БНХАУ-ын Сангийн яам, Ой шугуй, нутаг бэлчээрийн үндэсний товчооноос саяхан “Ой шугуй, өвч бэлчээрийн экологийг хамгаалах, нөхөн сэргээх сангийн захиргааны арга хэмжээ”-г хамтран гаргажээ. Тус арга хэмжээнд тариалангийн талбайг ой болгон нөхөн сэргээхэд хамрагдсан нэг мү (1 мү гэдэг нь 1/15 га) тутамд 1200 юанийн нөхөн олговор, тариалангийн талбайг бэлчээр болгон нөхөн сэргээхэд хамрагдсан 1 мү тутамд 850 юанийн нөхөн олговор олгоно гэж тогтоожээ.
Тодруулбал, тариалангийн талбайг ой, өвс бэлчээр болгон нөхөн сэргээх шинэ арга хэмжээнд хамрагдан, арга хэмжээг хэрэгжүүлж буй тариаланчдад бэлэн мөнгөний нөхөн олговор олгох болно. Гэхдээ тариалангийн талбайг ой болгоход хамрагдсан мү тутмын 1200 юанийг таван жилийн дотор гурван удаа хувааж олгоно. Тухайлбал эхний жилд 500 юань, гурав дахь жилд 300 юань, тав дахь жилд 400 юань олгоно. Мөн нутаг бэлчээр болгон нөхөн сэргээхэд хамрагдсан мү тутмын 850 юанийг гурван жилийн дотор хоёр удаа хувааж олгохдоо эхний жилд 450 юань, гурав дахь жилд 400 юань олгох юм байна.
Ой шугуй, өвс бэлчээрийн экологийг хамгаалах, нөхөн сэргээх санг ихэвчлэн байгалийн ойн нөөцийг хамгаалах нийгмийн даатгал, байгалийн хамгааллын төслүүдийн нийгмийн зарлага, байгалийн ойг бизнесийн зориулалттай ашиглахыг зогсоох, тариалангийн талбайг ой болгон нөхөн сэргээх бодлогыг боловсронгуй болгох, тал нутгийн экологийг нөхөн сэргээх, экологи, байгаль орныг хамгаалагчид, үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг талд ашигладаг байна.
