solongonews
Ц.Ариунаа: Тэгэхдээ үүнийг амжилтын бариа биш зөвхөн буухианы нэг хэсэг гэж хүлээж авч байна
2016-04-26 12:35
“ШИНЭ ДОЛГИОН” FM 107.5 РАДИОТОЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙГААРАЙ!

“Шинэ долгион” FМ 107,5 радиогийн захирал, МУСТА, сэтгүүлч Ц.Ариунаатай ярилцлаа.

- Юуны өмнө танд ойн баярын мэнд хүргэе! 18 жилийн өмнө радиогийнхоо шавыг тавьж, анхны нэвтрүүлгээ цацаж байсан тэр үеэ эргэн нэг дурсах уу?

-Баярлалаа. Эриййн цээнд хүрсэн “Шинэ долгион” FM 107,5 радиогийнхоо  үе үеийн ажилтнууд болон нийт сонсогчиддоо ойн баярын мэндийг хүргэе. 1998 оны тавдугаар сарын 15-ны өдөр агаарын цэнхэр долгионоор манай анхны нэвтрүүлэг цацагдаж байлаа. Туулж өнгөрүүлсэн, хийж бүтээсэн ажил их юм шиг мөртлөө нүд ирмэхийн зуур 18 жил өнгөрчээ. Хаврын их сайхан намуун өдрийн өглөөний 06 цагт бид эфирээ “Шинэ долгион”-ы эхлэл  мэндчилгээгээр эхэлж билээ. Бид шөнөжин залуучуудтайгаа бэлтгэл ажил хийсэн учир эхлэлийн дараах анхны догдлол маань саарах тэр мөчид их ядарснаа мэдсэн. Мэдээж, олон сарын бэлтгэлийн ч мөр байсан байх. Тэгээд алжаалаа тайлах санаатай радиогийнхоо буйдан дээр түр хажуулдтал гэнэт бидний ах дүү нар цэцгийн баглаа барьсаар бөөн баяр орж ирдэг юм байна. Тэр л үед бид юун алжаал тайлах билээ, баяраа тэмдэглэх ёстой юм байна гэдгийг ухаарч билээ. Удалгүй нижгэр нээлт хийсэн. Одоо бодоход шинэ ажлыг дөнгөж эхэлж байгаа залуухан хамт олны хувьд бид ямар их зүйлийг богинохон хугацаанд хийснээ гайхан, бахархах сэтгэл төрж байна. Өнөөдөр ийм их ажлыг хийх болвол нугалж чадах байсан эсэхэд эргэлзэж  байна.  Ийм л сайхан мөч байж дээ.

-Радиогоо анх байгуулахдаа та өөртөө “Радио маань ийм байна” гэсэн төсөөлөлтэй байсан байх.18 жилийн дараа эргэн харахад энэ зорилгодоо хүрч  үү?

-Хүний төсөөлөл, хүсэл мөрөөдөл гэдэг эхлэлгүйн нэгэн адил төгсгөлгүй юм байна. Тэр 18 жилийн өмнө бодож боловсруулж байсан зүйл маань зарим нь биелэгдэж зарим нь цаг үеийн хувьд  өөрчлөгдөн хувьсаж,  энэ өөрчлөгдөж буй амьдралын хэмнэлтэй, үүсч буй шинэлэг зүйлүүдтэй хөл нийлүүлэн алхах шаардлага биднийг 18 жил байнга дагалаа. Тэгэхээр нэг талаар бодож байсан төсөөлөл маань биелсэн гэж хэлж болох ч нөгөө талаар бид  амжилтын дээд цэгтээ хүрээгүй,  хийх зүйл, бүтээх ажил маш их байна. Тийм учраас дахиад 18 жилийн дараа ийм байх болов уу гэсэн төсөөллөө өнөөдөр ургуулж суухдаа ирээдүйд манай радио, энэ чиглэлийн салбар маань яаж хувьсан өөрчлөгдөх бол оо гэж бас тааж сууна.

-FM радиог хүмүүс дуу хөгжим голдуу явж байх хэрэгсэл хэмээн хүлээн авдаг.  “Шинэ долгион”  яриа голдуу нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг..?

- Миний энэ хариулт өмнөх хариултын үргэлжлэл болох болов уу. Яагаад гэвэл 18 жилийн өмнө анх радиог бид босгож байхдаа дуу хөгжмийн л хөтөлбөр бодол санаанд маань байсан. Харин бид тэр үедээ шинэлэг санаа гаргаж Монгол үндэс угсаа, зан заншлыг илэрхийлэх ардын дуу, нийтийн зохиолын дуунуудыг илүүтэй нэвтрүүлсэн. 1998 онд 4-5 байсан радиогийн тоо одоо 32 болсон гээд бод доо. Ямар айхтар хурдтай өсөн, хувьсаж өөрчлөгдсөнийг зөвхөн энэ тооноос харж болох юм. Бид ч гэсэн энэ олон радиогийн дунд өөрийн гэсэн өнгө төрхөө хадгалж үлдэхийн тулд, онцлог байхын тулд, үргэлж тэргүүн эгнээнд чигээрээ явахын тулд зөвхөн дуугаар дагнах эрхгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс өөрийн ажлын арга барил, авъяасын давуу тал юу байна түүндээ тулгуурлан нэвтрүүлгийнхээ хөтөлбөрийн үндсэн бодлогыг чиглүүлье гэж шийдсэн. Бид дуу хөгжмийн радиогоосоо илүү ярианы буюу танин мэдэхүйн талын нэвтрүүлэг хийх зориолготойгоор одоо ажиллаж байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар нэвтрүүлгийн 70 хувийг радиогийн ярианы чиглэл руу хандуулж чадлаа. Багахан тооны хүнтэй жижигхэн хамт олны хувьд энэ асар том амжилт гэж бид ойлгож байна.  Тэгэхдээ үүнийг бас л амжилтын  бариа биш зөвхөн  буухианы нэг хэсэг гэж хүлээж авч байна.

