solongonews
Малчдын ”Баатар” мал аж ахуйн хошууч
2016-11-10 16:22
ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X их хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 11

Нуурын ус нь тунгалаг бол нутгийнхаа чимгээ, нутаг ус нь гоёхон бол хүн ардынхаа жаргал. Авга хошууны Хонгор гол суурингийн Саруултуяа багийн малчин Тин.Баатарынд хүрэхэд ийм сэтгэгдэл эрхгүй төрнө. Энд тэнд нь элсэн дов цайран харагдавч эргэн тойрноор нь өвс мод найгаж бут сөөгтэй ийм нэгэн элсэн хотгорт эднийх суурьшиж, яг л аясын салхин дахь өвсний найгаа, шувуудын жиргээ, мал сүргийнхээ бэлчээрлэхийг чагнан баймаар нам тайван. Зочны өрөө, гал тогоо, албан өрөө, машины агуулах гээд хувь хувьд нь салган тус тусад нь байгуулаад төсөвтэй төлөвлөгөөтэй хүний юу бүхэн нь эмх цэгцтэй байдгийг үзүүлнэ.

“Жанжны хүү, малчдын баатар” хэмээгдсэн Тин.Баатар бол Өвөр Монголын цэргийн тойргийн комиссар, Өөртөө Засах Орны Намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга асан Тин Маогийн хөвгүүн. 1974 онд Саруултуяа багт сэхээтнээр бууж, энд нутагшиж айл бүл болоод багийн орлогч дарга, засаг дарга, Намын хорооны нарийн бичгийн дарга зэргээр бүтэн 40 жил ажиллаж, энэ нутгийн малчин ардын орлогыг нэмэгдүүлэн амьдралыг дээшлүүлэх, мал бэлчээрийг сэлбэж байгаль орчныг сэргээх, мал аж ахуйн арга хэлбэрийг өөрчлөн үр ашгийг нэмэгдүүлэх гэж оюунаа хөдөлгөн, тамираа шавхан мэрийн зүтгэжээ. Малчин олондоо ийнхүү зүтгэж явсан тэрээр 2002 оноос одоог болтол “Хятад улсын гурвыг төлөөлөх чухал үзэл санааг хэрэгжүүлсэн жишээч”, “Хятад улсын хөдөлмөрийн жишээч”, “Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших Хятадыг догдлуулсан зуун хүн” зэрэг төр гүрний яруу алдрыг хүртсэн нэртэй хүн болж, Намын XVII, XVIII удаагийн их хурлын төлөөлөгчөөр сонгогдож, 2002 онд Өөртөө Засах Орны Намын хорооноос орон даяар Тин.Баатараас суралцах үйл ажиллагаа зохион байгуулах тогтоол гаргасан байдаг.

Тин.Баатарыг сурвалжлахдаа бид түүний “Туурайн онол”-оороо мал маллах арга барилыг өөрчлөх ба түүний үр ашиг, гаргасан өөрчлөлтөөр голлон ярилцав. Хүмүүс урт хугацаагаар бэлчээрийн даацаас хэтрүүлэн малласаар бэлчээр муудаж, нутаг цөлжсөнөөс нэг үхэр маллавал таван хонь малласантай тэнцэнэ. Гэхдээ нэг үхрийн дөрвөн туурай бэлчээрийг эвдэх нь таван хонины хорин туурайнаас хол дээр. Тэрчлэн арчлан маллахад хэрэгтэй хүний хүч, өвс бордоог их хэмнэнэ хэмээн тэр мэдэж, энэхүү “Туурайн онол”-оо дурдан малчдад ухуулж, 2002 оноос өөрийн 300 гаруй хонио зарж сайн үүлдрийн үхэр оруулж маллан өөрөө үлгэр дуурайл үзүүлэв. 3.95 сая метр квадрат бэлчээрээ долоо найман хэсэг болгон хүрээлж, сэлгэн маллах, ээлжлэн маллах зэргээр хамгаалах, сэргээх арга авсан бөгөөд үхрийн тоогоо хязгаарласнаар бэлчээр хадлан нь жилээс жил сэргэн сайжирсан байлаа. Бэлчээр ус сайжирвал мал сүрэг өнөр өсөж, малын орлого нэмэгдэх нь тодорхой. Одоо Саруултуяа багийн малчдын маллаж байгаа малын ихэнх нь үхэр болж, 2002 онд иргэн бүр дунджаар 700 гаруй юанийн орлоготой байсан бол 40 мянга болж нэмэгджээ.

Өвс тэжээлийн нөөцийн тухай Тин.Баатар:

- Би өвсөө хадахаас биш тээж оруулдаггүй гэж биднийг мэл гайхуулав. Өвсөө хадаад газарт нь оргиж, үхрээ тэнд нь бэлчээрлүүлдэг гэнэ. Өвс тээх ажил гарахгүй. Мөн үхэр малын ялгадас нь бэлчээрт бордоо болж дараа жилийн өвс бэлчээрийн ургацад шим болдог гэж байна. Тин.Баатар гэж ийм л бүтээлч сэтгэдэг хүн байжээ. Ийнхүү тэдний үнээ тугал нь тарга хүч сайтай, айлын тугал 3000 юаниар зарагддаг бол тэдний тугал 6600 юань хүрдэг ажээ. Тэдний үнээд тарга хүч сайтай болохоор тугалсны дараа даруй ороо орж хээл тогтдог тул үржлийн үеллийн хугацаа богино болж, жилд тавиад тугал зарж 300-аад мянган юанийн орлого олдог байна.

- Малчид маань мал үхэж сүйдэхээс айна. Би бол харин малын тарга буурахаас айна. Олон тэжээж орлогоо нэмэгдүүлэх үзэл бодлыг эрхбиш өөрчилж, цөөн боловч чанар сайтай шилдэг үүлдрийг тэжээх хэрэгтэй гэдгийг би малчиддаа байнга ухуулдаг. Ингэж бэлчээрийг хамгаалж, орлогоо нэмэгдүүлэх баталгаатай болно гэж тэр ярилаа.

Бид түүний машины агуулахад орж үзэхэд машин тоногийг сэлбэн засах тоног төхөөрөмж бүрэн гүйцэд байснаар Тин.Баатар бүхнийг хийж чаддаг олон ур чадвартай хүн гэж мэдлээ. Тэрээр гэртээ байгаа халаалтын тоног төхөөрөмжөө бүгдийг удирдлагатай болгон өөрчилж гар утастайгаа холбоод хаа хол явсан ч нээж хаахыг гар утсаараа удирддаг болсон гэдэг. Өөрийн нүдээрээ харахгүй бол үнэхээр итгэмгүй байлаа.

Ийм сайн манлайлагчийг малчид тавих дургүй нь тодорхой. 2015 оны багийн сонгуульд тэрээр дахин багийн засаг даргаар сонгогдсон боловч нас сүүдэр жаран нэг болж, төрийн тогтоолоор бол тэтгэвэрт гарах болсон бөгөөд залуу үеийнхэндээ боломж олгох зорилгоор Намын хорооны нарийн бичгийн даргын тушаалаа орхисон гэдэг. Ажлаа тушаах үеэр Тин.Баатар 2003 оноос эхлэн өөрийн үүсгэн байгуулсан ядуурлыг бууруулах “Саруултуяа үхрийн компани”-ийн малаар малчдыг дэмжиж 85 хувийн өрхийг мал сүрэгтэй болгосон байна.

Зохиогч: Жигмэд, Бүрэнт, Шинэвилэг, Цовоо
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл