solongonews
Цахим худалдаа цахиур хагалав
2020-09-16 10:56


Гар утсаараа захиалга өгөх, төлбөр тооцоо хийх, шуурхай хүргэлт хүлээн авах үйлдлүүд маш богино хугацаанд хийгдэх зэргээр онлайн дэлгүүр нь хятад хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээ болоод байна. Энэ утгаараа Хятад улс дэлхийн хамгийн том цахим худалдааны зах зээл боллоо.

        Худалдааны яамны Цахим худалдааны газраас саяхан гаргасан "Хятад улсын цахим худалдааны тайлан-2019" (цаашид "Тайлан" гэх)-нд тухайн оны байдлаар Хятадын цахим худалдааны зах зээлийн цар хүрээ дэлхийд тэргүүлсээр буйн дээр үйлчилгээний чадвар, хэрэглээний түвшин улам сайжирч байгааг харуулсан байна. Улмаар онлайн худалдааны хэрэглэгчдийн тоо 900 саяас давж, улсын цахим худалдааны гүйлгээний хэмжээ 34.81 их наяд юаньд хүрсэн. Үүнээс онлайн худалдаа 10.63 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэсээ 16.5 хувиар өссөн. Бодит барааны онлайн худалдаа 8.52 их наяд юаньд хүрч, цахим худалдаанд ажиллах хүний тоо 51.2565 саяд хүрсэн байна.

Цар тахлын нөлөөгөөр энэ оны эхэн үеэс цахим худалдааны томоохон платформууд траффик хэрэглээг ихэсгэж байгаа нь хэрэглэгчдийн худалдан авах хэрэгцээг их хэмжээгээр хангаж байна. Үүний зэрэгцээ бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд  орлого олох боломжоор хангаж байгаа юм.

             "Онлайн дэлгүүр" бодит амьдралд

Цар тахлын үеэр хятадын маш олон хэрэглэгчдийн хувьд хэрэглээнд нь нэг их нөлөөлөөгүй.

Ли Жин бол Хунаний Чанша хотын гэрийн эзэгтэй. 15 жилийн турш онлайн хэрэглэсэн, онлайн хэрэглээний "Улаан фен" гэхэд болно. Түүний хэрэглээний 90 хувь нь цахим худалдааны захиалга юм. Нэг сард 5000 гаруй юаний онлайн худалдааны зардал гаргадаг нь онлайн дэлгүүр түүний амьдралд хэдийнээ нэгдсэнийг илэрхийлж байна.

- Цар тахлын үед би онлайн дэлгүүрт илүү найдах болсон юм шиг санагдаж байна. Өмнө нь би өдөр бүр хүнсний ногооны дэлгүүрт очдог байсан. Одоо онлайн худалдааны апп-ээс гэр бүлийнхээ хэрэгцээт хүнсийг шууд худалдаж авдаг. Өнөөдөр захиалга өгөхөд маргааш нь хүргээд ирчихдэг болохоор хамгийн шинэ жимс, ногоог ч гадагш гарахгүйгээр худалдаж авах боломжтой гэж тэрээр сонирхууллаа.

Онлайн дэлгүүр залуусын хувьд гудамжинд нь нээгдсэн дэлгүүрээс илүү чухал ач холбогдолтой байна.

- Өмнө нь би хувцас авахдаа өмсөж үзэж байж тохирох эсэхийг нь мэддэг байсан учир онлайн дэлгүүрийг сонгодоггүй байсан. Одоо цар тахлын улмаас дэлгүүр хэсэх маань цөөрч, онлайн худалдаанаас хувцас сонирхдог болсон. Сүүлийн өдрүүдэд надад тохирох загваруудыг цахим худалдааны шууд нэвтрүүлгээр өмсөж үзүүлж байгаа болохоор өөртөө тохирсон хувцас загварыг авахад амар болжээ. Онлайн  худалдааны хувцасны сонголтууд олон, үнэ нь ч хямд байдаг. Цаашид би онлайн дэлгүүрээс сонголтоо хийх болно гэж Чэндү хотноо сурдаг оюутан Ван Вэнь ярьж байна.

