Тэмүүлэгч Юань Кайхуа
Гурван үеийн өвөг дээдсээсээ чулуучин гаралтай, багаасаа чулуутай ойр явсан тэрээр чулуун сийлбэрийг сайн сурахын тулд эрдэнийн чулууны үйлдвэр ба чулуу боловсруулах семинарт ажиллаж байсан түүхтэй. Сүүлийн үед төрсөн нутагтаа буцаж чулууны сийлбэрийг уламжилж авах явцдаа олон хүмүүсийг дайчилж орлогоо үүдэж эхэлжээ.
Алсыг зорьж эрдэнийн чулууны үйлдвэрт ажиллав
Чулуу сонгох, хэлбэржүүлэх, барзгар болгох зэргээр хорин таван жилийн турш толгой бөхийлгөж өдөр бүр 5 цаг гаруй ажилласаар ирэв.
44 настай Юань Кайхуаны төрсөн нутаг Гүйжөү мужийн Лунли тосгонд байдаг. Балчир багаасаа чулуун сийлбэр хийж эхэлсэн тэрээр:
- Би гэртээ чулуун хөшөө сийлдэг. Бага байхад аавыгаа чулуу сийлэх бүрт би цүүцээ барьж хажууд нь чулуу сийлэхийг нь дуурайн тоглож суудаг байлаа. Чулуучин болох үндэс сууриа тэр цагаас тавьсан байх гэж Юань Кайхуа дурссан юм.
Тэрээр бага дунд сургуулиа төгсөөд их сургуульд ороогүй тул ааваасаа чулуун сийлбэр сурахаар болжээ. Өвөг дээдсээсээ уламжилж ирсэн чулуун сийлбэр нь харьцангуй бүдүүлэг тул түүний аав хүүгээ хол явуулж гар урлалын нарийн мэргэжил суралцуулахаар шийдсэн байна.
Юань Кайхуа анх Шэньжэнь хотод очиж цахилгаан барааны үйлдвэрт суурьшжээ. Үйлдвэрийн хавийн эрдэнийн чулууны үйлдвэрт урлагт суурьтай шавь элсүүлэхэд тэр нэрээ бүртгүүлж сурах аянаа эхлүүлэв.
Чулуу сонгож өнгөлөхөөс авахуулаад надад сурах хангалттай олон зүйлс байна гэж тэр хэлж байлаа. Багшийнхаа нүдэнд Юань Кайхуа бол хөндөөгүй эрдэнийн чулуу, нарийн “сийл”-бэл сая “эрдэн”болж чадна.
Энэхүү сургалтын туршлага нь Юань Кайхуагийн хувьд үнэт хөрөнгө болсон гэх. Тэрээр:
- Одоо би шавь хүлээж авч байна. Яг л багштайгаа адил өөрийн шавь нараараа чулуу хэлбэржүүлэх, барзгар болгох ажлыг ахин дахин хийлгэдэг. Энэ бол чулуу сийлэх бүх үйл явцын үндэс юм. Энэ үндсээ баримталж чадвал сая гоо сайхан дүрийг сийлж чадна гэж ярьлаа.
Гурван жил сураад ур мэргэжил аажмаар төлөвшсөн боловч чулуу сийлэхэд өөрийн бүтээлч чанар гол, үзэл суртал, соёл боловсрол ч чухал байдаг. Юань Кайхуа шавь нартаа уламжлалт соёлыг зааж, бүтээлч урам зориг олгохыг зорьдог. “Жао Жюнь мордсон нь” нэртэй сийлбэрийн бүтээлд Жао Жюний түүхэн үлгэрийг ойлгохгүй бол бүх дүр зургийг дүрслэн бүтээхэд амаргүй гэж хэлж байлаа.
Сурсны дүнд бизнес эрхлэхийг зорив
Юань Кайхуа 5 жилийн турш мэргэжил хуримтлуулснаар бие даан сийлбэр бүтээж чадах болж багш нь түүнийг үйлдвэрийн даргаар ажиллуулав. Энэ үед түүнд ч өөрөө бие даан бизнес эрхлэх шинэ санаа төрж эхэлсэн байна.
2000 онд 4000 юань өвөртөлсөн Юань Кайхуа Шэньжэнь хотод 60 метр квадрат байшин түрээсэлж, хоёр машин худалдан аваад шинэ бизнесээ эхлүүлэв. Анх хэрэглэгчээс өөрийн түүхий материалаа авчирч сийлбэр хийлгэдэг байсан үедээ сардаа хэдхэн захиалгатай байдаг учраас тун амаргүй байв. Харин сүүлийн үед өөрөө хэрэглэгч хайх болсон юм.
