solongonews
Долоон ногоон өндөгтэй доголон шаазгайн үлгэр
2016-03-01 17:09
Монгол ардын үлгэр

Эрт урьд цагт нэг доголон шаазгай долоон ногоон өндөгтэй байж гэнэ.

Гэтэл нэг өдөр үнэг хүрч ирээд:

Долоон өндөгнөөсөө нэгийг нь өгөөч. Би идье! Гэжээ. Тэгэхэд нь шаазгай:
Би өндөгнөөсөө өгөхгүй гэж гэнэ.
Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсын чинь тоосыг гаргана, алтан улиасыг чинь хуга мөргөнө! гэж үнэг хэлжээ. Шаазгай айгаад нэг өндөг өгчээ.

Ингэтэл нөгөө үнэг өдөр бүр хүрч ирж урьд ёсоор хэлж өндгийг нь идсээр байтал ганцхан өндөг үлджээ. Тэгээд өнөөх шаазгай уйлж байж гэнэ. Тэгтэл нэг оготно гарч ирээд:

Та юунд ингэж уйлаа вэ гэж? асуужээ. Шаазгай хэлжээ:
Би уул нь долоон өндөгтэй юм сан. Гэтэл нэг үнэг хүрч ирээд чи өндөгнөөсөө надад өгөх хэрэгтэй гэхэд би хэчнээн өгөхгүй гэж хэлэхэд “Чамайг өгөхгүй бол би чиний алтан улиасыг чинь хуга мөргөнө, алсын чинь тоосыг гаргана” гэж хэлж авч явсаар байгаад одоо ганцхан өндөгтэй үлдлээ гэж оготнод хэлэв. Оготно шаазгайд үг зааж өгөв:
За, чи одоо өндөгнөөсөө өгөхгүй гэж хэлээрэй. Ингэж хэлэхэд үнэг чамд урьдын хэлдэг ёсоор алтан улиасыг чинь хуга мөргөнө. Алсын чинь тосыг гаргана гэж хэлэх биз! Ингэхэд нь чи хэл. Алтан улиас мөргөдөг эвэр чинь аль вэ? Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ? гэж асуугаарай. Ингэхэд “Чамд энэ үгийг хэн зааж өгөв?” гэх биз. Тэгэхэд нь “Би өөрөө бодон бодон бодол оров. Унтан унтан ухаан оров. Санан санан санаа оров” гэж хэлээрэй гэж оготно зааж өгчээ.

Гэтэл өнөөх үнэг ирээд шаазгайд:

Надад үлдсэн ганц өндгөө өг! гэсэнд шаазгай:
Өгөхгүй гэв. Шаазгай:
Алтан улиас мөргөдөг эвэр чинь аль вэ? Алсын тоос гаргадаг туурай чинь аль вэ? гэжээ. Үнэг:
Чи энэ үгийг хэнээс сонсов, хэл! Гэхэд нь шаазгай хэлсэнгүй:

Би өөрөө бодон бодон бодол оров. Унтан унтан ухаан оров. Санан санан санаа төрөв гэж хариулжээ. Үнэг хэлэв:

Хэн зааж өгснийг хэлэхгүй бол би чамайг үнэгний арван гурван мэхээ хэрэглээд барьж иднэ гэж сүрдүүлсэнд, шаазгай аргагүй болж айхдаа:
Тэр нүхэнд байдаг хулгана зааж өгсөн гэжээ.

Үнэг өнөөх оготны нүхний амсар дээр очоод оготныг дууджээ.

Оготно хариу хэлжээ.

Одоо би хогоо цэвэрлэж байна гэв. Гэтэл үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Оготно:
Би толио арчиж байна гэжээ. Үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Тэгэхэд нь оготно толгойгоо цухуйлгаж гэнэ. Тэгэхэд нь үнэг:
Толгой нь ийм хөөрхөн байгаа юм чинь цээж нь ямар хөөрхөн байгаа бол? гэхэд нөгөө оготно цээжээ гаргажээ. Гэтэл үнэг:
Цээж нь ийм хөөрхөн байгаа юм, бөгөс нь ямар хөөрхөн бол? гэсэнд оготно бөгсөө гаргажээ. Үнэг:
Бөгс нь ийм хөөрхөн байгаа юм, сүүл нь ямар хөөрхөн бол? гэсэнд оготно сүүлээ гаргажээ. Үнэг:
Ийм хөөрхөн биетэй юм хадан дээгүүр бөг бөг гүйх нь яасан хөөрхөн бол? гэсэнд оготно бөг бөг гүйх гэтэл үнэг үмхээд авчээ.

Оготно ингэж хэлжээ: “Чи өмөр өмөр гэж идвэл өмхий байдаг юм шүү. Ангар ангар гэж идвэл амттай байдаг юм шүү” гэсэнд, үнэг оготнын хэлсэн ёсоор ангар ангар идэх гэтэл амнаасаа оготныг алдчихжээ.

Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : Их билигт ХХК “Монгол ардын үлгэр”
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл