Намрын хадлангийн цагаар “Аль газрын хүн ч өвсөө аль болох хурдан оруулаад авбал нэг ажил дуусна” гэж хөдөөгийн малчид минь утас холбоо барьж өвс ачиж тээх машин эрж хайна.
Баруун Үзэмчин хошууны Баян хошуу сумны Сайхан нуур суурингийн малчин Билигбаатар вичатаа үзэж байгаад “өвс ачиж тээнэ” гэсэн нэг зарыг олж хараад зар мэдээнд үлдээсэн утсаар залгаж “Та нар сайн байна уу? Өвс тээж байна гэсэн үү? Одоо хаана байна вэ?” гэхэд “Бид одоо Зүүн Үзэмчин хошуунд байна. Бидний гурван машин хамт явж байгаа. Маргааш хошуунд очно” гэлээ. Өвс тээлгэх машин амархан олсондоо малчин Билигбаатар баярласан ч “үнэхээр ирэх бол уу? Одоо цаг гар утсаны богино мэдээ үнэн худлыг мэдэхгүй шүү” хэмээн бас санаа зовж сууна. Маргааш өглөө нь тэднийг өглөө эрт цайгаа ууж байтал гадна нь машины дуу гарч гурван том өвс тээх машин ирж зогсов.
Машины дуу сонсоод Билигбаатар гуайн баярласан гэж “Яасан итгэл найдвартай хүмүүс вэ?” хэмээн амандаа ярьсаар гэрээсээ гарч, өвс тээхээр ирсэн залуусыг угтан авч гэртээ орлоо. “Бид Үзэмчин нутгаар өвс тээх ажил хийгээд гурван жил болж байна” гэж Улаанхад хотын Байрин зүүн хошуугаар нутагтай Журамт цай уух зуураа ярив. Журамт тарианы ажлынхаа чөлөө заваар дүү Цэнгэлт, Соёлт нартайгаа Үзэмчин нутагт ирж өвс ачиж тээх ажил хийдэг байжээ. “Бидний нэг машин дээр 30 жингийн боолттой өвсийг 450-600 боолт тээж, гурван тэрэг нэг удаад 1000 гаруй боолт өвс ачдаг болохоор малчид биднээр тээлгэх дуртай” гэж Журамт ярин ажилдаа гарав.
Ах дүү гурав тарианы ажлын чөлөө заваараа өвс ачиж нэг намрын хугацаанд 30-40 мянган юань цэвэр орлоготой нутаг буцдаг гэнэ. Ах дүү гурав Билигбаатарын өвс, тус суурингийн Ёндон гуайн өвс, суурингийн өвс гээд 30 мянга гаруй боолт өвсийг тээж дуусаад Баянцагаан, Булган зэрэг суурингаар өвс ачихаар явав. - Бид одоогоор 40 мянган боолт өвс ачсан байна. Цас эрт орохгүй бол 100 мянган боолт өвс тээхэд асуудалгүй гэж Цэнгэлт ярив.
Хүний нутагт хүч хөдөлмөрөөрөө ашиг орлого олж яваа харь нутгийн гурван залуугийн сайхан үйл ажиллагааг олон нийтээрээ магтаж байв. Тэдний үйл ажиллагаа нь мөн нутгийн дүү нарт хөдөлмөр хүнийг голохгүй хийж зорьж чадвал ямар ажил хийсэн ч адилхан орлого олж чадна гэдгийг эрхгүй харуулна.
