solongonews
Морь, баавгай, чоно гурав
2016-03-02 11:54
Монгол ардын үлгэр

Нэгэн морь ойн чөлөөнд идээшилж явтал гэнэт баавгай гарч ирээд:

Чи хэн бэ? Юу хийж яваа юм бэ? гэжээ. Морь тулгамдсан боловч:
Би тэнхээ ихт тэлмэн жороо гэгч байна. Бяр чадлаа үзэх гэж баавгайг эрж явна. Чи хэн гэгч вэ гэж өөдөөс нь хэлжээ.

Хөвчийн эзэн хүрэн баавгай баахан айсхийж бас “Надаас хүчтэй амьтан энд баймааргүй юм” гэж гайхаад:

Би тэр баавгай чинь байна. Бяраа яаж үзэх юм бэ? гэв.  
За яах вэ, чи чулуунаас гал гартал цохиотох л доо гэсэнд баавгай хүрхрэн, хад чулууг хамх хэмх дэлссэн боловч гал гарсангүй.

Морины ээлж болж, төмөр тахтай туурайгаа хаданд хэд хавиртал оч үсэрчээ. Баавгай айхдаа ум хумгүй эргээд гүйж явтал нэгэн чоно дайралдаж:

Хүүе, хүүе, баавгай гуай, та чинь юунаас ингэтлээ айгаа вэ? гэж асуув.


Энд нэг аймшигтай, бяртай амьтан байна. Хөлийнхөө хурданд л амь мэнд гарч ирлээ гэсэнд, чоно:
Ямаршуу амьтан байна? гэж гайхан асуув.
Сүүлэндээ шүүртэй, хүзүүндээ сахалтай, хөлдөө галтай, нүдэндээ цогтой амьтан байна гэхэд, чоно учиргүй хөхөрч:
Хэ хэ эзэн минь, энэхнээс айсан хэрэг үү? Тэрнийг чинь морь гэдэг юм аа. Би идээд өгье. Та надад заагаад аль! гээд баавгайг дагаж пөг пөг шогшжээ.

Тэгтэл баавгай хойд хоёр хөл дээрээ босож, модны завсраар морийг хараад:

За тэр мөн үү? Харж байна уу? гэсэнд морь намхан чононд харагдсангүй. Баавгай урд хоёр хөлөөрөө чоныг тэвэрч өргөөд:
За одоо харж байна уу? гэв. Баавгайд чанга тэврүүлсэн чоно бажгадаж, хариу дуугарах ч чадалгүй байтал баавгай улам чанга тэвэрч дээр өргөөд дахиад л:
Одоо харагдаж байна уу? гэв. Гэтэл баавгайн чанга тэврэлтэд, тэр чоно аль хэдийн үхсэн байжээ. Баавгай чоныг дуугарахгүй болохоор нь уурлаж:
Муу тэнэг, морь иднэ гэж хөөрөөд л байсан даг. Одоо барааг нь хараад, үг ч дуугарч чадахгүй айж байгааг нь гээд чоныг хол оо чулуудчихаад яваад өгчээ.

Морь айх аюулгүй, амар тайван идээшилж гэнэ.  

Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : Их билигт ХХК “Монгол ардын үлгэр”
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл