solongonews
ЦАХАР ЛИГДЭН: ЗОРЬСОН БАЙХАД БЭРХШЭЭЛИЙГ ДАВДАГ Л ЮМ
2014-10-29 16:10
Өвөр Монголын нэрт зохиолч Өөлд Цахар Лигдэн. Өдгөө далан хоёр насыг шүргэж яваа алдарт зохиолч маань цаг хугацаатай уралдан өдөр бүр шинийг хийж бүтээхийн төлөөх өөдрөг бодлоор дүүрэн явна.

         Өвөр Монгол орны утга зохиолын шагналыг дөрвөн удаа, бүх Хятадын утга зохиолын шагналыг дөрвөн удаа тус тус хүртсэн тэрээр Өнөрцэцэг сэтгүүлийн ерөнхий найруулагчаар ажиллаж байсан.  Өдгөө Өвөр Монголын зохиолчдын нийгэмлэгийн орлогч тэргүүлэгч, Бүгд Найрамдах Дундад Ард Улсын Монгол сэтгүүлчдийн нийгэмлэгийн даргаар ажиллаж байна. “ХХ-р зууны дундад улсын Монгол утга зохиолын сэтгүүлийн дээж бичиг” 68 боть номыг эрхлэн хэвлүүлсэн.

Шилдэг толь, Гайхамшигт ав, Мөнх зул, Гучин гурван алтан үхрийн домог, Лигдэний өгүүллэгийн түүвэр, Ишцэрэн минь, Тулган гал, Наян нэгэн зайдас зэрэг түүний тавь гаруй жилийн турш туурвисан бүтээлийг нэрлэвэл чамгүй урт дараалал гарна. Нөр их хөдөлмөрийг нь бишрэхгүй байхын аргагүй эрхэм зохиолч ахтай ярилцахаар очиход:              -Арван дөрвөн боть номын дээжээ хэвлэлтээс дөнгөж хүлээж аваад байхад минь та орж ирлээ шүү дээ гэж баяр хөөртэй инээмсэглэн угтсан юм. Ингээд түүнтэй өрнүүлсэн ярилцлагаа хүргье.

      /"Лигдэний уран бүтээлийн их хурахуй" нэртэй шинэхэн ботиудаа дөнгөж

    хэвлэлтээс хүлээж аваад байгаа нь 2014 он/

                                       УРАН ЗОХИОЛЫГ ШИМТЭН УНШСАН АМТ,

                                         НАМАЙГ ӨӨРӨӨ БИЧИХЭД ХҮРГЭСЭН

Сайн байна уу та, сайхан намаржиж байна уу, налгар намрын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна даа?

Сайхаан, их сайхан дулаахан, урт намар боллоо. Нутаг руугаа нэг хариад ирлээ дээ. Зав багатай л байлаа. Олон жилийн өмнө бичиж эхлүүлсэн “Шөнийн ээлж” гэдэг романаа засаж нэлээд суулаа.

Шинэ номынхоо дээжийг хэвлэлтээс дөнгөж өлгийдөж аваад байгаа танд хамт олныхоо, мөн уншигчдынхаа өмнөөс баяр хүргье.  14 боть ном хэвлүүлсэн байна шүү дээ,  ямар утга агуулгатай бүтээл туурвисан бэ?

Их баярлалаа. Энэ бол миний амьдралын тавиад жилийн туршид бичсэн зохиол бүтээлүүдээс түүвэрлэж, сор гэгдэх ихэнх сайн бүтээлээ багтаасан цоморлиг гэж ойлгож болно. Үүнд миний бичсэн шүлэг, өгүүллэг, найруулал, баримтат тууж, хүүхдийн уран зохиол гэхчилэн арван гурван бүтээл. Түүнээс гадна орчуулгын нэг боть ном багтаж байгаа. Энэ ботиудыг Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо гаргасан. Мөн Утга урлагийн холбоо, миний төрсөн нутгийн хошуунаас минь ихээр дэмжсэн.