Хувцасны дэлгүүр ажиллуулдаг Жянсу нутагтай охин Тэн Хайчинийн хувьд  гар утсаараа онлайн худалдаа хийнэ гэдэг амьдралынх нь нэгэн хэсэг болжээ. Тэрээр сэтгүүлчдэд хандан:

- Эхэндээ сарын хэрэглээгээ онлайн болон офлайн байдлаар ашиглаж байсан. Коронавирусийн дараа шүдний оо, гал тогооны сав суулга, гоо сайхны хэрэгсэл, ээмэг зүүлт, гар утас зэрэг хэрэглээний олон зүйлийг онлайнаар худалдаж авах болсон. Таобао, Жин Дүн, Pinduoduo зэрэг цахим худалдааны апп хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чаддаг. Хооллох, тоглох бүх төрлийн иж бүрдэл байдаг бөгөөд ашиглахад маш хялбар гэж сонирхууллаа.

07-р сарын 11-ний өдөр Цахим худалдааны шууд нэвтрүүлгийн баг Сиба суурингийн Жихуан тосгонд орон нутгийн тусгай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулж, ядуурлыг бууруулахад тусалж байна    Зургийг: ВЭЙ РҮДАЙ

Цахим худалдаа хятад иргэдийн амьдралд хэр зэрэг нэгдэж байна вэ? “Тайлан”-г Худалдааны яамны Цахим худалдааны газрын хариуцлагатай албаны хүн тайлбарлахдаа хиймэл оюун ухаан, том дата, апп зэрэг технологи өргөн хэрэглэгдэж байна. Шууд нэвтрүүлгийн цахим худалдаа, нийгмийн цахим худалдаа, хил дамнасан цахим худалдааны агуулах зэрэг загварууд нь инновацийг улам гүнзгийрүүлж, өнөө үед төрөлжсөн, хувьчилсан, туршлагад нийцсэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн болохыг тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ цахим худалдаанаас үүдэлтэй онлайн ба оффлайн  чиг хандлага улам бүр тодорхой болж, хоолны үйлчилгээ эрхэлдэг компаниуд, жижиглэн худалдааны дэлгүүрүүд онлайн зах зээлийн орон зайг идэвхтэй өргөжүүлжээ. Уламжлалт бодит эдийн засаг нь дижитал өөрчлөлтөд шинэ эрэл хайгуул, оролдлогуудыг хийсэн байна. Онлайн худалдаа  ухаалаг үйлдвэрлэлийн салбарт цар хүрээгээ тэлж, цахим худалдааны платформууд болон аж үйлдвэрийн сүлжээн дэх бүх талуудын хооронд дижитал холболт бий болсон нь нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлтийг нэмэгдүүлэхэд чухал үр дүнд хүрэв.

                        Зах зээлийн байгууллагуудыг үр дүнтэй тэтгэнэ

        Цахим худалдаа нь нэг талаар хэрэглэгчидтэй, нөгөө талаар төгсгөлд нь том жижиг зах зээлтэй холбогддог.

Сычуан мужийн Гү Линь шяний Хун Шян тосгоноос гаргаж авсан чавганы шүүс (Prunus) нь шүүслэг, чихэрлэг байдаг. Гэсэн хэдий ч энэ тосгон нь алслагдмал уулархаг нутагт байрладаг тул ядуурлыг бууруулах ажилд маш их асуудал тулгарсан байна.

“Сайн ургасан жимсийг хэрэглэгчдэд хүргэж хараахан чадалгүй хөрсөнд нь дуусгах нь хайран. Тариаланчдын шаргуу хөдөлмөр дэмий хоосон зүйл байж болохгүй!” гэж Хятадын Хөгжлийн банкнаас ирүүлсэн Жан Зэнфэй асуудлыг шийдэхээр зориг шулууджээ. Тэрээр энд тосгоны нэгдүгээр нарийн бичгийн даргаар  ажиллаж, Хятадын Хөгжлийн банкны санхүүжилтээр хандивласан тусгай дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхээр хичээж байна. Тус сан тосгоны гол замыг барьсан бөгөөд томоохон цахим худалдааны компаниудтай холбогдохын тулд чадах чинээгээрээ хичээж эцэст нь тус тосгон дахь 500 мянган килограмм  улаан чавгыг худалдсан байна.