Тэрээр нэг удаа зуу гаруй захиалга авснаараа ихэд бахархаж явдаг. Гэвч сүүлийн хэдэн сард шинэ захиалгагүй болсноор бас л хэцүүдэж эхлэв. Захиалга ихтэй үед хурдан мөнгө цуглуулахыг бодож нэг сарын хугацаанд дуусгах ажлаа 20 өдөрт дуусгаад том бүдэрснээ бидэнд ярьж байлаа. Энэ бүдрэл түүнд дахин чулуун сийлбэрийн уг санааг сануулж, чулуун сийлбэр бол том урлагийн бүтээл, гар урлаачид бүгд өөрийн бүтээлдээ хариуцлагатай байж, мөнгө олох асуудлыг ардаа тавин бүтээл бүхнийг хүндэтгэх хэрэгтэй гэдэг ёсыг таниулснаар тэрээр хэрэглэгчдээсээ нэг нэгээр нь уучлал гуйж, бизнесээ дахин шинээр эхлүүлэхээр шийдлээ. Хожим нь өөрийн шавь нартаа хатуу шаардлага тавьж, бүтээл бүрийг ямар ч өө сэв орхилгүйгээр дахин дахин өнгөлж хичээн хийдэг болгосон байна.
Тогтвортой үйл ажиллагаа явуулснаар түүний ажиллах өрөө нь аажмаар нэр алдарт хүрч, ажиллах өрөөнд нь түүнтэй нийлээд 17 шавь ажилтантай болов. Тэрээр нэг сард 40-50 мянган юаний ашиг үүддэг ч энэ байдалдаа сэтгэл ханамжгүй байв. Урт удаан жил сурсан гар урлал нь хүмүүст мэдрэгдэж эхэлснээр тэр нутаг буцаж өөрийн гэсэн бүтээл гаргахыг бодов. Түүний төрсөн нутаг Лунли шянь нь эртнээсээ чулуун сийлбэрийн уламжлалтай. Нутаг буцаад ямар нэг зүйлийг бүтээж чадна гэдэгтээ өөртөө маш итгэлтэй байлаа.
Юань Кайхуа 2010 оны 01-р сард нутаг буцсан байна.
Уламжлалт гар урлалаа хөгжүүлэхээр компани байгуулав
2012 онд Юань Кайхуа өөрийн нутагтаа компаниа бүртгүүлж, тэр газар нутагт хамгийн анхны байгуулагдсан бичил аж ахуйн нэгжүүдийн нэг нь болжээ. Түүхий материал үйлдвэрлэхээс борлуулах хүртэлх чулуун сийлбэрийг уламжилж өвлөх хүсэл мөрөөдөл нь бодит байдалд тусгалаа олсон юм.
Өмнө нь гаднаас шавь элсүүлэхэд сургалтын төлбөр авдаг байв. Одоо нутаг буцаж ирээд шавь элсүүлэхэд өөрөө мөнгө зарцуулж хоол хүнс байрны мөнгийг нь төлж өгсөн ч залуучууд нь хэдхэн сарын хугацаанд явчихдаг. Харин цөөн хэдэн хөгжлийн бэрхшээлтэй шавь нь их нарийн суралцдаг учир хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг илүү элсүүлж, тэдэнд гар урлалын мэргэжил хүртээн амьдрах арга зам гаргаж өгөхөөр шинэ төлөвлөгөө гаргасан байна.
Суралцах үе нь дуусаад бизнес эрхэлсэн 25 жилийн хугацаанд Юань Кайхуа 200 гаруй шавь сургаж, түүнээс хамгийн сайн үр бүтээл гаргасан нь хөгжлийн бэрхшээлтэй хэдэн шавь нь юм.
Хөгжлийн бэрхшээлтэй шавь нар нь өмнө нь ажилгүй, амьдрал ядуу байсан учраас чулуун сийлбэрийн мэргэжлийг маш сайн сурсан гэдэг. Одоо Гуандүнд сийлбэрийн мэргэжлээрээ өөр өөрийн ажилдаа гарч бас хөгжлийн бэрхшээлтэй шавь нар элсүүлж байна гэж Юань Кайхуа их баяртай хэлж байв. Чулуун сийлбэрээр маш олон хүний амьдралыг дэмжих нь Юань Кайхуад мөнгө олохоос илүү жаргал.
Чулуун сийлбэрийн мэргэжлийг уламжлахын тулд Юань Кайхуа санаачилга гаргаж оюутнуудад чулуун сийлбэр сургахыг уриалав. Тэрээр хэдэн их дээд сургуулиудтай хамтран сар бүр нэг удаа хичээллэдэг. Багш сурагчид ч мөн түүний компанид очиж суралцдаг байсан. Түүний хичээлд оюутнууд ер нь хоцордоггүй нь түүний урмыг улам хөгжөөв. Эдгээр хүүхдүүд бол манай чулуун сийлбэрийн ирээдүй мөн гэж тэрээр баярлаж явдаг.
25 жилийн тэсвэр тэвчээрээр Юань Кайхуа одоо хүртэл чулуун сийлбэрийн замыг судалсаар байна.
Зах зээлээ өргөжүүлэхийн хувьд тэрээр залуучуудад хүсэл найдлага тавьж байгаа юм. Чулуун сийлбэр нь сонирхож, хадгалах зориулалттай байснаас хэрэглээнд орох хүртэл бүтээлч чанарыг шинэчлэх нь маш их шаардлагатай байж, залуучуудын сонирхдог комиксын минималист хэв маягийг оруулахыг зорьж байна.
Гэр дүүрэн бүтээлийг хараад манай сурвалжлагч аль бүтээл нь хамгийн их таалагдаж байгааг асуухад маргаашийн нар хамгийн тунгалаг гэдгээр “Дараагийн бүтээл нь хамгийн сайн” гэж хариулт өглөө
