
“Шинэ долгион” FM 107,5 радиогийн 18 жилийн ой 2016 оны тавдугаар сарын 15-нд тохиох гэж байна. Тус радиогийн хамт олон ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радио болон “Солонго мэдээллийн төв”-тэй хамтран ажилладаг билээ.
“Шинэ долгион” FM 107,5 радиогийн хамт олонд ойн баярын мэнд хүргээд тэнд ажилладаг уран бүтээлчид эрхлэн хүргэдэг нэвтрүүлгүүдийнхээ талаар ийнхүү ярьж байна.
Хөтлөгч О.Сайханцэцэг: “Солонго” сэтгүүлийн хэвлэмэл бүтээлүүдийг хүмүүсийн сонорт хүргэх зорилгоо амжилттай биелүүлж байна
-“Солонго” сэтгүүлийн уншигчидтайгаа мэндчилж байна. Агаарын цэнхэр долгионоор учирдаг бид өнөөдөр сэтгүүлийн хуудсаар уулзаж байгаадаа маш их баяртай байна. Тооны хувьд бага хүний хүчээр чанарын хувьд онц нэвтрүүлгүүд бэлтгэх гэж манай хамт олон өнөөдрийг хүртэл чармайн хөдөлмөрлөж байна. Миний эрхлэн бэлтгэдэг “Хуурын эгшиг” нэвтрүүлэг нь үндэсний хөгжмийн зэмсэгтээ анхаарал хандуулдаг бол “Солонго радио сэтгүүл” маань бидний хамтрагч, уншигч таны дуртай “Солонго” сэтгүүлийн хэвлэмэл бүтээлүүдийг сонороор тань дамжин хүргэх зорилгоо амжилттай биелүүлж байна.
Найруулагч Б.Сайнсанаа: ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн залуустай хамтран ажиллаж буй нь шинэ амжилтыг дагуулж байна
-Бид 18 жилийн турш радио салбартаа тэргүүлэн ажиллахдаа үргэлж шинийг эрэлхийлж, ажилдаа нэвтрүүлсээр ирсэн. 2014 оноос бидний мэргэжил нэгт ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн залуустай хамтран ажилласан нь мөн л шинэ туршлага, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ амжилтыг дагуулж байгаад уран бүтээлчийн хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байна. Миний хувьд Өвөр Монголын дуу хөгжимтэй холбоотой “Энэ цагийн дуулал”, “Монгол аялгуу” нэвтрүүлгүүдийг эрхлэн бэлтгэдэг болсноор Монгол Улсын сонсогчдоо ӨМӨЗО-ны шилдэг уран бүтээлчидтэй танилцуулах, ардын болон орчин цагийн дуу хуурын ертөнцөд аялуулах эрхэм үүрэгтэй болсондоо туйлын баяртай байна.
Хөтлөгч Өлзийхүү: Шинэ нэвтрүүлэг бүр ажил амьдралын нэгэн том хичээл болдог
-Залуу уран бүтээлчид бидний хувьд шинэ нэвтрүүлэг бүр ажил амьдралын нэгэн том хичээл болдог гэж би боддог. “Талын дуу хоолой” радиотай хамтран ажилласнаар ертөнцийг үзэх хувь хүн миний үзэл бодол өргөжин тэлж дэлхий ертөнц, хүмүүн бидний амьдралыг өөр өнцгөөс хардаг болсон юм болов уу. Үндэсний соёл зан заншлаа судалж, мэдэж, хойч үедээ үлдээх ёстой гэдгийг надад миний хариуцдаг “Мартаж болохгүй соёл” нэвтрүүлэг маань даалгадаг, монгол хүний оюуны бүтээл үнэлшгүй их өв хөрөнгө маань юм байна гэдгийг “Зохиогчийн дэвтэрнээс сонсогчийн сонорт” нэвтрүүлэг маань ухааруулдаг, агуу амжилтыг агуу хөдөлмөр, хичээл зүтгэл л авчирдаг юм байна гэдгийг “Амжилтын гүүр” нэвтрүүлэг сургадаг, радио бол хайр сэтгэлийн бат бөх гүүр юм гэдгийг “Мэндийн хадаг” нэвтрүүлэг ойлгуулдаг билээ.
Хөтлөгч Намхайжанцан: “Талын дуу хоолой” радиотой хамтран ажилласнаар үүрэг хариуцлага маань хоёр дахин нэмэгдсэн
-Манай радиогийн хамт олны хувьд “Талын дуу хоолой” радиотой хамтран ажилласнаар үүрэг хариуцлага маань хоёр дахин нэмэгдсэн гэж би бодож байна. Хоёр орны найрамдал, соёл урлагийн хамтын ажилд бид өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа шүү гэж бодоход улам их урам ордог юм шүү. Тэгээд ч миний хувьд “Найрамдлын нандин холбоо” нэвтрүүлгийг сонсогчиддоо хүргэдэг шүү дээ. Утга уянгын яруу тэнгэрт өөрийн одоо гялалзуулж яваа хоёр орны яруу найрагчдаа болон тэдний уран бүтээлийг танилцуулах үүргээ би “Өврийн дэвтэр” нэвтрүүлгээрээ гүйцэтгэдэг.
Хөтлөгч Ц.Ариунаа: Монголын болон Өвөр Монголын залуучуудаасаа би өөрөө ч ихийг сурч, тэдний эрч хүчийг мэдрэх сайхан байдаг
-Манай FM 107.5 радио өөрийн түүхэн хугацаандаа радио телевизийн залуу уран бүтээлчийн хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэх эрхэм үүргээ үргэлж гүйцэтгэсээр ирсэн. Өнөөдөр Монголын радио долгион, телевизийн дэлгэцнээс олон шавь нар маань мэндчилж байдагт бид бахархдаг юм. Өнөөдрийн миний хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаа залуу ажилтнууд энэ уламжлалыг дагаж Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт би эргэлздэггүй. Монголын болон Өвөрмонголын залуучуудаасаа би өөрөө ч ихийг сурч, тэдний эрч хүчийг мэдрэх сайхан байдаг. Энэ эрчээрээ би “Оддын чуулган”, “Дэлхийн монголчууд” нэвтрүүлгүүдээ “Энх мэндийн хөөрөг” хөтөлбөрийн хүрээнд бэлтгээд зогсохгүй мөн өөрийн радиогийн бусад нэвтрүүлгүүдээ сонсогчиддоо хүргэсээр байна.
-“Шинэ долгион” FM 107,5 радиогийн хамтран ажиллагчид болон идэвхтэн сонсогчид-
Хятад судлаач, сэтгүүлч, орчуулагч, МУСГЗ Цэрэнгийн Сүрэнжав: Хоёр орны найрамдал, харилцан ойлголцлоо бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна

-Юуны өмнө “Шинэ долгион” FM 107.5 радио станц агаарын долгионоор нэвтрүүлгээ цацаж эхэлсний 18 жилийн ой болж байгааг тохиолдуулан танай радиогийн хамт олон болон танай нэвтрүүлгийг чих тавин сонсож байдаг өргөн олон радио сонсогчдод чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. “Шинэ долгион” 107,5 радио станц манай өмнөд хөршийн өвөрлөгч монгол ахан дүүстэйгээ хамтарч нэвтрүүлэг явуулдгийг бид мэднэ. Нөгөө талаар тус радиогийн ерөнхий эрхлэгчээр ажилладаг Ц.Ариунаатай олон жилийн өмнө Монголын радиод хамт ажиллаж байсан ажил мэргэжил нэгтэй сайн танил нөхөд болохоор би чадахын хэрээр нэвтрүүлэгт оролцож байдаг юм.
