Мөнгөн цагаан өвлийн өнгө нутагт саатахад л дэрс бут ихтэй нөмөрлөг газар сонгож өвөлжин суудаг маань 70-аад оны сүүлийн үе бөгөөд миний хамгийн суух дуртай өвөлжөө бол талыг бүрхэн ургасан говийн цагаан дэрстэй нутаг. Надад хамгийн өег тавтай сайхан санагддаг юм. Хүүхэд нас маань тэр говийн цагаан дэрсэнд нөмөрлөн хоргодож, цан савсуулсан өвлийн өглөө мөнгөн цагаан хөлмөг гялалзсан цагаан дэрс л намар цагийн тогтуухан өнгөтэй налгаршдаг нь хачин сайхан.

Үүрийн жаварт өвлийн тэнгэрийг уясган намирах аргалын цэнхэр утаа, хүүхэд насыг саатуулсан таван ханатай гэр, есийн хүйтэнд туурга нэвт дүрэлзэн илчигнэх төмөр зууханд хоргол хүрчигнэн ноцож, хар ширмэн тогоонд эхүүн цайгаа буцалгаж гуулин шанагаар цайгаа самран бөгцгөнөх ээж, говийн дэрсэнд аргамжиж хоносон хонины бороо хөтлөөд ирэх аав, ээжийнхээ цай аягалахыг анзааран тулгаа тойроод суух миний ах дүүгийн хөөрхөн төрх, тэртээ хар Чулуутын зүүн хажуугаар хэдэн нохой дагуулсан хоёр морьтой хүн гэнэт ташуур эргүүлэн урагш давхихад хэдэн ноход хол сумдан цуварч говийн дэрсэнд ормогц ангийн олзоо алдаж ам нь ангалзан ийш тийш харах, сум орж ам хүнс авахаар явсан хөрш айлын Жаргал авга үхэр тэргээ хөтөлж наашлах холын бараа ёстой зургийн үзэсгэлэн буюу зүүдний таталган юм.
Тэр өдрийн нар Хонгор овооны зүүн сугаар улбартан байж жаргав. Манайх дэрсний нөмөрт хагас даллаж барьсан бургасан хашаанд хоньдоо хашиж, ээж гурван нохойдоо хувь хувьд нь хоол хувааж, гэртээ орж ирэн тосон дэнгээ асааж тэмээн унгасан түүдгээсээ ээрүүлээ гаргаж утас ээрч суулаа. Шөнө салхигүй нам намуухан боловч жихүүн, хаяа нэг нохой хуцах дуун алсад дуулдана. Эргэцүүлэн дурсахад л зохиосон гэмээр энэхүү агшинд би олон зүйлийг тунгааж сууна.
Удам дамжин үе улиран нутагшсан Хөлмөгтэй говийн цагаан дэрс, Үзэмчин нутгийн уул хайрхад яг л сахлаа имрээд завилж суусан аймаг усны минь настай буурлууд шиг нүдэнд ээлтэй харагддаг. Үүрийн жаварт толгой дүүрэн мөнгөн хөлмөг дохилзуулсан байрыг бараадаж, манайх өвөл өвлийн шар нарыг аяархан угтаж алгуурхан үдсээр он удаж энэ говийн дэрсэнд ижилхэн заяатай юм шиг оршиж, хувь тавилантай юм шиг дотно санагдах билээ. Тэр үед манайх нэг буусан бууцандаа гурван сар суудаг бол дөрвөн улирлаар нутаг сэлгэн нүүдэллэж явахад энэ нутаг ус гэж солонгорон мяралзаж, өвс бэлчээр гэдэг чинь дөрөө шүргэм найгаж, нуур бүрд, гол горхи загас жараахайгаар дүүрч, Сарантын ар хөндий, Хужиртын гол, Оюутын энгэр зэрэг сайхан алдартай газар нутгаар дээвэр туургаа давхарлаж, мал сүргээ дэрсний нөмрийг ашиглаж бургасан хашаагаар халхавч барьж, ээж бид хоёр намаржааны нутгаар намрын аргал хорголыг гайгүй сайн овоолж үхэр тэргээр тээж авч ирэн, өвлийн бэлтгэлээ сайн хийдэг байсан юм.
Ээж нар салхинд харлаж борлосон царайндаа баярын инээмсэглэлтэй, энгэрээс нь сүү үнэртсэн хөх даавуу тэрлэг дээрээ сэмэрхий шар бүс бүсэлж, хагас цайсан гэзэг үсээ хэзээд гурваар гүрж, тохоо тойруулан магнай дээрээ солбицуулан уяж, дээр нь цайвар өнгөтэй утсан алчуур ороож, хөлдөө туж ногоон сарьсан хавчаартай эсгий оймстой хүрэн булгаар гутал өмсдөг. Хэзээ хаана явсан ч хар үхэр тэргээ хөтөлж, ачир үрсээ хүний зэрэгт хүргэхээр амьдралын олон хатуу бэрхшээлтэй он саруудыг туулж, хагарч эвэршсэн мойног хуруугаараа энэ айлын амьдралыг өөд татаж явсан дорвилог бүсгүй юм. Гэхдээ ээжийг минь надаас илүү он цагийн хувьсалт, оосор бүчгүй орчлонгийн замаар орчин ээлжлэх он жилүүд хийгээд есийн хүйтэн тачигнасан мөс цас холилдсон Хөлмөгтэй говийн өвөлжөө илүү сайн мэдэх байх даа, хөөрхий.
Хүүхэд насаа нүүдлийн амьдралтай хамт аргадаж өссөн надад нутаг усныхаа ахмад буурлуудаас хүн болохын гүн ухааныг өвлөж сурснаас энэ нутгийн юу нь ч ховор нандин санагддаг. Уулсын нуруудыг мөнх дэрлэж хэвтсэн жижиг жижиг борхон чулууд ба манхан цөхрөг салаа нь бууралтан шажигнах өвгөн хайлаас нь хүртэл сэтгэлийг аргамжихаар өнтэй өвлийн өлчирхөн бор өдөр хоногууд, дэдгэр эх байгальтайгаа эв зохицсон хөөрхөн бор туулай, үнэг, гургуул, бутны болжмор, өглөө бүр өрхөө сөхөхөд халуухан чимээтэй ирдэг алаг шаазгай тугалын хороо, аргалын овоон дээр бууж шаг шаг шагшиж энэ өдрийн өлзий мэндийг хүргэж ирээ ч юм шиг. Монгол амьдралын бор зургийг зүрхэнд дэлгэсэн миний нутгийн Хөлмөгтэй говийн өвөлжөө мөнхийн дурдатгал үлдээсээр зүрхэнд эрэгдэнэ билээ.
Манайх Үзэмчиний энэ домгийн сайхан нутаг усанд үе улиран нүүдэллэн амьдарсаар ирсэн эзэн хүмүүс. Би энэ л говийн сайхан нутагтаа эзэн суун, мөн бор туулайтайгаа, ан амьтантайгаа, уул талтайгаа, зүдүүхэн зүс зүсээрээ танилцаж, зүрх зүрхээрээ найзархдаг айл саахалттайгаа, дөрвөн цагийн нүүдэлдээ хаяа хаяагаа дарж буулцдаг аймаг усны элгэн түмэнтэйгээ заяагаа холбоном. Буурлын минь чихэнд шивнэсэн “Хүний газрын торгоноос, өөрийн газрын даавуу зөөлөн” гэдэг нандин сургаал яс махыг чангаруулж, Хөлмөгтэй говийн өвөлжөөний хөлдүү хөрс нь ган шиг тачигнаж байвч зүрхэнд халуухан санагдах амьллын өнгөтэй энэ газар нутаг л алтнаас үнэтэй санагддаг юм даа. Миний сайхан Хөлмөгтэй говийн өвөлжөө минь, амь амьдрал үүрд ээнэгшин тогтнох Хөлмөгтэй цэнхэр говь минь, хүмүүн заяаны алтан туйлыг үүрд намуухан хайлна даа.
