
У.Хүрэлсүх Хятадын ерөнхий сайд Ли Кэчянд мэндчилгээ дамжуулахыг Ван Игаас хүсээд: - Монгол, Хятад улс бол мөнхийн хөрш, иж бүрэн стратегийн түнш юм. Хоёр орны харилцаа эрчтэй хөгжиж, хөрш орнуудын найрсаг харилцааны үлгэр жишээ боллоо. Монгол Улс "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримтлан, Тайвань, Төвд бол Хятадын салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэсэн байр суурийг баримтална. Тайвань, Түвдийн асуудал бол Хятадын дотоод хэрэг юм. Монгол, Хятад улсын дунд улс төр, эдийн засаг, нутаг дэвсгэр, шашны талын асуудал байхгүй, хамтын ажиллагааны нөөц ихтэй, хэтийн төлөв саруул юм. Монгол Улс "Хөгжлийн зам" санаачилгаа Хятадын "Бүс ба зам" санаачилгатай холбон, хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааны түвшинг шат ахиулахын төлөө хүчин зүтгэнэ. Хятад улсын олон жилийн турш Монгол Улсын хөгжил, ард иргэдийн амьжиргаанд үзүүлсэн дэмжлэг тусламжид чин сэтгэлийн талархал дэвшүүлье. БНХАУ-ын тусламжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулж байгаа нь тус хотын экологийн орчныг сайжруулж, Монгол Улсын ард иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Ирэх жил Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Хоёр тал энэ боломжийг ашиглан, хоёр талын харилцааны хөгжлийг дүгнэж, ирээдүйн хамтын ажиллагааг төлөвлөн, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын тулд хамтдаа хүчин чармайлт гаргахыг хүсэж байна гэжээ.
Ван И сайд Ли Кэчян ерөнхий сайдын дэвшүүлсэн халуун мэндийг Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав. Ван И: - Хятад, Монгол бол хаяа нийлсэн найрсаг хөрш юм. Хоёр орны бүх талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгах нь хоёр талын цорын ганц зөв сонголт юм. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг. Монгол Улс "Нэг Хятад"-ын бодлого баримталж, хоёр улсын язгуур эрх ашгийг хөндсөн асуудлаар БНХАУ-тай харилцан дэмжлэг үзүүлэх нийтлэг ойлголтод хүрлээ. Хятад, Монгол хоёр орон, улс төрийн бат бэх харилцан итгэлцэлтэй байвал хоёр талын харилцаа хурдтай, эрүүлээр хөгжинө гэдэгт итгэж байна гэжээ.
Мөн өдөр Ван И сайд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл"-ийн нээлтийн ёслолд оролцож, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хамт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын "Бүс ба зам" шалган нэвтрүүлэх тусгай гарцтай танилцсан юм.