Хоёр гаруй жилийн өмнө анх хамтын ажлаа эхлүүлсэн “Талын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгээр сонсогч олон түмэндээ, ялангуяа манай монгол ахан дүүс өвөрлөгч монголчууддаа буян үйлдэж, биднийг бие биесээ таньж ойлгох, хоёр орны найрамдал, харилцан ойлголцлоо бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Дэлхий дахины язгуурын монголчууд өөр хоорондоо сэтгэл санааны хувьд ойр дөт байж, биесээ ойлголцож, харилцан хүндэтгэж байх нь Монгол Хятад хоёр орны ард түмэн эв найртай урагшлан хөгжиж, хамтран ажиллаж, харилцан нөхөж зэрэгцэн аж төрөхөд ихээхэн тус дөхөм болж байдаг. Өнгөрсөн 18 жилд тус радиогийн агаарын долгионоор нэвтрүүлсэн төрөл бүрийн сонин содон хөтөлбөрүүд, яриа ярилцлагууд манай сонсогчдод эх болсон монгол хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх, яруу сайхан монгол хэлээрээ бахархах, ялангуяа залуус багачууд үндэсний хэл соёлоо дээдлэхэд жинтэй хувь нэмэр болж байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Бид “Дэлхийн монголчууд” гэдэг цуврал ярилцлага явуулж байгаа бөгөөд хоёр орны маань сонсогчид шимтэн сонсоно гэж бодоход их л урам зориг ундарч байдаг билээ. Цаашид тус нэвтрүүлэг хэд хэдэн удаагийн ярилцлагаар үргэлжлэх бөгөөд өөр сэдвээр ч агаарын долгионоор бид байнга уулзаж байна гэдэгт итгэл дүүрэн байна.
Эцэст нь эрхэм радио сонсогч өвөрлөгч ахан дүүс та нартаа манай радио станцын 18 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байгааг минь хүлээн авах болов уу.
“Монгол хуур” төвийн тэргүүн, морин хуур урлаач Б.Сүхбаатар: Өвөр Монголд танилын хүрээ маань нэмэгдсэнд би их олзуурхаж байна
-Юуны өмнө 18 жилийн турш нийслэлийн сонсогч олондоо өдөр тутмын шинэ мэдээ, мэдээллийг өгч, FM радио гэдэг зүйлийг стандартын дагуу ажиллуулж, өдий олон жил амжилттай ажиллаж ирсэн “Шинэ долгион” FM 107,5 радиогийн хамт олонд баяр хүргэе!
Манай “Монгол хуур” төвийн хувьд FM 107.5 радиотой ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн “Энх мэндийн хөөрөг” хөтөлбөрийн хүрээнд хийдэг “Хуурын эгшиг” нэвтрүүлэг дээр хамтран ажилладаг. Үр дүнд нь үйл ажиллагаа маань өргөжлөө. ӨвөрМонголд танилын хүрээ маань нэмэгдсэнд би их олзуурхаж байгаа. ӨМӨЗО-оос хэд хэдэн хүн манайд хандаж морин хуур захиалсан. Үйл ажиллагааны маань хүрээ тэлж байна. Цаашдаа шинэлэг олон ажил санаачилж, зохион байгуулаарай гэж “Шинэ долгион”-ныхоо хамт олонд хүсье!
“Шинэ долгион 107.5” радиогийн идэвхтэн сонсогч Н.Баасанжав:Би өөрөө түүх соёлыг их сонирхдог болохоор ч тэр үү “Солонго” сэтгүүлийг их уншдаг
-Би энэ радиог сонсоод 18 жил болж байна. 18 жил гэдэг бол,
Ааг омогтой 18 нас
Алдаж эндэж болдог 18 нас
Ардын их хурлын сонгуульд ордог 18 нас
Авгай хүүхэд аваад орон гэрээ төвхнүүлэх 18 нас
Айл гэр болох 18 нас
Ард түмэндээ өөрийнхөө туршлагыг мэдүүлэх 18 нас гэж хэлж болохоор байгаа юм.
Би ӨвөрМонголын сонсогчидтой FM 107.5 радиогоор болон “Солонго” сэтгүүлээр дамжуулан харилцаатай байхыг хүсч байна. Өвөр Монголын “Талын дуу хоолой” радиогийн хамтарч хийж байгаа нэвтрүүлгүүд нь өндөр агууламжтай, танин мэдэхүйн ач холбогдолтой нэвтрүүлгүүд байдаг. Тэр дундаа босоо монгол бичгээ сурталчлан таниулж эхэлсэн нь маш зөв зүйтэй ажил. Би өөрөө түүх соёлыг их сонирхдог болохоор ч тэр үү “Солонго” сэтгүүлийг их уншдаг. Өвгөн ах нь та бүхэндээ цаашид орчин үеийн хүмүүсийн сонирхол, эрх ашигт нийцсэн олон сайхан нэвтрүүлэг бэлтгэн хүргэхийг хүсье!