-Танай радио ӨМӨЗО-ны “Талын  дуу хоолой” радиотой хамтран ажиллаж байгаа. Энэ  талаар..?

-2014 онд  ажил маань нэг шинэ шат ахиж зөвхөн дотооддоо  болон олон улсын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлсэнд бид их урамтай байна. Эхэн үед бид Өвөрмонголд бэлтгэсэн  нэвтрүүлгүүдийг долгионоороо цацах төдийхнөөр эхэлж байсан бол цаашдаа манай уран бүтээлчид өөрсдөө хоёр орны найрамдлыг хөгжүүлэх энэ ажилд гар бие оролцож эхэллээ. Энэ хугацаанд бид соёл урлагийн хамтын ажилд маш том хувь нэмэр орууллаа гэж дүгнэж байна.  Зөвхөн хоёр орны шинэ залуу уран бүтээлчид, сэтгүүлчдийн харилцан солилцож байгаа туршлага, хамтран хийж байгаа нэвтрүүлгүүд гэхэд үнэлж баршгүй эрдэнэ. Энэ бол маш сайхан эхлэл. Энэ хамтын ажлын эхэнд эргэлзэх сэтгэл байсан. Үүнийг олон жилийн турш  тогтсон  байнгын сонсогчид маань яаж хүлээн авах бол, бид сонсогчдоо хэвээр нь үлдээж чадах болов уу, нэр хүндээ хадгалах болов уу гэсэн олон асуултууд эргэлдэж байлаа. Гэхдээ бидний хамтын ажлын чин зорилго гэгээн. Түүх соёл, зан заншлаараа угсаа үндэс нэгтэй ийм хоёр ард түмэн шүү дээ бид. Өнөөдөр бид ингэж нэг нэгнийгээ улам сайн таньж, хамтарч нягтрах нь олон талын ач холбогдолтой юм.

-ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиотой хамтран ажиллаад гурван жил болжээ. Сонсогчид нь хэрхэн хүлээн авч байна?

-Эерэг, сөрөг хүлээн авалт аль аль нь байсан шүү. Тэр бүхэнд бид нэвтрүүлгүүдээрээ маш зөв хариултуудыг өгсөн гэж бодож байна. Харин өнөөдөр бид хуучин сонсогчдоо хэвээр нь үлдээгээд зогсохгүй шинэ сонсогчдоор  эгнээгээ бататгаад авлаа гэж итгэлтэй хэлэх байна. ӨвөрМонголын нэвтрүүлгүүд гэдэг бол бидний, харамсалтай нь гээсэн гэж хэлж болох босоо монгол бичгийн үндэс, олон сонин үүх түүхийн эртний бичвэрүүдээр баяжсан онцлогтой. Дээр нь монгол уламжлалт  анагаахуйн чиглэлийн олон сайхан зөвөлгөөнүүдийг шууд эмч нараас нь авах том боломж олгосон.  Мөн дуу хөгжмийн хувьд гэхэд манай радио ӨвөрМонголын олон бүтээлээр сангаа арвижууллаа. Ер нь Монгол Улсад ӨвөрМонгол залуус олноороо суралцаж байна. Тэд нар маань төгсөөд нутагтаа очоод сурсан мэдсэн тэр эрч хүчээрээ олон шинэ зүйлүүдийг хийж байгаа гэж итгэж байна. Энэ сайхан үйлсэд манай радиогийн  хувь нэмэр байгаа болов уу. Дээрээс нь манай Монгол залуучууд Өвөрмонгол залуучуудаасаа өөрийн үүх түүхээ судлах, өвөг дээдсээ, босоо монгол бичгээ хүндлэх, монгол хэл зүйн сангаа арвижуулах боломжууд их байна. Би дээр хэлсэн “Энэ бол эхлэл” гэж. Цаашдаа Халимаг, Тува, Буриад түмнийхээ дуу хөгжмөөр аялж, тэдний уран бүтээлчидтэй хамтран ажиллах чиглэлийн  ажлуудыг шинээр хийх санаа байна. Мөн Өвөрмонголд байгаа сонсогчдынхоо сонорыг Монгол Улсад хийж байгаа өөрсдийн нэвтрүүлгүүдээрээ мялаах, Монгол Улсын соёлыг, өнөөдрийн орчин үеийн шинэ шинэлэг мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэх  ажлыг бид хийх ёстой юм байна. Анхны эхлэлүүд тавигдсан. Цаашдаа зөвхөн радио долгионоор зогсохгүй бид хамтын тоглолтууд, хамтын аяллууд гээд маш олон ажил хийж болохоор байна.  Хийж бүтээхийнхил хязгаар гэж алга шүү дээ. Тийм учраас бидний л эрч хүч, шургуу хөдөлмөр,итгэл сэтгэл мэдсэн хэрэг боллоо гэж  ойлгож байна даа.

-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье!

 

 

 

 

 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл