Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Археологийн судалгааны газар лабораторид археологийн малтлагаар гаргаж авсан зүйлд цэвэрлэгээ хийх явцдаа Зүүн Жөү улсын үед хамаарах өндөр зэрэглэлийн морин тэрэг олжээ. Тэд хоёр сар гаруйн хугацаанд цэвэрлэгээ хийхдээ “жинхэнэ дүр төрх”-ийг нь олж харсан байна. Ийнхүү эртний “тээврийн хэрэгсэл”-ийн үлдэгдлийг хэмжихэд морин тэрэг 140 см-ын диаметртэй том хоёр дугуйтай байсныг тогтоожээ. Мөн дугуй бүр нь 30 хигээстэй байсан аж.

Түүнчлэн тэрэгний тэвшний өргөн нь 142.5 см, урт нь 106 см, тэвшний бүрэн бус өндөр нь 50 гаруй см аж. Ойролцоогоор 280 см урттай тэнхлэг нь тэрэгний тэвшний суурь хэсгийг дамнасан байжээ. Үүнээс өмнө илрүүлж байсан археологийн олдворууд дотор Чинь улсаас өмнөх үеийн, үүн шиг хэмжээтэй морин тэрэгний олдвор маш ховор гэж судлаачид мэдэгдсэн байна.

Сонирхуулахад Жөү улс бол Шя, Шан улсын дараах Хятадын эртний гурав дахь гүрэн юм. Жөү улс манай тооллоос өмнөх 1027 онд байгуулагдаж, 770 гаруй жил оршин тогтнож байгаад манай тооллоос өмнөх 256 онд мөхжээ. Жөү улсын нийслэлийн зүүн тийш нүүснээр түүний өмнөх үеийг нь Баруун Жөү, сүүлчийн үеийг нь Зүүн Жөү гэх болжээ.




