solongonews
Нэг ямаанаас 5000 юанийн орлого олсон нарийн ухаан
2018-07-13 10:27
Ордос хотын Отог хошууны Арвас сумын Хөхтолгой багийн Зэх мал аж ахуйн бага дугуйлангийн Хувьсгалтынхтай танилцъя.

Баг сумын захиргаа шиг баригдсан хэдэн өрөө байшингийн зүүн талд шинэ маягийн материалаар босгосон гурван монгол гэр, байшингийн баруун талд хойно өмнө нэг л адилхан үргэлжилсэн пин хашаа нүдэнд тусаж, үүдний өмнө босгосон хиймориос нь монгол айл хэмээн хаяглаж, авто замаас гэрийнхээ үүд хүртэл тоосгон зам тавьж, хажуу хавиар нь өвс тарьж ногооруулсан байдлаас нь ажихад ажилч чинээлэг айл гэдэг нь аргагүй харагдана.

Ордос хотын Отог хошууны Арвас сумын Хөхтолгой багийн Зэх мал аж ахуйн бага дугуйлангийн Хувьсгалтынх юм. Байр байшин, машин тэрэг, хүрээ хашаа гээд маш цэвэрхэн. Хувьсгалт гэргийн хамт хадлангаа хийж тун завгүй ажиллаж, шинэхэн хадсан өвсөө боож байлаа.

- Хурдан нарлаж хатааж авахгүй бол болдоггүй сонин өвс гэж Хувьсгалт хаширлана.

Хувьсгалт нар салхинд шарагдаж борлосон боровтор царайтай дундын биетэй хүн байв. Үг яриа бүрээс нь хашир малчин гэдэг нь тод харагдана. Үдийн нар хэлбийж бэлчээрт явсан арвас ямаад тэр холоос цайлзан гэр зүгээ наашилна. Гар дахь ажил нь хэчнээн их байсан ч Хувьсгалт биднийг гэртээ урьж цай, хурууд, боорцгоо бэлтгэн бужигнана.

Харин Арвас нутгаар цагаан ямаагаа нандигнан хайрлаж, одоог хүртэл өмчлөн маллаж байгааг нь харахад сайхан байлаа. Хувьсгалтынх энэ нутагтаа гурван үеэрээ суурин амьдарсан айл. Түүний өвөө, аав нь хашир малчин байжээ. Удмын малчин, долоон хүүхдийн хамгийн том нь болсон Хувьсгалт дунд сургуулиа ч төгсөлгүй айл гэрийнхээ тулгуур хүч болж, мал аж ахуйн үйлдвэрлэлд ой ухаанаа сорин явжээ.

- Манайх хүүхэд олонтой, амьдрал тааруухан байсан ч ахмадууд маань маш ухаантай улс байсан. Сэтгэлээрээ хэзээ ч ядуу яваагүй. Би ч нэг л сэтгэлээр ар гэрийнхээ амьдралыг сайжруулах гэж хичээсэн гэж Хувьсгалт ярив.

Хувьсгалт анх үрийн малын газар ажиллаж, гар хээлтүүлэг хийхийг маш сайн эзэмшсэн байна. Хувьсгалтынх угийн нүүдэллэн малладаг бөгөөд хуучин Шинэ Жуу сумын бүхий л нутгаар нүүдэллэж байв. Иймээс эх байгалиа илүү хайрлан шүтэж, очиж байсан нутгийнхаа овоо, худгийг дээдлэн тахиж, жил бүрийн билгийн улирлын 08-р сарын 13-нд худаг болон овоондоо сүү цагааны дээжээ өргөдөг байна.

Хувьсгалтынх тухайн үед дээд захын худгаас долоон газрын зайтай байрлаж, энэ худаг нь нэг багийн адуу үхэр, сүрэг бог мал, хэдэн айлын ус ундны асуудлыг шийдэж өгдөг. Тухайн үед малаа услах гэдэг бүтэн өдрийн ажил байсан бөгөөд долоон өрх ээлжлэн усалдаг боловч цаг их авдаг байжээ. Худгаас ховоогоор ус татаж, татаж сурсан морь тэмээгээр татуулдаг. Хүн малын идэж уух усаа зөөврийн тэрэг буюу казах тэргээр авч явна. Ингэж аваачсан усыг ахмадууд нь маш нандигнаж, усаа оочин нүүр гараа угаахаар барахгүй, хүүхдийнхээ гар доор нь ахмадууд нь гараа хонхорлон хүлээдэг байв. Хувцас хунараа цэвэр өмсөхийг хичээж, олон угаадаггүй. “Аавын чинь хөдөлмөр юм шүү, усаа хэмнэ” гэж өвөө нь сургадаг гэнэ. Сүүлд нь Хувьсгалт хоёр хүн хөлсөлж, аавтайгаа хамжин дөрвөн хүн сар гаруй 32 метр орчим ухаж байж гаднаа гар худагтай болжээ. Үүнээс хойш усны асуудал амар болж, сүүлд худгандаа түлшний машин суулгаж илүү хялбар болжээ. 90-өөд оны сүүлч болоход Хувьсгалт хошуу шатны холбогдох байгууллага нэгжид хандан зөвшөөрлийн бичиг авч, тусгай худаг малтах анги хөлслөн 200 метр гүний худаг малтуулж, анх автомат худагтай болов. Энэ нь түүний амьдрал үйлдвэрлэлд их үр дүнгээ өгч, 6.6 га талбайд эрдэнэ шиш тарьж, малынхаа өвөл, хаврын тэжээл бордооны асуудлыг шийдэхэд асуудалгүй болов. Тэрээр ганц өөрийгөө бодсон биш, харин багийнхаа хэдэн айлд холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн бөгөөд автомат худагтай болгосон байна.

