Малчин хүн малд хайртай. Малаа хайрлан өсгөхдөө ерөөн даатгаж, мялаан бэлэгшээж “Мянганы эх нь нэг” гэх буюу “Өсөх малын зүс нь нэг, өөдлөх айлын үг нь нэг” гэж мал сүргээ өсөж үржихийг зөгнөдөг. Үнэхээр амны бэлгийн сайных уу, арчлах эзний чадвараар уу, мал өсөх болохоор гайхалтай олон болдог.
2008 онд бидний нэг хоньчин ах айлд хурга ишиг цагаалж өгөөд нэг алаг хүзүүтэй охин хургатай болсон юм. Тэгээд жил дараалан охин хурга хургалан, 2014 онд 25 болон өссөн байна. Тэгээд нэг л хонь зургаан жилд 25 болон өссөн түүхийг сонсоод би хонь гэдэг амьтан үнэхээр хурдан өсдөг юм байна гэж гайхсан юм. Энэ мэтээр бодоход арван эм хоньтой хүн зургаан жилийн дараа 250 хоньтой болж, зуун эм хоньтой хүн зургаан жил өсгөвөл 2500 хоньтой болох бололцоотой юм. Бидний дэргэд зургаан жилийн өмнө хэдхэн эм хоньтой байсан айл одоо харин хэд, хэдэн зуун хоньтой баян чинээлэг амьдарч байхад зарим айл одоо ч гэсэн мөн л хэдхэн хоньтой амьдарч байгааг яах билээ!
Хоньчин ахын тэрхүү алаг хүзүүтэй охин хурга зургаан жилд нэг ч ихэрлээгүй мөртөө төл нь ч ихэрлээгүй гэдгийг бидний танил ах баттай ярьсан бөгөөд энэ алаг хүзүүтэй хониноос хар хүзүүтэй охин хурга гарснаас аваад өөр алаг хүзүүтэй төл гараагүй гэлээ.
“Хар нүдэн ба хөх хүзүүтэй, цагаан зүсмийн олон төл гарч зууны зуугаар бойжиж, яг зургаадугаар жилдээ нэг алаг хүзүүтэй охин хурга гарч удмаа дууриасан мал гэж түүнийг үлдээгээд тэр жилээс нь эхэлж хөгшин доройгоос нь зарж эхэлсэн” гэж хоньчин ах минь ярьж байсан юм.
