solongonews
Энх амьдралдаа мөнх жаргаж яваа буурал
2018-09-12 14:56
Үзэмчин хувцас нь тэрлэг, цамц, зувцаа, дээл хэмээгдсэн төрлүүдэд хуваадаг.

Олон зуун жилийн уламжлалт нүүдэлчин, малчин амьдрал орчин ахуйгаас шалтгаалан үзэмчин монголчууд өөрийн өвөрмөц онцлогтой, эргэх дөрвөн улирлын салхи бороог халхлах хорвоод хосгүй хувцас загварын соёлыг бүтээж, уламжлан өвлөж, залгамжлан хөгжүүлсээр ирсэн билээ.

Цаг хугацааны шалгуураар үзэмчин дээл нь өнгө хийц, эмжээр, чимхээр зэргээрээ ялгарч, үзэмчин бүсгүйчүүдийн гарын ур, ухаан эрдмийг шалгасаар иржээ. Чийг нойтон, хорхой шавжид идэгдэхгүй, хир тоос хүрэхгүй, удаан хугацаанд янз хэв хэлбэрээ алдахгүй зэрэг давуу талыг энэхүү дээл өөртөө шингээжээ.

Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурингийн Баянбүрд багийн уугуул, энэ жил 60 насны давааг давж яваа Лхам хэмээх цайлган цагаан, шулуун шударга, ажилч хичээнгүй, эрүүл чийрэг, ухаан санаа саруул, угалз оёдол, уран үйлд гарамгай нэгэн.

Лхам гуай хар багаасаа утас зүү мэтгэн, үйл оёдол эсгэн урласаар иржээ. Одоогоор тэрээр төв орж эрдэм номдоо шамдах ач нараа харж, мэдэх чадахаа зааж, хүний дайтай өсгөж хүмүүжүүлж явна.

Зүгээр суухаар зүлгэж суу гэхчлэн Лхам гуай хэдийгээр хөл ихтэй хотын зайд хөл гишгэж, хөдөөгийн бор амьдралаасаа холдсон боловч, зав чөлөөгөөрөө үзэмчин өнгө дээлийн арьс утаж идээлэх зэргийн уламжлалт зан үйлээ уламжилж залгамжлуулах зорилгоор өөрийн гэсэн үйлсээ үргэлжлүүлнэ. Суурингийн төвд сууж, уламжлалт аргаар арьс утаж идээлэх ажлыг хийгээд арваад жилийн нүур үзэж байгаа Лхам гуай арга дэмээ олж, одоо жилд 200 гаруй арьс утаж идээлэн зарсан байна. Мөн жилд 40, 50 мянган юанийн орлого олж, өтлөх насны сэлүүхэн жаргалаа эдэлж явна. Цахим худалдаа, жиргээ тавцанг бүү хэл, түүний утаж шүүлсэн арьсыг хүмүүс хэдэн сарын өмнөөс эхлэн худалдан авахаар захиалгаа өгч, аз муутай нэг нь бүхэл бүтэн жилдээ ч олж авдаггүй байна. Хүний нутгийн алтнаас өөрийн нутгийн шороо дээр гэдэг энэ дээ. Цайлган зантай түүний хувьд арьсны талд зовох юмгүй. Төрөл төрөгсөд нь түүнд өгөхөөс гадна 10-15 юаниар түүхий арьс худалдан авдаг. Мөн зуу хийгээд таван жилийн түүхтэй ган саваас эхлээд шүүлж идээлэх, сүү шарс хүртэл бүх юм бүрэн хангалттай.

Цагийн өнгө эриний айзмыг дагаад хувцас загвар нь хуучин хэв намбадаа суурилан шинэ цаг үеийн өнгөд уялдан орж, арьсны сонголт зэрэг талд ч өмнөхийг бодвол өөрчлөлттэй болсон байдаг. Ер нь хонины арьсан дээлийн давхар үстэйг нь бүдүүн дээл гэж, ахарласан арьсаар хийсэн дээлийг дунд дээл, зун намрын хонины арьсаар хийсэн дээлийг үзүүрсэг дээл гэдэг. Түүний хэлэхээр одоогийн хүмүүс их нимгэн хийж байна. Харин бидний тэр үед бол хэчнээн хүнд бол төдий сайн, долоон арьсаар дээл хийж, гурван арьсаар өмд хийж, бас долоон арьсаар бэлдэж дах хийж, дээр нь бас бойвогтой, чингээд л адуу манахаар явдаг. Өнгө дээлийн арьсыг гаралтаа авч дууссаны дараа, долоо хоног болоход л үс нь яг тэнцүүхэн болно. Нэг арьсыг идээлээд гаргахад долоо хоног болно. Эд болгоход есөөс арав удаа гар хүрэхгүй бол болохгүй, махыг нь нударна, хатаана, угаана, үнэрийг нь арилгана, элдэнэ, утна, хусна гэх мэтчилэн олон явцтай байдаг. Мөн чийг нойтноос их хичээх хэрэгтэй. Утаж өнгө оруулахад өнгийг нь сайхан тэнцүүлэх, голдуу жил өнжсөн хөх аргалаар утна. Жил бүр жар гаруй уут аргал түүдэг байна. Өнгө нь тэнцэж улбар шар болоход өмсөхөд сайхан харагддаг. Салхи намуухан бол өнгө сайхан сууна. Арьс утахад их арга ухаан, мэргэжил, ур дэм хэрэгтэй. Ихэнх тохиолдолд найман сарын 10-аас 20-ны хооронд хийгдэнэ.

- Эрхийг сургахаар бэрхийг сурга гэхчлэн ер нь монголчууд үр хойчоо хүмүүжүүлж, үндсээ залгуулах талд өрөөл бусдаас онцгой гэрийн, ахмадын сургаалтай. Хадам ээж миний гар дээр 95 хүрч өндөр насалсан юм. Морь унаад явах үед эрэгтэй нь аль талд явдаг, бүсгүй нь аль талд явах зэргээс эхлэн бид бүхэнд заадаг байсан. Тэр хүний зан дадал, сургаал надад ихээхэн нөлөө болсон. Залуу байхдаа ээжийгээ нэг олныг яриад, яншаад л байна гэж төвөгшөөж боддог. Заримдаа бүр хэлсэн үг нь зөв ч юм уу буруу ч юм уу гэж боддог. “Эрдэнэ зандны зүйлсийг эрж хайгаад явбал олдоно, энэрэл хайртай аав ээжийгээ эрж хайгаад ч хаанаас олох билээ” гэж ярьдгаар аав ээжийн сургаал гэж алт эрдэнэсээс үнэтэй, өөрөө өтөл болохдоо л бүрэн мэдэрч ухаарна. Өөрөө аав ээж болоход үед л мэднэ… Өндөр настай буянтай буурлууд минь. Эсгий туургат, нэхий дээлт “Хогоороо түлээ хийж, хорголоороо олбог хийдэг” гэж урьдын хүмүүс хуучилдаг. Үнэхээр бид уг нь нүүж буусаар хонины хорголоо дэвсэж, дээр нь ширдгээ дэвсэнэ, чийг авахгүй, хоргол их дулаахан байдаг. Яг ингэж л буурлууд маань бидэнд хүн болохын ёс учир, амьдралаа өөд нь татахын дүрэм зүйг ч зааж өгдөг байсан. Би өөрөө бичиг ном гэж сураагүй, зүйр үг, бэлэн үгийг амьдралынхаа аяар сурсан даа. Дээр нь манай хадмын дээдэс Үзэмчин нутагт алдартай шүлэгч Гамал гэж хүн байсан. Миний бодлоор эдний нөлөөг хүртсэний ач тус гэж бас боддог юм гэж Ламуу гуай өнгөрснөө дурдатгалаа ярив.

Лхам гуай 1977 оны төмөр зудны жил ханийн заяа түшиж, харьд морджээ. Гурван хүү хоёр охинтой, нөхөр нь 2004 онд насан өөд болжээ. “Аав ээжээсээ би 16-тай хоцорсон, тэгээд найман настай эрэгтэй дүүтэйгээ айлд хүрсэн. Тухайн үед жаран үхэр хариулж байсан, өдрийн арван хувь, нэг юань жаран мөнгөний хөлс олдог. Жаран үнээгээ сааж яв, завдахгүй нэгийг нь тавьж өг гэдэг сайхан үг байдаг. Одоо эргэн санахад уг нь жаран үхэр хариулж явж байсан нь их бэлгэдэлтэй гэж үздэг. Одоо нийгэм өөрчлөгджээ. Социализмын ач, агуу намын минь ач, нам төрийн гавьяа гэж энэ. Өвчин хуучин гэж хүрдэггүй, ядаж наршихыг ч мэдэхгүй, одоо харин чих жаахан хатуу болж байна. Оросын Улаан-Үд, баруунш Утай Гүмбэнээр аялж зугаалж, мөргөл үйлдлээ. Гар утсаар ярина, вичатаар холбоо авна. Есөн жилд гурван хүүгээ айл болголоо. Хүү хүүхэн, хүүхэд бэрүүд гэхгүй бүгд өөр өөрийн амьдралдаа гялалзаж байна. Бүгд л айргаа исгэж, аарцаа хийдэг эгэл жирийн малчин хүмүүс юм гэж Лхам гуай бидний далд санааг нэвт харсан юм шиг асуухын зав өгөлгүй бүхнийг дэлгэлээ...

Үзэмчин нутаг гэж ийм л сайхан уугуул соёлтой тансаг орон. Үзэмчин малчид гэж ийм л сайхан буурлын буянаа түшсэн ард түмэн. Тэд өөрийн гэсэн онцлог өв соёлоороо эргэх дөрвөн улирлын ээлжтэй байгаль ахуйтайгаа найрсаг харилцан, эцэг дээдсийн сургалаа нандигнаж, энх амьдарч мөнх жарган, эриний айзамтай алхаа нэгдэн, гэрэлт ирээдүйгээ цогцлоосоор...

Зохиогч: Ринчен
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл