Газар нутаг бүрт өөрийн гэсэн онцлогийг агуулсан алт мөнгөн эдлэлийн ур хийц гэж бий. Дөрвөд нутгийнхаа мөнгөн эдлэлийн ур хийцийг өвлөн уламжлах гэж цаг наргүй хөдөлмөрлөж яваа энэ залуухан өвлөгчийг С.Сувдангэрэл гэдэг. 2014 онд Дөрвөд хошууны төвд “Сувдангэрэлийн мөнгөн дархан“ нэртэй дэлгүүрээ ажиллуулж эхэлсэн түүхтэй. Дэлгүүрт нь ороход алт мөнгө, зэс зэрэг олон үнэт эдлэл худалдах бөгөөд ахуйн хэрэглээний мөнгөн аяга, мөнгөн эмээл, зэс тогоо, шанага, данх, домбо гээд нүд хужирлах эд эдлэлүүд бишгүй харагдана. Эдгээр бол Сувдангэрэлийн хэдэн жилийн турш цаг нартай уралдан дарх хийж, төмөр нүдэн, хөх утаанд нүдээ хорстол сууж байж урласан бүтээлүүд юм.

Дархан хүн аливаа юмны учир зүй, эвийг сайн олж чаддаг. Хумсын чинээ ч алдалгүй гагнадаг нарийн мэргэжилтэй болохоор Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Ур дүй гэдгийг мэдлэгээр цэнэглэж байж бүтээл хийх хэмжээнд хүрдэг. Сувдангэрэлийн хувьд 2006-2010 оны хооронд Монгол Улсын СУИС-ийн харьяа Дүрслэх Урлагийн Дээд Сургуульд сурч, Монгол Улсын Төрийн дархан Д.Энхдаваа багшаас дархны ур чадварыг эзэмшсэн байна. Дархан хүн бүтээлээ хийх олон аргатай.
Сувдангэрэлийн бүтээлд ихэвчлэн Дөрвөд нутгийнхаа утсан сүлжмэл, хөөмөл, зүсүүр зэрэг аргаар бүтээдэг. Техник технологийн дэвшил, хөгжлийн өнөө үед тэрээр бүтээлээ хийхдээ аль болох байгалийн цэвэр чулуун шигтгээгээр чимж, алт мөнгө ашиглан гар аргаар уламжлалт ур хийцийг хадгалан үлдээхийг хичээдэг, жилд багадаа 100 мянган юаний цэвэр орлоготой . Дэлгүүртээ цуглуулсан хуучин модон эдлэлүүдийг нь сонирхон асуувал хуучны зүйлийг судалж байгаад дараа нь шинэчилж дахин давтагдашгүй ховор бүтээл урлана гэж хэлж байлаа. Сувдангэрэл бидэнд өөрийн нандин бүтээлүүдийг том шар хоргоноосоо гаргаж харуулахад үнэхээр нүд баясаж, сэтгэл сэргэх шиг болж байлаа.

Хэрэглэгч бүрийн хүсэл сонирхолд нийцүүлэн гар хийцийн давтагдашгүй бүтээл урлана гэдэг тийм ч амар ажил биш ээ. Нарийн ажиллагаатай бүтээлийг хийхэд эхлээд загвараа гаргана. Ном, бүтээлээс хээ угалз, зураас гээд судалж, зураг төслөө нарийн гарган, түүн дээрээ үндэслэн ажил эхэлнэ. Нэг мөнгөн аяга хийхэд багадаа 20 өдөр зарцуулдаг гэж байлаа. Уран дархан хүн бусдыг хуулбарлах байтугай өөрөө өөрийнхөө хийсэн бүтээлийг дахин давтдаггүй. Түүний өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд Д.Энхдаваа багшийнх нь сургасан ур мэргэжил их тус болжээ. Одоо ч гэсэн багшийнх нь гаргасан үнэтэй хэдэн ном чамбай бүтээл хийх ухаан самбааг нь хурцалж, судлаад дуусашгүй их өв нь болж буй.

Үйл ажиллагаа нь тэлсээр одоогийн энэ дэлгүүр нь жижигдээд байгаа болохоор удалгүй шинэ том дэлгүүртээ нүүн орохоор бэлтгэж буй тухайгаа басхүү сонирхуулсан юм. Итгэл, сэтгэл, зүтгэл байхад бүтэхгүй ажил үгүй. Нэрт багшаас дарх хийх нарийн арга ухаан сурсан Сувдангэрэл өөрийн авьяас билиг, нөр их хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээндээ тулгуурлан бие даан өөрсдийн хэмжээнд дархаа хийж, үүний зэрэгцээ шавь нараа сурган ажилласаар өрнүүн амьдарч явна.
