Энэ тэмээний зан чанар нь сүрэгтээ байвал их ороолж, хэзээд сүргийн зах барьж идэшлэх буюу зогсдог. Усан дээр ч сүргийн захаар эргэлддэг бөгөөд тэмээний голд чихэлдэж ус уудаггүй. Их номхон. Зөөлөн нуруутай учир хол газарт унаж явахад биед халгүй. Ганган улааны маань холын замд хоёр хажуугийнхаа өвснөөс шүүрч идээд л шогшоод байдаг.
Нутгийн хүмүүс ганган улааны тухай одоо ч гэсэн хуучилж дурсах дуртай. Учир нь ганган улаан бол нутаг усандаа алдартай онцгой хурдан тэмээ байсан юм. Энэ тухай миний бага авга Улаанбаатар:
- Би цагаан сараар унаж айл хэсч байсан. Ганган улаан маань их хурдан гүйдэг. Жолоогоо татах тусам гүйдэг, Амьсгаа авах нь ч хурдан морины шинжтэй. Ганган улаан маань дөрвөлжин шиг нарийн шилбэтэй хөнгөн тэмээ байсан. Ардын үгэнд тогоруун дуунаас хойно төрсөн ботгыг хуртай болдог гэдэг. Ганган улааныг тийм л хэнз ботго төрсөн гэж сонсож байсан хэмээн хуучилж билээ.
Манай тэмээн сүрэгт ийм нэг хурдан тэмээ байлаа гэдгийг би мэдэхээс биш тийм онцгой гаралтай, содон түүхтэй гэдгийг том болсон хойноо сая асууж мэдсэн юм. “Ганган улаан” маань үнэхээр тэмээний сод, сүргийн минь хийморь, бидний бахархал.