/2014 онд хэвлэгдсэн "Лигдэний уран бүтээлийн их хурахуй" нэртэй 14 боть ном/

Анх хэзээнээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн бэ, чухам юу таныг утга зохиолын ертөнц рүү хөтлөх болов?

1960-аад оноос анх би уянгын шүлгүүд бичиж эхэлсэн. Дараа нь богино хүүрнэл зохиол, хүүхдийн шүлгүүд бичиж байгаад 1980-аад оноос Утга зохиолын хүрээлэнгийн сургалтаар дамжиж өгүүллэг, хүүрнэл зохиолын тухайд нэлээд гүн ойлголттой болж, өгүүллэг, тууж бичиж эхэлсэн. Юу уран зохиолын ертөнц рүү хөтөлсөн бэ гэж эргэж бодохоор тэр гээд хэлэхэд бас хэцүү юм. Хэн нэг нь намайг бич гэж зааж шахсангүй. Ер нь хүний өөрийн дур сонирхол, ном зохиол унших, эсвэл амьдралаас аливаа зүйлийг олж харах зэргээс авсан мэдрэмжээрээ л зохиол, бүтээлээ бичсэн байх. Учир нь би янз бүрийн зурагт ном, хүүхдийн ном, шүлэг яруу найраг, цаашлаад тууж романы номнуудыг ихээр шимтэн уншдаг байлаа. Энэ нь намайг уран зохиолын амтанд оруулахаас гадна, өөрөө бичье гэх сэдлийг төрүүлж өгсөн гэхэд болно.

         /Дэлхийн хүүхдийн номын хурлын үеэр 2012 он/


Ер нь том хүнд зориулж бичих, хүүхдэд зориулж бичих хоёр ямар ялгаатай вэ, ялангуяа хүүхдэд зориулан бичихийн тулд тэдний сэтгэхүйд тааруулахад их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаардагддаг байх?

Тэгэлгүй яах вэ, энэ бол хэцүү төрөл. Хүүхдийн зохиол нэлээд бичсэн л дээ. Тэдний нүдээр харна гэдэг амаргүй байлгүй яах вэ. Хүүхдийн сонирхлыг татахын тулд хүүхдийн амьдралыг сайн судлан мэдэж, тэдний ойлгодог хэллэгээр бичих тал дээр илүү анхаарч, ажиллах болдог. Хүүхдүүдэд хүүхдийн зохиол маш их хэрэгтэй. Тиймээс ч энэ 14 боть дотор 6 боть нь дан хүүхдэд зориулсан богино зохиолууд, шүлэг, найруулал, дуу, оньсого, баримтат роман, тууж, домог үлгэрүүд бий.

        /Нутгийнхаа бага, дунд сургуулийн хүүхдүүдэд ном тарааж байгаа нь. 2002 он/

                         

                          МОНГОЛЫН ЗОХИОЛЧИДТОЙ САЙН ХАРИЛЦААТАЙ БАЙДАГ

Монголын зохиолчидтой, мөн Монголын Зохиолчдын Эвлэлтэй хэр харилцаа холбоотой ажилладаг вэ?

-Сайн харилцаатай байдаг шүү, тэр дундаа Монголын хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог гуайтай бол олон жилийн холбоотой. Бид хамтдаа хүүхдэд зориулсан ажлыг цөөнгүй зохиодог. Түүний урилгаар Улаанбаатар хотод очиж монгол уншигч хүүхдүүдтэй уулзсан. Өнгөрсөн жил гэхэд би түүнийг Хөх хотод хариу урьсан юм. Өвөр Монголын сургуулиудаар айлчлан хүүхдүүдтэй уулзалт хийсэн. Мөн хэвлэлийн газруудаар номоо монгол бичгээр хэвлүүлэхээр болсон. Анх 1986 онд Дундад Улсын Зохиолчдын Бүлгэмийн гишүүний хувиар МЗЭ-д айлчилж сурвалжлахад Д.Цэдэв гуай, Д.Тарва нар хүндэтгэн хүлээн авч олон сайхан нэр цуутай зохиолчидтой уулзуулж билээ. Бид их эртнээс олон жилийн сайхан холбоо харилцаатай байдагаа одоо ч нуух юун.

