Хятадын баруун хойд хэсэгт орших Шиньжян-Уйгурын өөртөө засах орон энэ жил жуулчдын хөл хөдөлгөөнд дарагджээ. Оны эхний 10 сарын байдлаар дотоод, гадаадын 200 сая гаруй жуулчин тус нутагт аялсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 42 хувиар өссөн үзүүлэлт гэж нутгийн удирдлагууд мэдээллээ.
2019 оны эхний 10 сарын байдлаар аялал жуулчлалын орлого 341.7 тэрбум юань буюу 48.7 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад, аялал жуулчлалын орлого ч мөн 40 гаруй хувиар огцом өссөнийг орон нутгийн Соёл, аялал жуулчлалын хэлтсээс мэдэгдлээ.
Шиньжян-Уйгурын өөртөө засах орон нь олон угсаатны өлгий нутаг төдийгүй, өвөрмөц ёс заншил, байгалийн үзэсгэлэнт тогтоцтой гэдгээрээ Хятад улсдаа алдартай билээ. Орон нутгийн удирдлагууд жуулчдыг татахын тулд зам харилцаа, дэд бүтцээ хөгжүүлэх тал дээр нэлээдгүй анхаарчээ. Цаашид нутаг орноо улам хөгжүүлж, аялал жуулчлалыг дэмжих бодлого хэрэгжүүлснээр гадаадын жуулчдыг ч мөн олноор нь татна гэдгээ нутгийн удирдлагууд онцолж байна.
Мөн тус бүс нутаг өвлийн улиралд гойд үзэсгэлэнтэй байдаг учраас “Өвлийн аялал жуулчлалын хөтөлбөр”-өө улам баяжуулж, хүйтний улиралд ч гэсэн жуулчдынхаа тоог алдахгүй байх болно гэж Шиньжян-Уйгурын Аялал жуулчлалын үйлчилгээний албаны дарга Ву Фэнг хэллээ.
