Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2021 оны жил тутмын хурал 18-ны өдөр “Дэлхийн өөрчлөлт: Дэлхийн засаглалыг хэлэлцэж, “Бүс ба зам”-д нэгдье” уриан дор Хайнаньд нээлтээ хийв. Мөн өдөр хоёр тайлан нийтэлж, 2021 онд Азийн эдийн засаг сэргэх бөгөөд нэмэгдлийн хурд нь 6.5 хувийг давах төлөвтэй байна гэжээ.
Чуулга уулзалтын эхний өдрийн хэвлэлийн бага хурал дээр: “Тогтвортой хөгжиж буй Ази ба дэлхий”, “Азийн эдийн засгийн ирээдүй ба интеграцын үйл явц” хоёр тайланг нийтэлжээ. Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын байнгын тайлангийн хувьд энэ жилийн “Азийн эдийн засгийн ирээдүй ба интеграцын үйл явц”-ад тэмдэглэхдээ "Ковид-19"-ийн цар тахлын нөлөөнд автсан энэ үед Азийн эдийн засаг ерөнхийдөө дэлхийн бусад бүс нутгийнхаас сайн байгаа гэжээ. Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын Нарийн бичгийн дарга Ли Баодүн хэлэхдээ "2021 онд цар тахал нь мөн л Азийн эдийн засагт нөлөөлөх гол хүчин зүйл болох юм. Гэхдээ Азийнхан өргөн цар хэмжээнд "Ковид-19"-ийн вакцин тариулахын хирээр цар тахлыг хяналтдаа авах боломжтой гэжээ. “Ази нь дэлхийн хэмжээнд цар тахлыг хамгаас эрт тогтоон барьж, үйлдвэрлэлээ сэргээсэн тул энэ онд Азийн эдийн засаг хурдацтай сэргэх бөгөөд нэмэгдлийн хурд нь 6.5 хувийг давах төлөвтэй байна. Хятадын “Бүс ба зам”-ын санаачилга болон “АСЕАН-ы дэд бүтцээр холбогдох ерөнхий төлөвлөлт 2025”, түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалт зэрэг бүс нутгийн болон дэлхийн чанартай дэд бүтцээр холбогдох санаачилгыг уялдаатай холбох нь цар тахлын дараах бүс нутгийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн сэргэлт, хөгжилд маш чухал ач холбогдолтой юм.”
Энэ жилд Бө-Аогийн Азийн чуулга уулзалт байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн чуулга уулзалтын үед тогтвортой хөгжлийн цуврал тайлан “Тогтвортой хөгжиж буй Ази ба дэлхий”-г анх нийтэлж байгаа юм. Тайланд Хятад Энэтхэг Индонез Япон Казахстан зэрэг бүс нутгийн төлөөлөл болсон Азийн орнуудын байдлыг судалсны дүнд эрүүл мэнд, дэд бүтэц, ногоон хөгжлийн хэлбэрт шилжих болон дижитал түвшний ялгаа нь одоогийн Азийн эдийн засгийн тогтвортой сэргэлтийн саад тотгор болж байгаа гэж үзжээ. Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд сургуулийн орлогч захирал Лян Зычянь: Эрүүл мэндийн салбарын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх нь тогтвортой хөгжлийг дэмжихийн амин чухал зүйл мөн гэжээ:“Тогтвортой хөгжлийн зорилт нь зөвхөн Төв Азийн орнуудад гэсэнгүй Ази болон дэлхий нийтийн хэмжээнд анхаарал хандуулж буй асуудал гэдэгт бүгдээрээ санал нэг байгаа. Бидний тогтвортой хөгжлийн шинэ загвараа олохыг дэлхий нийтээрээ хүсэн хүлээж байна. Тус тайланд хөгжлийн үйл явцаа дүгнэж, тогтвортой хөгжилд тулгарч буй эрүүл мэнд, дэд бүтэц, ногоон хөгжил, дижитал зэрэг дөрвөн салбарын хөгжлийн алдагдлыг системтэй тайлбарлажээ. Хөгжлийн алдагдлын эдгээр асуудлыг шийдвэрлэх нь тогтвортой хөгжлийг дэмжихийн амин чухал зүйл юм”.
НҮБ-аас Хятадад суугаа зохицуулагч Сиддхартх Чаттэржээ хэлэхдээ, одоогийн нийтэлсэн энэ хоёр тайлан нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад удирдамжийн ач холбогдолтой байдаг гэсэн бөгөөд цар тахлаас урьдчилан сэргийлж хянах талаарх Хятад улсын бодлогыг сайшаасан байна. “Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад нийтэлсэн хоёр тайлан маш чухал. Эдгээр тайлан нь бидний дэлхийн эдийн засгийн сэргэлтийн алхааг хурдасгахад удирдамж болно. Ташрамд цар тахлаас урьдчилан сэргийлж хянах талаар Хятад улсын авч хэрэгжүүлсэн бодлогыг сайшааж байна. Үр дүнтэй эдгээр бодлогын ачаар бид энэ удаагийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж чадсан”.
