solongonews
Хотын “Саальчин бүсгүй”
2022-07-20 11:59
Хотын “Саальчин бүсгүй”

   Техник технологи асар их хөгжсөн өнөө цагт “Би юу хийж чадах билээ, яажшуухан амьдралаа улам сайжруулах вэ” гэж бодож яваа хүн зөндөө. Тэдний нэг нь Улаанцав хотын Дөрвөд хошууны Сувданхуар. Тэрээр олон жил гэрийнхээ бүх ажлыг зохицуулж яваа эгэл жирийн нэгэн ардын багш. Нөхөр, сургуульд сурч байдаг хүүгээ халамжлан сайн хань, сайн ээж байхын үүрэг хариуцлагаа хичээн биелүүлсээр ирсэн. 2018 онд хүүгээ их сургуульд орсны дараа л нэг зав чөлөө гарч одоогийн “Хуарын цагаан идээний дэлгүүр”-ээ хошуундаа нээж эхэлсэн байна. Тэр цагаас хойш ”Хотын саалчин бүсгүй” болсон Сувданхуар өглөө бүр хошууны захад үхэр тэжээдэг фермханы хүргэж ирдэг үнээний сүүг тосч авснаар түүний нэг өдрийн хамаг ажил эхэлдэг.

  Бага наснаасаа тугал бяруутай тоглож, хөдөө нутгийн ажил хөдөлмөрт маш сайн хүмүүжсэн Сувданхуарын хувьд сурсан дуугаа дуулаад явах нь илүү амар санагдсан  болохоор сааль сүүний ажилдаа дахин буцаж орсон нь энэ. ”Боломж нь байгаад хийж чадаж байвал хөдөлмөрлөх л хэрэгтэй" гэж үргэлж бодож явдаг Сувданхуар өнөөдөр өөрийнхөө мөрөөдлийг “Хуарын цагаан идээний дэлгүүр”-ээрээ биелүүлж явна.

   Сувданхуар уламжлалт аргаар шар тос, өрөм, хурууд, зөөхий, цагаан тос, шар сүүний чихэр зэрэг арав гаруй төрлийн цагаан идээ боловсруулж, зах зээлд нийлүүлж байна.

Сүүлийн жилд Дөрвөд хошууны төвд цагаан идээ хийдэг хүмүүс жилээс жилд олон болж, сүү сүүн бүтээгдэхүүн борлуулдаг том үйлдвэр дэлгүүр нээгдсээр байгаа ч Сувданхуарын жижигхэн дэлгүүрийн хэрэглэгч жил ирэх тусам нэмэгдэхээс биш буурч байгаагүй. Үүнийхээ л цаад  нууцыг нь асуувал том үйлдвэр дэлгүүрүүд сүү бэлтгэн нийлүүлэхдээ өөрийн гэсэн онцлог технологийг ашигладаг бол тэднийх жижигхэн дэлгүүрийн хэмжээндээ технологийг нарийн мөрдөөгүй цагаан идээгээ уламжлалт гар аргаар хийдэг болохоор амт чанар нь байгалиараа сайн байдаг, жилд багадаа 50 мянган юаний цэвэр орлоготой гэж даруухан ярьж байлаа. Сүү, сүүн бүтээгдэхүүн их эмзэг, тэр дундаа Сувданхуартай адил хувь хүний жижиг дэлгүүрийн  бүтээгдэхүүн бүр эмзэг. Учир нь тэнд нэг ч бүтээгдэхүүнд ямар нэгэн тогтворжуулагч, өнгө оруулагч зэрэг хадгалалтын хугацааг уртасгах  нэмэлт бүтээгдэхүүн   химийн   бодис    огт  хийгддэггүй. Цэвэр сүүгээрээ л хийдэг.

   Сүүний  нийлүүлэлт  улирлын хамааралтай байдаг учир зундаа элбэг, өвөлдөө олдоц тааруу. Үүнээс хамаараад сүүний үнэ ханш нь  ховор үедээ  өсдөг,  элбэг үедээ буурдаг зах зээлийн олон асуудал байдаг ч  хүний биед хэрэгцээтэй амин дэм, илчлэг тэжээллэг чанараа бүрэн агуулсан бүтээгдэхүүнийхээ ачаар түүнийг зорьж ирдэг олон хэрэглэгч нь Сувданхуарт энэ үйлсээ улам сайн хийх  итгэл найдвар өгсөөр байдагт тэрээр үргэлж баярлаж явдгаа илэрхийлсэн юм.  “Юу тарина түүнийгээ хураана” гэдэгчлэн түүний хичээл зүтгэлийн хариу зөвхөн Дөрвөд хошуундаа борлуулдаг байсан бизнес нь улам тэлсээр одоо бусад  газар орноос ч захиалга ирдэг болжээ.

 

 

Зохиогч: Нийтлэл:Х.Баянмөнх, Ц.Урантунгалаг, Б.Сурнаа
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл