
2016 оны 12 дугаар сард Бээжин хотод болсон Хятадын дэлхийд алдаршсан чулууг үнэлэх болон шагнал гардуулах ёслолын үеэр Шилийнгол аймгийн долоон төрлийн хачин чулууны бүтээл нь Хятад улсын дэлхийд алдаршсан чулуугаар сонгогдож, “2016 Хятадын дэлхийд алдаршсан чулууны толь”-д бүртгэгдсэн байдаг. Эдгээр долоон чулууны нэгийг Будар хачин чулууны музейд хадгалж байгаа “Хятадын анхны хас лууны зүүлт” хэмээгдсэн цагираг хэлбэртэй хачин чулуу болно.
Алшаа нутгаас олдсон энэхүү говийн чулууг харахад яг хас зүүлт шиг голдоо нүхтэй, алаг өнгөтэй байсан.
- Энэ чулууны өнгө нь маш сонин, та сайн үз. Хэдэн төрлийн өнгө байх вий? гэж Будар хачин чулууны музейн Ү-Шинмань асууж байлаа.
Бид нарийвчлан сайн харвал энэхүү говийн чулуу нь цагаан, улбар, ногоон, шар, гүехэн ногоон зэрэг таван өнгөнөөс бүрэлдсэн байлаа.
- Энэ чулуу бол цагаан, улбар, ногоон, шар, гүехэн ногоон таван өнгөөр бүрэлдсэн байдаг. Иймээс энэ чулуу нь ховор нандин чулуу болж, өндөр үнэтэй байдаг. Хачин чулууг үнэлэх таван стандартын нэг нь өнгө болно. Гурван өнгийн чулуу бол хачин чулуу, таван өнгийн чулууг бол эрдэнийн чулуу гэж хэлдэг. Энэ чулууны хэлбэр, чанар, хээ, хэм зэрэг нь бүр хачин чулууг үнэлэх стандартад нийцсэн бөгөөд өнгө нь ч таван өнгөөс бүрэлдсэн болохоор эрдэнийн чулуу болсон байдаг гэж Будар хачин чулуун музейн Ү-Шинмань нарийн тайлбарлаж өгөв.
Өнгөрсөн жил Бээжин хотод болсон Хятадын дэлхийд алдаршсан чулууг үнэлэх болон шагнал гардуулах ёслолын үеэр Хятад улсын алдарт чулуу үнэлэгчийн нэг болох Хүө Кан-И тус чулууг үнэлэхдээ:
- Ховор, хачин, сайхан байдаг нь хачин чулууны гурван их онцлог юм. Энэ чулуу нь яг л энэ гурван онцлогийг бүрдүүлснээрээ дэлхийд ховорхон олдох хачин чулуу болно. Ялангуяа байгалиараа бүтсэн таван өнгө нь түүний өртгийг нэмэгдүүлсэн. Энэ бол маш ховор нандин чулуу болно гэжээ.
Уг чулууг чулуу үнэлэгчид хамгийн наад захдаа 1 сая юанийн өндөр үнэд хүрнэ гэсэн байна. Алшаа нутаг нь олон арвин хачин чулуу гардгаараа улс орон даяар алдартай юм. Хачин чулуу нь газрын гадарга дээр цул байгалиараа бүрэлдсэн, олон жилийн салхи бороо зэрэг байгалийн үзэгдлийг өнгөрөөж элдэв хачин хэлбэр янзтай болж бүрэлдсэн байдаг. Энэ хачин чулуу нь яг л хүмүүсийн хүзүүндээ зүүдэг хас шиг байснаар түүнийг “Хятадын анхны хас лууны зүүлт” хэмээн нэрлэжээ.
- Энэ чулуу цул байгалиараа бүтсэн юм. Ер засаж сэлбэх буюу өнгө будаг оруулаагүй. Хачин чулууг үнэлэхэд цул байгалийн мөн эсэхийг үздэг. Хэрвээ цул байгалийн биш, засаж сэлбэсэн буюу өнгө будаг оруулсан байвал өртөг нь шууд буудаг гэж Ү-Шинмань ярилаа.
Алшаа нутгийн говиос олдсон “Хятадын анхны хас лууны зүүлт” хэмээгдсэн энэхүү хачин чулуу ингэж өөрийн өвөрмөц онцлог, сонин сайхан өнгөөрөө түмэн олны бахархлыг татаж байна.
