solongonews
Малчин ухаан
2021-08-16 09:32
Түмэнгэрэл өмнө нь 1000 гаруй хонь маллаж нэг жилийн орлого нь 200 гаруй мянган юань болдог байв. Харин одоо 100-аад үхэр маллах болж нэг жилийн орлого нь 800 гаруй мянган юаньд хүрчээ.

Энэ зун Үзэмчин нутагт нар хур тэгширч номин ногооноор халиуран “Үзэмчин нутгийнхаа үзэсгэлэнт бүхнийг бахархаад барна уу даа, Үзэмчин нутгийнхаа үзэсгэлэнт бүхнийг дуулаад барна уу даа” хэмээх Үзэмчин нутгийн сүлд дууны бадаг эрхгүй сэтгэлд эгшиглэж, энэ сайхан бүхнийг үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй. Зургийн юм шиг тансаг байгальтай нутагт өмнө нь мянгатын эзэн байсан малчин өнөөдрийн зуутын эзэн болж, орлого нь дөрөв дахин нэмэгдсэн домог шахуу үнэн явдал хол ойрдоо дуурсана. Энэ бүхэн малчин Түмэнгэрэлийн мал аж ахуйн ур ухаанаас үүдэлтэй.

Налгар зуны 08 дугаар сарын 02-ны өдөр бид Өвөр Монголын Өөртөө Засах Орны хамгийн том мал аж ахуйн хошуу болох Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Зүүн Хатавч суурингийн Шант багийн малчин Түмэнгэрэлийнд зорин очсон юм.

Зүүн Хатавч боомтын зүүн өмнө хэсэгт байрлах Түмэнгэрэлийнд очиход автомат хашаа хүрээний хаалга нь алгуурхан нээгдэж машинаасаа буулгүй давхиад орсон бид хэд энэхүү автомат хаалганы сайхныг үг харамгүй шагшин магтаж гэрэл зурагт буулган бичлэг хийн үлдээж авлаа.

Мал аж ахуйн суурь төхөөрөмжийг сайжруулж машин техникээр маллаж байгаа гэж Зүүн Үзэмчин хошууны Ухуулах хэлтсийн ажилтан Мөрөөдлийн танилцуулсан энэ айлыг хоёр давхар тансаг зэрэглэлийн байшинд амьдарч байна гэж санасангүй.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын хөдөө орон нутагт хөнгөн болд материалаар байшин барьж байгаа талаар сонсож, гар утсан дээрээс харж байснаас биш хөнгөн болд материалаар барьж босгосон хоёр давхар байшинд буусан минь харин анх удаа билээ. Дөрвөлжин том хашаатай, доод давхар нь хүрэн, дээд давхар нь шар өнгөтэй алаг байшин алсаас нүд булаан номин ногоон талыг чимж харагдана. 600-аад мянган юань зарцуулан барьж босгосон энэ байшингийн дотно, гаднагүй цэвэр цэмцгэр. Тавилга хэрэгслийг тохилог сайхан эвлүүлсэн нь хот газрын айлаас дутах зүйл огтхон ч алга байв. Зочны өрөөний баруун ханан дээр шагнал медаль дүүрэн өлгөөтэй нь онцгой. Энэ бол жүдогоор барилддаг бага хүүгийнх нь яруу алдар. Дэлхий даяар олимпын наадмаар цэнгэлдэж байгаа энэхэн мөчид монгол бөхийн дагшин нутгийн Үзэмчин айлд жүдоч хүүтэй учирсан минь яг л олимпын медальтай айлд буусан шиг санагдана.

- Өнгөрсөн жил манайх энэ байшингаа босгож эндээ өвөлжсөн. Өвөл даарахгүй, зун халахгүй сайхан байна гэж гэрийн эзэгтэй яриа дэлгэлээ.

Зүүн Хатавчийн зүүн өмнө биеийн Ачаагийн энгэр хэмээх энэ нутагт Түмэнгэрэлийнх хамгийн анх хөнгөн болд материалаар байшин барьж босгосон айл төдийгүй, ухаалаг мал аж ахуйн талбай байгуулан малласан анхны өрх юм.

Түмэнгэрэл хөрслөг бор царайтай, яриа хөөрөө сайтай ухаалаг хүн байлаа. Биднийг “Бичлэг хийнэ” гэхэд монгол дээлээрээ гоёж улам бүр жавхаалаг боллоо. Сайханхуартайгаа 90-ээд оны эхэнд заяа холбож өрхнийхөө оосорыг татсан тэд эхэндээ монгол гэрт амьдарч байгаад хожим нь байшинд амьдрах болсон гэх. Өдгөө бүр тансаг зэрэглэлийн байшинд амьдарч байна. Түмэнгэрэл, Сайханхуар нарын байр байшингийн өөрчлөлт шинэчлэл нь тэдний амьдрал дээшилж байгааг харуулах хамгийн том, хамгийн бодит хариулт байлаа.

2000 оны орчим хонь голлон маллаж байсан тэдний малын тоо толгой 1900 гаруй болж байсан бол 2016 оныг хүртэл 1000-аас буугаагүй гэнэ. Хоёр хүүгээ бичиг ном үзүүлэхийн хажуугаар хошууны төв Улиастай сууринд хонины махны дэлгүүр ажиллуулан жилийн орлого нь 200-300 мянган юаньд хүрдэг. Хожим нь малын тоо толгой цөөлөх, малын үүлдэр сайжруулах, орчин үеийн мал аж ахуй эрхлэх зорилгоор 2016 оноос эхлэн хонио семинтар үхрээр сольж үхэр малладаг тусгай малчин өрх болжээ.

- Үхэр маллах нь хүний хүч хөдөлмөр хэмнэхээс гадна арчилгаа багатай байдаг. Үүний зэрэгцээ орчин үеийн хөгжилтэй уялдуулан бэлчээртээ камер угсрах, худаг дээрээ дохиолол тааруулах, үхэр болгоны чихэнд “ээмэг” (соронзон цагариг) зүүлгэх зэрэг арга барилаар ухаалаг гар утсаар маллаж эхэлснээр бүр ч амар болсон гэж хэлээд гар утсан дээрээсээ нутаг бэлчээр, худаг усаа харууллаа.

Аль нэг үхэр тугал нь худаг дээр ирж ус уугаагүй бол Түмэнгэрэлийн гар утсанд даруйхан цахим мэдээ ирнэ. Ухаалаг гар утсаар маллана гэдэг нь гар утсан дээрээ бэлчээр нутгаа эргэж үзэх, үхрээ харах, усалж бэлчээх зэрэг үйл явцыг гүйцэтгэхийг хэлж байна. Ийнхүү хошууны төвөөсөө ч үхэр бэлчээрээ харж, усалж бэлчээж чаддаг болсноор тусгай малчин хөлслөх шаардлагагүй болж, бараг нэг жилдээ 100 мянган юаний зарлага хэмнэх болсон байна.

Түмэнгэрэлийнх удмаараа малчин айл. Мал аж ахуйн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг онцгой анхааран ажилласаар ирсний дээр сүүлийн жилүүдэд нэг сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийж 1100 гаруй кв.м талбай бүхий хоёр томоохон хашаа саравч барьж байгуулан үхэр мал дулаан өвөлжих нөхцөл боломж бүрдүүлэн бордож тэжээхэд амар болжээ. Бэлчээрээ гурван хэсэгт хувааж сэлгэн маллаж бэлчээр нутгаа хамгаалж чадсан байна. Улмаар өвсний тусгай хашаа саравч барьж өвөл хаврын өвс бордоо нөөцлөн хурааж зуд шуургыг тайван өнгөрөөж чаддаг байна. Хоёр худаг малтаж автомат болгожээ. Өнгөрсөн жилээс мөн хэдэн мянган юань зарцуулж үхэртээ “ээмэг” зүүлгэх, бэлчээртээ камер угсрах, сүлжээ дохио ашиглахаар дамжуулан ухаалаг мал аж ахуйн талбай байгуулан ухаалаг гар утсаар малладаг болов.

0.5 км орчмын зайтай үхрийн хашаанд нь энэ өдөр тугалласан отгон төл мөөрөн биднийг угтаж байлаа. Жилд 60 гаруй тугал тосдог энэ айлын гол орлого нь тугалаа зарахаас эхтэй. Одоо 100-аад семинтар үхэр маллаж жилийн орлого нь дунджаар 800 гаруй мянган юаньд хүрчээ. Түмэнгэрэл хэдэн өдрийн өмнө тугалласан үнээ (тугаллахдаа гэмтэл авсан)-гээ үхрийн тусгай хашаанд хашиж тариа хийх зуураа:

- Энэ тусгай хашааг угсарснаар үхрээ эмнэхэд амар болсон. Эхнэр бид хоёр 100-аад үхрээ эмчилчихдэг гэж ярихаас нь харахад хүний хүч хөдөлмөр хэмнэж байгааг дахин гэрчилж байв.

Өмнө нь мянгатын эзэн байсан Түмэнгэрэл өнөөдрийн зуутын эзэн болж, орлого нь хэд дахин нэмэгдсэний цаанах учир орчин үеийн мал аж ахуйн арга технологид оршиж буй юм.

Нар баруунтаа хэвийж Түмэнгэрэлийн үхэр сүрэг худагтай хашаанаасаа баруун зүг алгуурхан идээшлэн бэлчиж байлаа. Түмэнгэрэлийн мал аж ахуйн ухаан зүгээр нэг нэр цуу нь мандсан тохиол биш. Хэмжээтэй бэлчээртээ цөөхөн мал маллаж ихээхэн орлого олох нь түүний мал аж ахуйн ухааны нэг. Суурь төхөөрөмжөө сайжруулан, шинжлэх ухаан техник мэргэжлийг ашиглан ухаалаг мал аж ахуй болгосон нь түүний мал маллах бас нэгэн ухаан билээ.

Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА, Т.БУЯНХИШИГ
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СОЛНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл