Соёлцэцэг 1974 онд Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Цагааннуур багийн малчин айлд заяажээ. Монгол нутгийн хүмүүс гэдэг хүүхэд багачуудаас эхлээд хөгшин настай буурлууд хүртэл бөхөд дуртай байдгаар Соёлцэцэг ч бөхийн наадмыг багаасаа үзэж сонирхон хорхойтой байсан бөгөөд 1994 оны Цагааннуур сумын наадамд хүрэхдээ наадмын чимэг болсон бөх Хадаатай анх танилцсан байна. Хувь ерөөлтэй учралд ямар ч саад болж чаддаггүй гэдгээр хоёр жилийн дараа тэд тоонот гэрт толгой холбосноор Булаг сумын Жаргалант багт Хадаагийнх гэсэн нэгэн малчин айл нэмэгдэв.

Бөх хүн гэдэг гадна дотно уралдаан наадамд явах нь тасардаггүй юм. Энэ байдалд Соёлцэцэг нөхрийнхөө бөхийн үйлсэд дэмжлэг болж, ар гэр үр хүүхдээ сайн сайхан авч явахаар чармайсаар иржээ.
“Нөхөр маань уралдаан тэмцээнд явахдаа түүнийг ар гэртээ санааширч, ажилдаа саад болохоос нь хичээдэг. Тиймээс айл гэрээ авч явах талаар илүү их хичээж явдаг” гэж Соёлцэцэг бөхийн ажил үйлсэд хэрхэн түшиг болж явдаг талаараа ярилаа. Соёлцэцэг мал дээрээ байгаа малчин бүсгүй учир сүүлийн жилүүдэд 1000 гаруй бог мал, 100 гаруй бод малтай том гэр бүлийн мал аж ахуйн талбай байгуулсан байна. Чөлөөт цагаараа мөн хошууны төвд эгч дүүстэйгээ хамтран монгол оёдлын газар ажиллуулж, оёдол үйлд шамддаг. Нөхөр болон хүүгийнхээ хувцас өмсгөлийг үргэлж өөрөө оёж бэлтгэдэг. Ийм нэгэн бүсгүй олон жилийн турш аваргын ар гэрийг додомдон, ажил үйлсэд нь түшиг болж явжээ.
“Миний бодлоор гэр бүл эвтэй байх нь хамгийн чухал. Би айл гэрээ сайхан байлгаж, өрөө хүүхдээ сайхан сургах гэхчлэн бүх талд чармайж, сайн сайхныг бүрдүүлж явна гэж боддог. Айл гэрээ сайн сайхан авч явдаг бүсгүй бол хамгийн сайхан монгол бүсгүй гэж би боддог. Би олон жилийн турш мөн үүний төлөө чармайсаар ирсэн. Мөн олны дунд од болж гялалзаж яваа аваргын эхнэр болохоор хичээж, чадах чинээгээрээ бусдад сайн сайхан үлгэр дуурайл болохыг хичээдэг гэж Соёлцэцэг сэтгэл догдлон ярив.
“Санаа зөв бол заяа зөв” гэдгээр айл гэрийн хагас тулгуур болсон бүсгүй, аваргын үйл хэрэгт дэм болсон Соёлцэцэгийн ухаан олон олон монгол бүсгүйчүүдийг сайны зүг дагуулж, сайхан нөлөө үзүүлнэ гэдэг нь зайлшгүй.