- Таобао нь цахим худалдааны шууд нэвтрүүлгийг анх эхлүүлсэн. Видео болон агуулгад суурилсан харилцан үйлчлэлээр дамжуулж цахим худалдааны салбарыг шинэчлэх ажлыг дэмжиж ирсэн. Мэдээллээс харахад Taobao шууд нэвтрүүлэг гурван жил дараалан 150 гаруй хувиар өссөн нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдтай хөгжиж байгаа шинэ эдийн засгийн хэлбэр юм. Ялангуяа, цар тахал дэгдэж эхэлсний дараа хоолны газар, үл хөдлөх хөрөнгийн зөвлөхүүд, лангуу эзэмшигч, дэлгүүрийн лангуу зэрэг 100 гаруй оффлайн ажил нь Taobao шууд нэвтрүүлэг дээр 'Ажлаа дахин эхлүүлэх'-ийг бодит ажил хэрэг болгосон. Үүний зэрэгцээ 60000 Taobao фермерүүд, шянь тосгоны дарга, олны танил хүмүүс хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг хамтдаа онлайнаар худалдсан. Энэ төрлийн "Тосгоны нэвтрүүлэг" улс орны 2000 гаруй шянийг хамарсан. Хөдөө аж ахуйн зарагдахгүй бүтээгдэхүүний гарцыг олж чадсан юм гэж Taobao шууд нэвтрүүлгийн захирал Сюан Дэ сэтгүүлчдэд хандан хэлэв.

Ядуурлыг бууруулахаас гадна, цахим худалдаа эрчимжиж байгаа нь залуу хүмүүст өөрсдөө бизнес эрхлэх боломжийг нээж өгчээ. 1988 онд төрсөн Е Вэньжиань Жэжянгийн тээврийн мэргэжлийн болон техникийн коллежийг төгссөнийхөө дараа цахим худалдааны чиглэлээр ажиллахаар хэд хэдэн компанид шилжжээ. 2018 онд Е Вэньжиань эгчийнхээ ногооны захаас худалдаж авсан тахианы хөлийг амталсанд амт нь үнэхээр их таалагджээ. Е Вэньжиань тахианы хөлийг онлайнаар худалдахаар шийдэж Taobao дээр "Jiang Shi Ji" гэсэн нэрийг бүртгэж, цагаар ажилласан байна. Би  эхний өдөр таван захиалга авч, долоо хоногт 20 захиалга авсан. Энэ Е Вэньжианьд маш их итгэл өгчээ. Борлуулалт нэмэгдсэнтэй холбогдуулан "Jiang Shi Ji" жилийн борлуулалт удалгүй 14 сая юаньд хүрч, Е Вэньжиань мөн өөрийн бизнестээ бүрэн хөрөнгө оруулахаар шийдсэн байна. Өнөөдөр түүний баг арав гаруй хүнтэй болжээ.

Цахим худалдааны хөгжил мөн холбогдох тоног төхөөрөмжийн борлуулалтыг идэвхжүүлсэн. Үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээллээр 1-ээс 5-р сар хүртэлх хугацаанд улсын цахим мэдээллийн үйлдвэрлэлийн салбар тогтоосон хэмжээнээс дээш орлого, ашгийн хувьд өсөлттэй. Тэдгээрийн дотроос компьютерийн үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааны орлого өнгөрсөн оны мөн үеэс 6.0 хувиар, ашиг орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 41.6 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Хятад улсын Ардын их сургуулийн Чунян Санхүүгийн хүрээлэнгийн судлаач Вань Жэ Хятадад цахим худалдаа маш их амжилтанд хүрсэн гурван шалтгааныг тэмдэглэсэн байна.    

 Нэг. Хятад улсын эдийн засаг олон жилийн турш эрчимтэй хөгжиж, улам олон хүн хэрэглээгээ үргэлжлүүлсээр байна. Энэ сайжруулалт зах зээлийн асар том орон зайг бий болгосон.

Хоёр. Цахим худалдаа нь офлайн хэрэглэгчдийн нийлүүлэлт ба хот, хөдөөгийн оршин суугчид бүгд санасан зүйлээ авч болох боломжоор хангасан.

Гурав. Сүүлийн жилүүдэд Хятад дахь шинэчлэл улам бүр гүнзгийрэн өргөжиж байна. Сайн бизнес, шинэлэг уур амьсгал өргөжин тэлж, Алибаба, JD, Suning, Pinduoduo зэрэг цахим худалдааны олон компаниуд хурдтай хөгжихөд түлхэц болсон.

                       Онлайн ба офлайн " Бие биедээ" хөшүүрэг болгов

        Тяньжинь хотын "Тянь Пинь онлайн дэлгүүр", эсвэл Шиньжяны "Чин Хэ чацарганы наадам"-ын талаар "Тайлан"-д дүн шинжилгээ хийсэн олон тохиолдлуудаас харахад Хятад улсын цахим худалдааны хөгжил, уламжлалт офлайн дэлгүүрүүд бол өрсөлдөгчид биш, харин нэгэндээ харилцан туслах, нөхөх хандлага бий болсон байна.

         Фэн Чэнь хотын Же Хэ ХХК-ний ажилчид үйлдвэрлэлийн шугам дээр цахилгаан тэргэнцэр угсарч, Европ, Ойрхи Дорнод, Африкийн зах зээлд гаргахаар бэлтгэж байна    Зургийг: ЖӨҮ ЛЯН

Dmall-ийн дарга Жан Вэнжонг:

- Энэ оны эхнээс улс даяар Dmall ба Ү Мэй дэлгүүрийн холбоолон гаргасан хүргэлтийн шинэлэг загвар болох 6000 гаруй "Хорооллын бараа бүтээгдэхүүн авах өртөө" байгуулав. "Онлайн болон офлайн цахим худалдааны гүнзгий нэгдэл нь дижитал эдийн засагт тэсрэлт хийж байна. Энэ бол хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч, хэрэглээний шинэчлэлтийг дэмжихэд чухал нөлөө үзүүлсэн гэж ярьлаа.

Онлайн болон офлайн нэгдэл, нэмэлт давуу талуудын ачаар энэ оны эхний улиралд Suning гэр ахуйн цахилгаан хэрэгслийн брэндийн зах зээлд эзлэх хувийг 25.3 хувь болгон өргөжүүлж, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн брэндүүд дундаа борлуулалтаараа тэргүүлэв. Suning Жижиглэнгийн технологийн судалгааны хүрээлэнгийн дарга Ван Жүнже сэтгүүлчдэд хандан:

- Шинэ эрин үед цахим худалдааны хэрэглээ нь нийлүүлэлтийн хэлхээг онлайн болон офлайнтай  гүнзгий нэгтгэж, жижиглэн худалдааны компаниудыг янз бүрийн хэлбэрийн хангамжийн хэлхээний гүйцэтгэлийн чадвараа сайжруулахыг шаардаж, офлайн дэлгүүрүүдийг онлайнаар  худалдах,  олон хэрэглээний хувилбаруудын нэгдлийг биелүүлсэн гэж мэдээллээ.

- Ерөнхийдөө Хятад улсын эдийн засагт цахим худалдааны хэрэглээг дэмжих дэмжлэг бол маш том. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихад тавигдах шаардлага нь онлайн бараа, үйлчилгээний хөгжлийг хурдасгаж байна. Мөн цахим худалдаа бараа бүтээгдэхүүнийг тохиромжтой, итгэмжтэй болгоход нөлөөлж байна. Түүнчлэн тогтвортой хэрэглээний байдлыг хадгалахын зэрэгцээ холбогдох компаниудад илүү эрч хүч олгосон гэж хэлж болно. Цахим худалдаа цаашдын ирээдүйд хэрэглээг тогтворжуулахад илүү чухал байр суурь эзлэх болно гэж Ван Жүнже ярьсан юм.

Зохиогч: Нийтлэлийг: ВАН ЖҮНЬЛИН
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл