туршилтын бага сургуулийн захирал Далайдүүрэн, багш Үндэс, Гэрэлт, Энхцэцэг, “Сод ертөнц” Монгол цэцэрлэгийн захирал Нарантуяа, багш Гэрэлт нарыг Монгол Улсын Боловсролын Яамны "Жуух бичиг"-ээр шагнасныг Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газар 12 дугаар сарын 20-ны гардуулан өглөө.
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотноо суугаа Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ: - Ерөнхий Консулын газрын зүгээс хоёр орны боловсрол, эрүүл мэнд зэрэг олон талт үйл ажиллагааны гүүр болж ажиллах үүрэгтэй байдаг. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр боловсролын салбарт олон жил үр дүнтэй ажилласан багш нарт шагнал гардуулсандаа баяртай байна. Манай Ерөнхий Консулын газар их сургуулиудын тодорхой нэр бүхий багш нарыг Болосвролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа. Мөн хилийн бүс дагуух Алшаа аймгийн Цэгээ боомт, Баяннуур хотын Ганцмод боомтын сургууль, цэцэрлэгийн багш нарт дараагийн шатанд шагналуудыг хууль журмын дагуу олгох бодолтой байна.
Хөххотын үндэстний туршилтын сургуулийн захирал Далайдүүрэн: - Манай сургуульд Монгол Улсаас 80 орчим сурагч суралцаж байгаа. Монгол Улсын сурагчдыг элсүүлээд 18 хавар намрыг үдээд байна. Бүртгэлээр манай сургуулиас төгссөн Монгол Улсын сурагчдын тоо 2100 орчим хүрээд байгаа билээ. Манай сургууль нь хятад хэл заах арга маш өндөр түвшинд байдаг бөгөөд Монгол Улсад нэр нөлөө ихтэй. Мөн төгсөгчдөөс Хятад улсын их дээд сургуулиудаар суралцаж байгаа нь цөөнгүй. Сургуулиа дүүргээд Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулж яваа төгсөгчид ч маш олон бий.
