
Хэнтий аймгийн Чингис хотод Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форумыг наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Энэхүү форум нь "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг эрчимжүүлж ирээдүйн хөгжил дэвшилд хамтдаа" сэдвийн дор болох юм.
Тус форумын талаар өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Чингис зочид буудлын “Тэмүүжин” танхимд хэвлэлийн бага хурал хийлгэж, тус форумын үйл ажиллагааны талаар мэдээллээ.
Энэхүү хэвлэлийн бага хуралд БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ы Ардын засгийн ордны хэвлэл мэдээллийн албаны хэлтсийн дарга Циао Саньван, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны III нарийн бичиг Хүчирхэг, Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг нар оролцож, тус форумын талаар мэдээлэл өглөө.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн.
Уг хөтөлбөрийн “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо” хэсэгт, Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форумыг жил бүр харилцан зохион байгуулна, мөн ХМБ-ын төлөөлөгчид харилцан айлчлах, мэдээ, мэдээлэл, сурвалжлага хийхэд шаардлагатай хөнгөлөлтийг тухайн улсаас үзүүлнэ гэж тусгасан байна.
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны тус хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд МСНЭ, Хятадын сэтгүүлчдийн холбооноос хоёр орны хэвлэл мэдээллийн форумыг харилцан зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.
Тус форумыг өнгөрсөн жил БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн хэвлэл мэдээллийн алба Алшаа аймагт амжилттай зохион байгуулсан.
Хэнтий аймгийн Чингис хотод болох энэ удаагийн форумд Монголын талаас, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, ГХЯ-ны Газрын захирал Х.Мандахцэцэг, орлогч захирал Г.Байгальмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон ТББ-ын удирдах ажилтнууд, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба тэргүүтэй тус аймгийн төлөөлөгчид оролцох юм.
Мөн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, “Үндэсний мэдээ” сонин, News.mn, Mglnews.mn, Solongonews.mn зэрэг төвийн болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдах ажилтнууд, сэтгүүлчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцоно.
Түүнчлэн БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба /ХМА/-ны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ы Хорооны Байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга, ӨМӨЗО-ы Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга, хатагтай Улаан, Хятадын Төрийн зөвлөлийн ХМА-ны дэд газрын дарга Жан Чян болон Хятадын Төрийн зөвлөлийн ХМА, Шиньхуа агентлаг, Хятадын Ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, CCTV, Өвөрмонголын Радио телевиз, Өвөрмонголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ болох аж.
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форумд хоёр талаас Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор хэвлэл мэдээллийн орчин үеийн хөгжил, нийгэм дэх нөлөө болон тус салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцох юм. Мөн тус салбарын цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх арга замын тухай илтгэлүүд тавьж энэ сэдвээр хоёр тал харилцан санал бодлоо дэвшүүлж, нэгдсэн зорилтоо тодорхойлох юм.

