Өмнөд туйлын гэрээ зөвшилцлийн 40-р хурал болж буй үеэр, Хятадын албаны талаас Өмнөд туйлын ажил төрлийн хөгжлийн тайланг анх удаа нийтлэв. Тайланд: 30 гаруй жилийн хөгжлөөр, Өмнөд туйл дахь Хятадын ажил төрөл улам сайн хөгжиж, Өмнөд туйлын дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинжлэх ухааны судалгаа, хүрээлэн буй орчны хамгаалалт, тогтвортой ашиглалт, олон улсын солилцоо, хамтын ажиллагаа зэрэг салбарт чухал амжилт гаргав. Тэнгисийн үндэсний газрын дэд дарга Линь Шаньчин хэлэхдээ: Хятад улс Өмнөд туйл дахь ус, хуурай газар, агаараас шинжилгээ хийх хамгаалалтын системийг анх удаа байгуулсан гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Өнөөгийн байдлаар, Хятад улс Чан Чэн, Жүн Шань, Күнь Лүн, Тай Шань зэрэг станц байгуулж, Росс тэнгисийн эрэг дагуу бүсэд шинжилгээний шинэ станц байгуулах талаар идэвхтэй бэлдэж, шинжлэх ухааны шинжилгээ судалгаа хийх "Шюе Лүн" хэмээх хөлөг онгоцтой болсон ба шинэ баазад шинжилгээ хийх явцад мөс бутлах хөлөг онгоц бүтээж байгаа бөгөөд, 2019 онд тэнгисийн гүнд ажиллуулахаар төлөвлөж байна. 2015 онд "Шюе Ин-601" анхны далавчит нисэх онгоцыг Өмнөд туйлын судалгаа шинжилгээний ажиллагаанд албан ёсоор ашигласан" гэжээ.
Тайланд онцлохдоо: 2001-2016 он хүртэл, Өмнөд туйлд шинжлэх ухааны судалгаа хийсэн Хятадын төслийн хөрөнгө оруулалт 310 сая юаньд хүрсэн нь 1985-2000 оноос 18 дахин нэмэгджээ. Өмнөд туйлд шинжлэх ухааны судалгаа хийх түвшин үргэлжлэн дээшилж, Хятадын эрдэмтэд Өмнөд туйлд шинжлэх ухааны судалгааны чиглэлээр нийтэлсэн "Шинжлэх ухааны эшлэл эхлэл" буюу SCI өгүүлэл тоо баримтын талаар дэлхийд эхний 10-т оржээ. Үүнээс гадна, Хятад улс Өмнөд туйлд соёлын суртал ухуулга, шинжлэх ухааны боловсролыг эрчтэй өрнүүлж, Өмнөд туйлд онцгой хамгаалалтын бүс буюу удирдан хамаарах бүсийг бие даах буюу хамтран байгуулж, Өмнөд туйлын байгаль орчин, экологийн системийг үр ашигтай хамгаалж чадсан байна. Линь Шаньчин хэлэхдээ, Эдүгээ, Хятад улс Өмнөд туйлын онцгой удирдлагын бүс болох мөсөн бөмбөг А Күньлүнь өртөөг эрчимтэй байгуулж, тус онцгой бүсийн шинжлэх ухаан, байгаль орчны үнэ цэнийг хамгаалж байна гэжээ.
Үүний зэрэгцээ Хятад улс Өмнөд туйлыг хамгаалах ажилд идэвхтэй оролцож, олон улстай өргөн хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэн, Өмнөд туйлд хамтран ажиллах түншийн сүлжээг бий болгоод байна. Хятад улс АНУ, ОХУ, Бельги, Герман, Франц, Итали, Их Британи, Европын холбоотой Өмнөд туйлын шинжлэх ухааны судалгааны салбарт хамтран ажиллаж, засгийн газар болон судалгааны байгууллага хооронд олон хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурав. Хятад, Норвеги улс 2017 онд байгууллага хоорондын өмнөд, хойд туйлын бүсэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах асуудлаар ярилцаж байна. Хятадын "Шюе Лүн" усан онгоц, "Шюе Ин-601" нисэх онгоц олон улсын хүмүүнлэгийн тусламжийн үйлсэд хамрагдан, өмнөд туйлын тусламжийн үйл ажиллагаанд олон дахин оролцож байна.
Тайланд онцлохдоо, "Өмнөд туйлын гэрээ"-ний зөвшилцөх орны хувьд Хятад улс Өмнөд туйлыг энх тайвны зорилгоор ашиглах замаар гуйвшгүй замнаж, судалгааны ажлын баталгааг сайжруулан, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Өмнөд туйлын "хүн төрөлхтний хамтын цогц"-ыг байгуулах болно гэжээ.
