Энэ удаагийн үйл ажиллагаа нь “Мөнх ундрах Санжийн булаг”-Санжийн булаг багийн номын тараах ёслол, Санжийн булаг багийн гурав дахь удаагийн ардын наадам хэмээх хоёр том агуулгаар зохион байгуулан явуулж билээ. Ардын наадам дээр багийнхаа хөдөлмөрийн жишээч, өндөр настнууд, ахмад настнаа асарсан бэрүүд зэрэг 100 гаруй хүнийг шагнан хөхүүлж, малчин түмний амьдралаа цогцлоож, үйлдвэрлэл амьдралаа өдрөөс өдөрт өөдлүүлж явах итгэл зоригийг нь хөвчилсөн байна. Үүнээс гадна бөхийн барилдаан, морин уралдаан зэрэг наадам хийжээ.
Санжийн булаг баг хошууны төв Мянгат суурингаас зүүн тийш 40 гаруй километрт байрладаг. Нутаг бэлчээр нь уулархаг, тал, шил, хөндий, хоолой залгалдсан бутлаг нутаг болно. Энэ сайхан нутаг нэгэн үеийн олон суут хүмүүсийг бүүвэйлэн өсгөсөн гэдэг. Алдарт зураач, яруу найрагч Ш.Мөрөний аав Рашдондог, алдарт дуучин Чулуу зэрэг олон алдарт хүн тус нутгийн уугуул юм. Энэ нутгаас бас улс, орон, аймгийн зэрэглэлтэй шагнал хөхүүлэл хүртсэн ажилтан, малчин олон гарсан байдаг. Энэхүү олон алдарт хүмүүс, нутаг усныхаа түүх соёлыг “Мөнх ундрах Санжийн булаг” хэмээх номдоо бичиж тэмдэглэн, энэхүү баярт мөчид тус номоо тараах ёслолыг хийж, олон хүнд нутгаа таниулснаар барахгүй энэ нутгийн үр хойчдоо нутгийнхаа тухай бүрэн тэмдэглэлийг үлдээж өгсөн юм.
Энэ удаагийн багийн наадмын бөхийн барилдаан, сур харвалт, морин уралдаанд ойр хавийн сум суурин болон бусад хошуунаас бөхчүүд, сурчид, уяачид идэвхтэй оролцсоноор барахгүй бусад хошууны наадамчид ч хүрэлцэн ирж наадам үзэж сонирхов. Хүчит бөхийн барилдааны тэргүүнд аварга бөх Бүрэнсайн үзүүрлэж, мөнгөн эмээл хазаартай мориор шагнуулан, 45 газрын холын зайн морин уралдааны тэргүүнд Авга хошууны уяач Гэрлийн морь тэргүүлэн эмээл хазаартай мориор шагнуулж билээ. Багийн найр наадам ер нь агуулга баялаг, хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Энэхүү найр наадам дээр эрийн гурван наадмаас гадна дээс татах уралдаан, хүч залгаж гүйх уралдаан, малчдын уран сайхны тоглолт зэрэг олон сайхан агуулга бүхий уралдаан тэмцээнийг зохион байгуулж малчдын соёлын амьдралыг баяжуулжээ.
“Би 1975 оноос багийн ажлыг хийж эхэлсэн. Тухайн үед манай багийн малын тоо толгой 10 мянгыг давж, анхны ардын наадмыг хийж байсан. 1982 онд хоёр дахь удаагийн ардын наадмаа хийсэн. Одоо малчдын аж амьдрал автомат зүйлсийг хэрэглэх болсон нь их хөгжил дэвшил хэмээн бодож байна” гэж багийн Намын нарийн бичгийн дарга асан, багийн дарга Жалцанжав багийн гурав дахь удаагийн найр наадмын тухай эргэцүүлэн ярьж билээ.
