Өвөр Монголын Хянган аймгийн Жян Чуань 1995 онд “Чингис хаан үсэг таних эсэх тухай магадлал” гэх өгүүлэл туурвиж “Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухаан” сэтгүүлд нийтлүүлж байсан төдийгүй, 1997 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод явагдсан Долоо дахь удаагийн олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний хурал дээр уншиж, нэлээд эрт “Чингис хаан үсэг бичиг таньдаг” гэсэн үзлээ дэвшүүлж байсан хүмүүсийн нэг юм. Жян Чуань чухам ямар үндэслэл баримт дээр тулгуурласан бол?
Жян Чуань энэхүү үзлээ дурдахдаа Елюй Чуцай “玄风庆会录 (Бумбын суртлыг дэлгэрүүлсэн баяр хуримын тэмдэглэл )”-д тулгуурласан байна. Тус тэмдэглэлд үндэслэвэл, хар морин жилийн ( 1222 он ) өвлийн 10-р сарын 16-ны өдөр эзэн Чингис хаан “Баруун орны цаст ууланд (Афганистаны хил дэх Hindu-Kush уул---ишлэгч) ав тавьж байжээ. Энэ шөнө эзний цацарт гал бамбар асааж, их мандал босгон, өмнөх суудлыг суллан Чань Чүнь бумбыг урьж урт наслахуйн ёсныг сурчээ”, “Ёсныг айлтган дуусасны хойно эзэн зарлиг болруун:‘ - Чин үнэнч ёсны сургаалыг хичээнгүйлэн сонслугаа … хичээнгүйлэн гүйцэтгэсүгэй’” гээд “Шадар түшмэдэд зарлиг болруун:‘- 录之简册,朕将亲览。其有玄旨未明者,续当请益焉 ( Үүнийг Хөх сударт оршуул, би биеэр шүүн үзсүгэй. Түүний доторх гүн нарийн утгыг үл ойлгох зүйл байваас дахин залж заалгасугай )’ хэмээжүхүй” гэж бичсэн байдаг аж.
Энд хэлж байгаа “Үүнийг Хөх сударт оршуул, би биеэр шүүн үзсүгэй” гэсэн нь ёсныг айлтгасан сургаалыг эмхэтгээд бичиг материал болгон данс эвхмэлд оруулан үлдээсүгэй, Чингис хаан өөрөө уншиж үзнэ гэсэн үг юм. “Түүний доторх гүн нарийн утгыг үл ойлгох зүйл байваас дахин залж заалгасугай” гэсэн нь эмхэтгэлийг уншиж үзээд ойлгохгүй зүйл байвал дахин заалгасугай гэсэн утгатай.
Энэхүү тэмдэглэлээс Жян Чуань гуай Чингис хаан үсэг бичиг таниж мэддэг гэсэн магадлал гаргасан төдийгүй, уншиж ойлгох чадварыг нь ч доор үнэлж болохгүй гэснийг түүхийн бодит тэмдэглэл гэрчилж байна. Харин зөвхөн монгол бичиг мэдэх үү, эсвэл монгол, хятад бичиг бүгдийг мэдэх үү гэдгийг улам цаашид шинжилж магадлах хэрэгтэй гэсэн байна.
Энэхүү “Бумбын суртлыг дэлгэрүүлсэн баяр хуримын тэмдэглэл” нь “ 道藏 ( Бумбын суртахууны ганжуур) ”-т түүвэрлэгдэж, 1990 онд Жэжян мужийн Ардын хэвлэлийн хорооноос хэвлэгдэн гарсан байна.
Жян Чуань, Хятад үндэстэн, Өвөр Монголын Хянган аймгийн Түчюань шяниар нутагтай, тэтгэвэрт гарахаасаа өмнө Өвөр Монголын Хорчин Баруун Гарын Өмнөд хошууны соёлын төв, ажилчны эвлэл, утга урлагийн холбоо зэрэг байгуулгуудаар ажиллаж байв.
