Эрээн хотын боомт 2013 онд Хятад – Европ чиглэлийн галт тэргийг ажиллуулж эхэлснээс хойш энэ оны 09-р сарын 11-ний өдрийг хүртэл нийт 220 тэрбум гаруй юаний өртөг бүхий 12 сая тонн бараа бүтээгдэхүүнийг ачсан 13 мянга гаруй удаагийн галт тэргийг ажиллуулсан байна.
Өнөөдрийн байдлаар 2023 онд Эрээн хотын боомтын гаалийн алба нь Хятад – Европ чиглэлийн нийт 2178 удаагийн галт тэргийг хянан шалгаж, 36.5 тэрбум юаний өртөг бүхий 2.5 сая тонн бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс тус тус 27.52, 45.23, 42.75 хувиар нэмэгдсэн ба дараалан 8 сар тогтвортой өссөн байна.
Энэ жил 30 мянга гаруй тонн арвай, овьёос, маалингийн бүтээгдэхүүн анх удаа Хятад - Европ чиглэлийн буцах галт тэргээр импортлогдсон бөгөөд целлюлоз, бордоо зэрэг импортын олон төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээ 20 хувиас дээш нэмэгдсэн байна.
Эрээн боомт бол Хятад, Монголын хамгийн том эх газрын боомт бөгөөд Хятад - Европ чиглэлийн галт тэрэгний цорын ганц хил дамнасан боомт юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 69 шугамаар ажиллан, Герман, Польш, Монгол зэрэг 10 гаруй орны 60 гаруй бүс нутагт хүрч, хувцас, гутал, малгай, машин механик, наран цэцгийн үр, автомашин ба автомашины сэлбэг тоног зэрэг 1000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн байна.
Хятад - Европ чиглэлийн галт тэрэгний гаалийн бүрдүүлэлтийг хурдацтай явуулж, олон улсын логистикийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг баталгаажуулахын тулд Эрээний гаалийн алба нь Хятад - Европ чиглэлийн галт тэрэгний үйл ажиллагааны явцыг тасралтгүй сайжруулж, ухаалаг хяналтын тоног төхөөрөмжийн хэрэглээг дэмжин, Хятад - Европ чиглэлийн галт тэрэгний цаасгүй цахим мэдээллийн загварыг бий болгосноор галт тэрэгний үйл ажиллагааг үр дүнтэй хурдасгасан байна.
Дараагийн алхамд Эрээний гаалийн алба нь бодитой байдлаа үндэслэн хариу арга хэмжээ авах, Хятад - Европ чиглэлийн галт тэрэгний эерэг хөгжлийн чиг хандлагыг тогтвортой байлгах, ухаалаг боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх, олон улсын логистикийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хангах зэргээр дамжуулан “Бүс ба зам”-ын өндөр чанартай хөгжлийг дэмжихэд илүү их хувь нэмэр оруулахаар хүчин зүтгэж байна.