               /Монголын хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийг угтаж авав. 1995 он Хөх хот/

                          /МУ Баяндэлгэр сумын бага сургууль 2004 он/

Таны зохиолууд аль аль улсын ямар хэл дээр орчуулагдсан бэ?

-Тийм ч олон зохиол орчуулагдаж амжаагүй л байна. Хүүхдийн “Иш Цэрэн минь” гэдэг зохиол Орос хэл дээр, “Мантуу баатрын аюул туулсан үлгэр” Япон хэл дээр, бусад зохиол бүтээлүүд Хятад, Солонгос, Япон хэл дээр тус тус орчуулагдсан байдаг юм.

Таны ”Гурав дахь гарагийн тунхаг” романыг кирилл рүү буулгасан байдаг, Өөр ямар зохиол бүтээлүүд тань хөрвүүлэгдсэн байдаг вэ?

-Тийм ээ, 2004 онд С.Пүрэвийн буулгаснаар энэ роман маань кириллээр монголын уншигчдад хүрсэн. Бусад нь хүүхдийн зохиолууд байгаа. “Шоргоолжийн хаант улсыг сурвалжилсан тэмдэглэл” зохиолыг Д. Батжаргал, “Гайхамшигт гурван тулам тууж”, “Мантуу баатрын аюул туулсан үлгэр”-ийг Х.Зандраабайды гуай кирилл үсгээр буулгасан зэрэг хэд хэдэн зохиолууд маань кирилл бичгээр буулгасан нь бий. ”Мантуу баатрын аюул туулсан үлгэр” зохиол маань гадаадын зохиол гэдэг утгаараа 32 дахь удаагийн “Дэлхийн хүүхдийн номын зөвлөгөөн буюу Андерсоны нэрэмжит хүүхдийн зохиол бүтээлийн уралдаан”-д шилдэг номоор шагнал хүртсэн байдаг юм.

/“Дэлхийн хүүхдийн номын зөвлөгөөн буюу Андерсоны нэрэмжит хүүхдийн зохиол бүтээлийн уралдаан”-ны үеэр олон улсын зохиолчдын хамт/

Эдгээр 14 ботид орчуулгын бүтээл багтсан байгаа, энэ тухайд тодруулвал.  Мөн таны зохиолууд хятад хэл рүү орчуулагдсан байх?

-Ер нь би хятад хэлнээс дэлхийн зохиолуудыг орчуулдаг юм аа. Энэ 14 ботид дандаа уянгын болон богино өгүүллэг, зохиолуудаасаа түүвэрлэж оруулсан. Тухайлбал, Эрнест Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” гэдэг Америкийн зохиол бий. Харин хятад хэл рүү бол нэлээд олон зохиол маань орчуулагдсан. Богино өгүүллэгүүд, туужууд, Сүх нохой хүн, Гурав дахь гарагийн тунхаг,  Мантуу баатрын аюул туулсан үлгэр зэрэг нэлээд хэдэн бүтээлүүд минь тус тус орчуулагдсан бий.

Монголд хамгийн сүүлд хэзээ очсон бэ. Ямар арга хэмжээнд оролцсон бэ?

2004 онд очиж Монголын хүүхдийн ордноос, тухайн үед хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн зохион байгуулсан “Лигдэний хүүхдийн уран бүтээлүүд” нэртэй өдөрлөгийн хүрээнд хөдөө орон нутгийн уншигч хүүхдүүдтэй уулзсан. Түүнчлэн аймаг, сумдаар зочлон уран бүтээлчидтэй нөхөрсөг, халуун дотно уулзалт хийсэн.

                 /Хүүхдийн уран бүтээлийн өдрүүд Монгол Улс 2004 он/

Хүндэлж хайрлаж явдаг зохиолчдоосоо нэрлэнэ үү. Ингэхэд шүлгээ хэр бичиж байгаа вэ?