2002 он Хувьсгалтын амьдралд бас том өөрчлөлт гарсан нэг жил юм. Тэрээр хошуу шатны холбогдох байгууллагад хандан өөрийн хүндрэлээ ярьж, хувиасаа 100 гаруй мянган юань гаргаж, 24 цагийн цахилгаан татсанаар барахгүй, автомат худгаа цахилгаанаар ажиллуулдаг болов.

- Бид ер нь хуулийн дагуу ажиллаж амьдарч байвал улс гүрэн ч дэмждэг. Улс гүрэн амар тайван байван бидний өнөөдрийн сайн сайхан амьдрал хэмээн Хувьсгалт ярина.

Хувьсгалтын бас нэгэн бодол нь түүнийг амжилтад хүргэсэн гэж хэлэхэд илүүдэхгүй. Тэрээр хэзээний хүнээс түрүүлж ямар нэгэн зүйлийг бүтээх бүтээлч зантай. Түүний бодолд бусдаас амжиж хийвэл амжилтад хүрэхэд амархан. Иймээс 80, 90-өөд оноос эхлэн ямааныхаа үүлдрийг сайжруулж, шинжлэх ухаанчаар маллахыг санаачилсаар иржээ. Одоо түүний ямаадын 50% нь жилд хоёр удаа ишиглэдэг бол үүнээс 60%-70% нь ихэрлэнэ. Зарим ямаад нь бүр гурав ихэрлэдэг байна. Иймээс зарим ямаад нь жилд 5 ишигтэй болдог. Энэ бүхэн Хувьсгалтын олон жилийн арга туршлага нуугдаж байгаа. Ишигтэйгээ 700 шахам ямаатай,  нэг ямаанаас дунджаар 1.5 кг орчим ноолуур авч, 500 грамм ноолуур 180 юаньд хүрч, нэг ишиг нь мянган юаньд хүрдэг. Ингээд бодвол Хувьсгалт нэг ямаанаасаа жилдээ 5000 юанийн орлого олоход асуудалгүй. Онцлон дурдахад Хувьсгалтын нэг ухна ишгийг бусад муж, орны наймаачин 10 мянган юаниар худалдан авч байсан удаатай гэнэ. Ийнхүү ашиг орлого үлэмжхэн байсан ч Хувьсгалт бусадтай адил амар жимэр жаргаж суухыг бодохгүй. Түүний энэ өдрийн амжилт нь маш олон жилийн хичээл зүтгэлээс салшгүй юм.

Тэрээр үргэлж “Малынхаа буянаар энэ зэрэгтэй амьдарч байна. Эдгээр бүтээн байгуулалт, аль байгаа бүхэн бүгд малаас минь ирсэн” гэж ярьдаг. 

Цаг үе бага багаар өөрчлөгдөн хөгжиж, Хувьсгалтын үзэл бодол ч хувиран өөрчлөгдөж л байдаг. Алс хэтийн зорилготой, өөрчлөлт шинэчлэлтийг дуртай хүлээн авдаг. Ажлын цаг заваар ном сэтгүүл уншиж, радио телевиз сонирхон, эдийн засгийн холбоотой зүйлийг судалж суралцан, тархи толгойгоо мэдлэгээр зэвсэглэж суудаг. Тэрбээр хэрхэн 200 гаруйхан га бэлчээрээ шинжлэх ухаанчаар ашиглаж, их үр ашиг олохыг бодож явна. Байгаль орчноо сайжруулж, нутаг бэлчээрээ хамгаалахыг уриална. Шинэ хэлбэрийн монгол гэртээ зочин дайлж, ганган сайхан байгаль нутгаа бусдад танилцуулан орлогоо нэмэгдүүлнэ.

- Юу хийсэн ч хүн нутгаа голохгүй бол нутаг хэзээд эзнээ голдоггүй. Манай монголчуудын зүйр цэцэн үг гэдэг чинь тэр чигээрээ гүн ухаан. Орчин үеийн хүүхэд залуучууд даанч мэдэхгүй болсон нь харамсалтай гэж Хувьсгалт хааяа нэг бодлогоширно.

Түүний мал маллах арга туршлагыг хошуу засгаас өндрөөр үнэлж, малаас хэрхэн орлого олох, бэлчээрээ хэрхэн ашиглах тухай малчдад хичээл сургалт явуулдаг.

- Үнэндээ би багшлахаар хүн биш ээ. Өөрийн мэддэг чаддагаа хэлж сануулж байгаа төдий. Харин хөдөлмөрлөх хүсэл зорилготой болбол бусад асуудал нь бүр тархинд чинь аяндаа ороод ирнэ гэж Хувьсгалт байнга ярина.

Үнэхээр Хувьсгалтын ажилч хөдөлмөрч занг сурвал хөдөө нутгаар минь баян амьдралтай айл олон болох нь лавтай.

Зохиогч: Уртнаст, Наранчимэг, Баярцэнгэл, Өнир, Цовоо
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл