Хятад-Лаос хооронд зорчих “Ланьцан” нэрэмжит хурдны галт тэргийг шинэхэн байгуулсан Вьентьян буудалд саяхан хүргэж, Лаос-Хятадын төмөр замын компанид албан ёсоор хүлээлгэн өгчээ. Лаосын Олон нийтийн төсөл ба тээврийн яамны сайд Виенгсава Сипандон хэлэхдээ: - “Ланьцан” нэрэмжит хурдны галт тэрэг ирснээр Лаос улс төмөр замын тээврийн шинэ эринд орж, Лаосын ард түмэн зам тээврийн өөрчлөлт шинэчлэлтийн шинэ цаг үеийг угтлаа гэжээ.
Алун Лудара бол Хятадын төмөр замын ложистикийн Лаос дахь компанийн ажилтан юм. Тэрээр ган материал, төмөр замын зам, цахилгаан механик төхөөрөмжийн тээвэрлэлтийн ажил хариуцдаг бөгөөд эдгээр ачааны зонхилох хэсгийг Хятад-Лаосын төмөр замын бүтээн байгуулалтад ашигладаг байна. Хятад-Лаосын төмөр зам нэвтэрснээр зам харилцаа, эдийн засгийн хурдыг түргэтгэх төдийгүй сайн сайхан амьдрал цогцлох хурдыг ч нэмэгдүүлнэ гэж Лудара хэлжээ.

“Бид ложистикийн үйлчилгээ хангах явцдаа барилгын маш олон ачаа барааг Хятад улсаас тээвэрлэн Таиландын боомтод хүргэсний дараа дахин машинаар Лаост авчирдаг. Тиймдээ зам хол хугацаа их шаарддаг болохоор зардал нь ч маш өндөр. Хятад-Лаосын төмөр зам нэвтэрснээр Хятад, Лаос болон Таиланд хоорондын ачаа барааны тээвэрлэлт бүгд энэ төмөр замаар явгадаж болох тул тээвэрлэлтийн хугацаа, зардлыг бүгд хэмнэнэ. Өмнө нь Хятад улсаас Лаост ачаа бараа авчрахад 20 гаруй хоног зарцуулдаг байсан бол энэ төмөр замаар бол ердөө 4-5 хоног шаардана. Бид цаашид үйлчлүүлэгчдээ ложистикийн илүү чанартай, шуурхай үйлчилгээ хангах болно. Компанид хөгжлийн илүү сайн боломж тохиож байгаа бөгөөд бидний амьдрал ч улмаас улам сайн болох юм”.

Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад орсны дараа замын нийт шугамын аялал 10 цаг орчим байх бол өдгөө авто замаар 30 цаг зарцуулахтай харьцуулахад хамаагүй түргэн болно. Тэгээд ч дөхөм төд зам харилцаа нь бизнес эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх юм. Хятад-Лаосын төмөр замын Вьентьян буудлаас 10 км зайтай Вьентьян хотын иргэн Чинтала шинэхэн худалдаж авсан шар айраг, кофены бүтээгдэхүүнээ ачиж байлаа. Түүний ажиллуулдаг дэлгүүр нь Хятад-Лаосын төмөр зам, Хятад-Лаосын хурдны авто замаас тун ойрхон байдаг ба төмөр зам тавигдсан тул тэрээр хойшдын бизнес эрхлэлтийнхээ талаар шинэ төлөвлөгөө гаргажээ.

“Хятад-Лаосын төмөр замын төсөл бидний амьдралд маш олон сайн талыг авчирна. Би бизнес эрхэлдэг, төмөр зам нэвтэрсний дараа хоёр орон хооронд зорчиход улам дөхөм дөт болж, Хятад улсын барааг Лаост авчрах, эвсэл Лаосын барааг Хятад улсад зөөвөрлөн хүргэхэд тээвэрлэлтийн зардлыг ихэд хэмнэнэ. Би Хятад улсад очиж, Күньмин болон бусад газруудаар аялж, чанар сайтай хямд үнийн бараа байвал Лаост авчран борлуулъя гэж бодож байна.”
Эх сурвалжийн дагуу, Хятад-Лаосын төмөр замын барилга эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд давхардсан тоогоор Лаосын 110 мянган хүнийг ажлын байраар хангаж, төмөр зам дагуу тосгоны иргэдэд туслан 2000 км орчим усан суваг байгуулж, тухайн нутгаас 5.1 тэрбум юанийн барилгын материал нийлүүлжээ. Лаосын Вьентьян хотын Хадшайфонгийн нэгэн тосгоны дэд дарга Виесянь, Хятад-Лаосын төмөр замын төсөл Лаосын жирийн иргэдийн хувьд нүдэнд үзэгдэх, гарт баригдах ашиг тус юм гэв.

“Хятад-Лаосын төмөр замын барилга манай тосгоноор дамжин өнгөрдөг. Төмөр замын бүтээн байгуулалт маш хурдтай явгадсан. Өдгөө үндсэндээ байгуулж дууссан, маш сүрлэг. Эдгээр өөрчлөлтийг хараад би сэтгэн хангалуун байна. Энэ нь улс оронд маш олон ашигтай талтай. Хятад, Лаос хоёр орон хоорондын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт улам дөхөм дөт болсон. Галт тэрэг өдөр бүр олон удаа зорчих бөгөөд хоёр орон хоорондын зорчигч тээвэр улам дөхөм болох тул хоёр оронд бодит ашиг тусыг авчирна. Бид “Бүс ба зам” санаачилгыг бүх хүчээрээ дэмжиж байгаа бөгөөд Хятад-Лаосын төмөр зам түргэхэн ашиглалтад орохыг хүсэн хүлээж байна”.
Дэлхийн Банкны тайлангаас үзвэл “Бүс ба зам”-ын дэд бүтцэд нэгдсэнээр удаан хугацаанд Хятад-Лаосын төмөр зам нь Лаос улсын ашиг орлогыг 21 хувиар нэмэгдүүлнэ. Түүнчлэн Лаос хөрөнгө оруулалт татахад эерэгээр үйлчлэх юм. 2030 он гэхэд Хятад-Лаосын төмөр зам дагуу Лаосаар дамжин хийгдэх үндэстэн дамнасан худалдаа жилд 3.9 сая тоннд хүрэх бөгөөд энэ төмөр зам нь Вьентьян-Күньмин хоорондын тээврийн зардлыг 40%-50% хувиар хэмнэх юм. Түүнчлэн Лаосын аялал жуулчлалын салбар ч үр өгөөжөө өгч, жил бүр тус орон болон хөрш зэргэлдээ орнуудын 10 сая жуулчин Хятад-Лаосын төмөр замаар зорчих төлөвтэй байна.
Өдгөө Хятад-Лаосын төмөр замын Ботен болон Вьентьян хоорондын шугамыг албан ёсоор туршиж эхлэн, ашиглалтад орох нь улам ойртлоо. Лаосын засгийн газар 12-р сарын 2-нд буюу Лаосын үндэсний баярын өдөр Хятад-Лаосын төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн холбогдох хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд тус улсын засгийн газар цар тахлаас сэргийлэх арга барил, шаардлагын дагуу ашиглалтад оруулах төлөвлөгөө боловсруулжээ. Өөрийн гэсэн төмөр замтай болох Лаосын ард түмний мөрөөдөл тун удахгүй биелэгдэхээр байна.
