Швейцарын Женев хотноо 05-р сарын 24-нд Дэлхийн эрүүл мэндийн далан дөрөв дэх чуулган нээлтээ хийлээ. Энэ хурал видео хэлбэрээр явагдсан бөгөөд 06-р сарын 01 хүртэл үргэлжилнэ. Бүх талууд энэхүү чуулганаар дэлхийн цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьж байна. Цар тахлын эсрэг дэлхийн тэмцэлд Хятад улс үргэлж анхаарал хандуулж, бусад улс орнуудад туслалцаа үзүүлсээр ирсэн бөгөөд энэ нь ард иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг хариуцдаг төдийгүй дэлхийн нийтийн үйл хэрэгт их хувь нэмэр оруулсан гэж олон шинжээч, судлаачид үздэг.
Чуулганаас цар тахлыг нэн даруй зогсоох шаардлагатай байгааг онцоллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тан Десай хэлэхдээ, энэхүү чуулган нь дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэх, ДЭМБ-ын эрхэм зорилго, зорилтыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Чуулганы хэлэлцэх асуудал нь эрүүл мэндтэй холбоотой тогтвортой хөгжлийн зорилтууд, тухайлбал, бүх нийтийн эрүүл мэндийн хамрах хүрээг 1 тэрбум хүн хүртэх, эрүүл мэндийн онцгой байдлын үед 1 тэрбум хүнийг хамгаалалтад авах, 1 тэрбум хүний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зэрэг болно. ДЭМБ-аас хэвлэлийн мэдээ нийтэлж, цар тахал нь дэлхийн хүн бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд заналхийлж байна гэж мэдэгджээ.
Энэ удаагийн Дэлхийн эрүүл мэндийн чуулган нь цар тахлын их тархалтыг эцэслэн шийдвэрлэх, дараагийн цар тахлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй, шударга ертөнцийг цогцлоох явдал болно. ДЭМБ-ын хамгийн сүүлийн статистик мэдээгээр 5-р сарын 23-ны байдлаар дэлхий даяар цар тахлын шинээр батлагдсан тохиолдлын тоо 166 сая гаруйд хүрч, 3,44 сая гаруй хүн нас баржээ. Дэлхийн цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил үргэлжилж байна. Саяхан батлагдсан тохиолдлын тоо буурсан боловч шинэ тохиолдлын тоо өндөр түвшинд хэвээр байна.Зарим орнуудад тахал дахин давтагдан гарсаар байна. Тан Десай хэлэхдээ, цар тахлын эсрэг дэлхийн тэмцэл нэн чухал үе шатанд байгаа бөгөөд вакцины шударга бус хуваарилалт зэрэг бэрхшээлүүд нь цар тахлын эсрэг тэмцлийн үр дүнд муугаар нөлөөлж байна гэжээ.
Энэ сарын эхээр ДЭМБ тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр улс төрийн манлайллыг сайжруулах, тархвараас урьдчилан сэргийлэх ажилд дэлхийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг сайжруулах, хяналт, шинжилгээг сайжруулах, эрт сэрэмжлүүлэх систем, хэрэгсэл, хангамжийн платформ байгуулах гэх мэт санал дурджээ. Хэдхэн хоногийн өмнө болсон Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний уулзалтын үеэр олон орны удирдагчид, бүс нутгийн байгууллагуудын төлөөлөгчид тахлын эсрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн эрүүл мэндийн хямралаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан арга хэмжээ авахыг уриалав.
Өнгөрсөн оны 5-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн эрүүл мэндийн чуулганы 73-р видео хурлын нээлтийн үеэр үг хэлж, дэлхийн цар тахлын эсрэг хамтын ажиллагааны хүрээнд Хятад улс олон арга хэмжээ авахыг дэмжиж байгаагаа мэдэгдэж, хариуцлагатай томоохон улсын хариуцлагыг харуулжээ. Хятад улс тахал өвчнийг даван туулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг сэргээх зорилгоор тахал өвчнөөр нэрвэгдсэн хөгжиж буй орнуудад хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлж, 150 гаруй улс орон, олон улсын 13 байгууллагад тахлын эсрэг материаллаг тусламж үзүүлэв. Хятад улс дотоодын вакцинжуулалтыг эрчимтэй сурталчлахын зэрэгцээ дэлхийн 80 гаруй оронд вакцины тусламж үзүүлж, 43 оронд вакцин экспортолжээ. Одоогийн байдлаар Хятад улс дэлхий даяар 300 сая тун вакцин нийлүүлээд байгаа бөгөөд энэ нь дэлхийн хамгийн олон тооны вакцинаар хангаж буй улс болж байна.
ОХУ-ын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятадын улс төр, эдийн засгийн газрын захирал Сергей Луконен онцолж хэлэхдээ, Хятад улс дэлхий даяар тахал өвчинтэй тэмцэх, дэлхийн эрүүл мэндийн засаглалыг сайжруулах, хамтран байгуулах санал болгож байна. Энэ нь маш чухал ач холбогдолтой байдаг.
Хятадын асуудлаарх Францын шинжээч Соня Бресли хэлэхдээ, Хятад улс тахлын эсрэг тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, өндөр хариуцлагын мэдрэмж, эв санааны нэгдлийг барьж байна. Вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбооны гүйцэтгэх захирал Сет Беркли манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа Хятад улс цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, ялангуяа вакциныг дэлхий даяар тэгш хуваарилах ажлыг идэвхжүүлэхэд идэвхтэй тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн гэж хэлсэн. Узбекистаны Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны их сургуулийн профессор Турсунали Кузьев хэлэхдээ, Өнөөгийн ертөнц урьд өмнө хэзээ ч байгаагүй их эв нэгдэл, хамтын ажиллагааг шаардаж байна. Гагцхүү олон улсын хамтын хүчинд түшиглэн энэхүү тахлыг даван туулж чадна гэжээ.