-Өвөр Монголоос На.Сайнцогт, н.Батзориг, Э.Бүрэнбөх, н.Чимиддорж зэрэг ахмад үеийн сайхан зохиолчид минь одоо нэг нь ч алга даа. Би хүүхдийн сайн зохиолчдын бүтээлүүдийг цаг зав гарвал түлхүү уншдаг. Өвөр Монголын зохиолчдоос А.Одсэр 1950 оноос эхлэн хүүхдийн туужууд бичсэн, На.Сайнцогт гуай, н.Хасбарс гуай гээд тэдний хүүхдэд зориулсан олон сайхан бүтээлүүд бидний дунд одоо ч гэсэн уншигдсаар л байна.

Монгол Улсаас Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ч.Лодойдамба гээд нэрлээд байвал барагдахгүй ээ. Хичээл сургуулиар ч дамжиж уншсан, өөрөө ч сонирхож тэднийг уншдаг. Харин шүлгийн хувьд 1980 оноос хойш шүлэг бичих бийрээ амраасан ч, хааяа бичихгүй байж бас чадахгүй юм билээ. Тиймээс энэ ботидоо задгай шүлгийн боть, найраглалын боть, хүүхдийн дуу шүлэг, мөн шүлэгчилсэн бүтээл бүхий дөрвөн ном багтаасан.

                    /МУ Хархоринд сурвалжлагчаар ажиллаж байгаа нь1986 он/

 

                         БИДНИЙ ЗАЛУУ НАС СОЁЛЫН ХУВЬСГАЛ ДУНД ӨНГӨРСӨН

Хүүхэд ахуй насныхаа тухай дурсвал?

Шилийнгол аймаг тэр үедээ Цахар аймаг гэдэг байсан даа. Тэнд л эгэл жирийн айлын хүүхэд ишиг хурганы майлаан дунд өсөж бага насаа өнгөрүүлсэн. 1943 онд төрсөн гэдэг чинь яг л дайны жилүүд таарсан учир амьдрал байдал бас бэрх үе байж дээ. Хожим нь дайн дажин зогсож, цаг сайжирч, соёлын амьдрал улам сайжрахыг дагаад үргэлжлэн суралцсан юм. Харин дунд нь тасралтгүй суралцсаар дараа нь ажилд орсон доо.

                      /Өвөр Монголын яруу найрагч Ц.Цолмонгийн хамт 2005 он/

Таны хувьд амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?

Өөрийн хийж бүтээе гэсэн зүйлдээ зорьж түүндээ чиглэн явах хүсэл тэмүүлэл, зорилго л юм даа. Зорьсон байхад өөрийн биеэ эрүүл чийрэг  байлгах, айл гэрээ авч явах гээд бүх зүйлийг хүн болгодог. Ер нь зорилго байхад бэрхшээлийг давдаг л юм. Тэгж байж зорьсон амжилтандаа хүрнэ. Гэхдээ жаахан амжилтанд хүрчихээд түүндээ сэтгэл ханаж болохгүй. Улам л өөрийгөө дайчлан, хөгжүүлж,  өнгөжүүлэн хичээгээд байх хэрэгтэй. Одоо чинь цаг үе улам сайхан хөгжиж дэвшиж байна. Бид үүнээс хоцрохгүй хөгжих л ёстой. Тухайлбал бидний үед чинь гар утас байтугай телефон утас гэдэг ч байхгүй байлаа. Тэгтэл одоо хүн бүр гар утасгүй бол амьдарахад бэрх болж, би чинь бас үүнийг сураад барахгүй байна шүү. /инээв/

Залуу насныхаа тухай дурсамжаа хуваалцаач, тэр үеийн залуус ямар байв.Та  ямар ажил алба эрхэлж байв даа?

Бидний үе дөчөөс тавин оны хооронд соёлын хувьсгалын дунд гал залуу нас минь хувьсгал хийгээд л өнгөрсөн байдаг юм. Яг тусгай ажлын хувьсгалч биш боловч уриа лоозон барьж жагсаад, хашгираад л завгүй явдаг байлаа. Өөрийн санасан бодсон зүйлээ хийхэд бэрх, улс төртэй заавал уялдаатай байсан цаг. Ингээд шинэ цаг үетэй золгоход нас аль хэдийн тавь хүрчихсээн. /инээв/ Гэхдээ тэгтлээ ч бас их хал зовлон амссангүй. Яахав, бодсон санаснаа чөлөөтэй хэлж чадахгүй, ядуу зүдүү л байлаа даа. Өнөөгийн танай үеийн залуустай огт үлгэрлэхийн аргагүй шүү. Цаг сайхан болжээ. Харин ажил албаны хувьд хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан. Өөрөөр хэлвэл нутаг хошууныхаа тосон барын сэтгүүлийг гаргаж, дараа нь Улаанцавын сонины хороонд, Өнөрцэцэг сэтгүүл зэрэгт олон жил буюу нийтдээ гучаад жил тасралтгүй ажилласан байх юм.

                             /Монгол Улс Тэрэлжид 1986 он/

Таны уран бүтээлийг дэмждэг, хамтран ажилладаг хүмүүсийнхээ тухай сонирхуулбал?

-Олон бий, тэр дундаа хэвлэлийн хороонууд маш их дэмждэг юм . Ардын хэвлэлийн хороо, Соёлын хэвлэлийн хороо, Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, Бээжинд байгаа үндэстний хэвлэлийн хороо, Тунляо дахь хүүхэд багачуудын хэвлэлийн хороо, Улаанхадад байгаа техник мэргэжлийн хэвлэлийн хороо гээд их сайн дэмжиж, номыг минь хэвлэж, шагнал урамшуулал ч өгдөг. Дээрх олон байгууллагад их талархаж, баярлаж явдаг даа.

Одоо цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөний хувьд? 

Ойрын үед Өвөр Монголын Багшийн их сургуулийн нэгэн профессорын богино роман, бас өгүүллэгийн түүвэр редакторлох яаралтай ажлыг хүлээж авсан. За тэгээд нас явсан ч гэсэн амжаад илүүхэн шиг юм бичье л гэсэн бодол байна. Нас гэдэг ч хүнд аргагүй нөлөөлдөг юм байна шүү. Заримдаа ах дүүс үүнийг бичээд өгөөч гээд л юм аваад ирнэ, түүнд нь татгалзаж чадахгүй чадлаараа бичээд өгнө дөө. /инээв/

Та Солонго сэтгүүлийг хэзээнээс мэдэх вэ? Ямархуу ойлголттой явдаг бол?

За энэ сэтгүүл чинь дээр үед багахан хэмжээтэй байсан юм аа. Кириллээр гардаг, хоёр улсын хооронд мэдээлэл солилцдог том сэтгүүл. Тааралдвал уншчихна аа. Танайх бас утга зохиол, яруу найргийн тухай гаргаж байгаа нь их сайхан явдал. Одоо өнгө төрх нь ч их сайхан болжээ. Цаашид улам илүү уншиж байя гэж бодох болсон.

Ярилцлагын төгсгөлд манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

Цаашид өөрийн бүтээлээ сайтар бичиж, уншигч олондоо ахиухан хүргэхсэн, өргөн олон уншигч, номын ах дүү нартайгаа аль болох холбоотой байя л гэж хичээж байна. Бичье гэсэн санаа их байвч, чадал бас буурч байна шүү. /инээв/

Дашрамд нь өгүүлэхэд, намайг ингэж зорьж ирж сурвалжилж байгаад их баярлахын сацуу сэтгэл ихэд хөдөлж байна. Танай сэтгүүл улам олон уншигчидтай болж, хоёр улсыг холбох сайн үйлсэд тань маш их дэвшилт гаргах ерөөлийг өргөе дөө.

Баярлалаа. Таны уран бүтээл, бичиж туурвих их үйлсэд тань амжилт бүтээлийн дээдийг хамт олныхоо болон уншигчдынхаа өмнөөс хүсье.

                                                    Ярилцлагыг бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД

 

 

 

 

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл