Тус сургуулийн өсвөр насны хүүхдийн хичээлийн тэнхимд залуу гэр бүлүүдийн оролцоотой “Өлгий ” сэдэвт монгол соёлын хичээл заасан байна. Уг хичээлийг тус сургуульд гуч гаруй жил багшилсан ахмад багш Мянгад Хүүдүүт орлоо.
ӨМӨЗО-ы Улаан-Хад хотын Ар Хорчин хошууны Монголчуудын дунд өргөн хэрэглэгддэг нярайн өлгийн үүсэл гарал, төрөл зүйл , бүтэц , хүүхэд өлгийдөх бүх явцыг хичээлд оролцсон залуу гэр бүл болон сурагчдад заан тайлбарласан байна. Үүний зэрэгцээ хүүхдэд нагацын талаас өлгий бэлтгэн зээгийн талд хүргэн өгдөг зан үйлийн талаар ч жүжиглэн үзүүлж багшийн зүгээс өв соёлын элементүүдийг заан сургажээ.
“Мянга сонсохоор нэг үз” гэдэг ардын хууч үг бий. Тиймээс ч гараар барьж, нүдээрээ харсан хүүхдүүд өлгийн талаар илүү тодорхой ойлголттой болж чаджээ. Мөн Ар Хорчин монголчуудын хүүхдээ нутгийн шороогоор хурайлан өлгийдөх ёсыг энэ удаагийн хичээлээр заажээ.
Хичээл өндөрлөх үеэр Мянгад Хүүдүүт багш сурагчиддаа өсөж төрсөн өлгийгөө, өнө мөнхийн нутаг усаа, соёлын эх торгон өлгий болсон эх сургуулиа хэзээ хаана ч хайрлан санаж байхын учир утгыг сурагчиддаа захин хэллээ. Ийнхүү Улаан-Хад аймгийн Ар Хорчин хошууны “Цаваг туршилтын баг сургууль”-н өлгий хичээлийн фото сурвалжилгыг хүргэж байна.






