НҮБ 13-ны өдөр "2022 оны дэлхийн эдийн засгийн байдал, хэтийн төлөв" тайланг нийтэлж, 2022, 2023 онд дэлхийн эдийн засаг 4 хувь, 3.5 хувиар тус тус өснө гэж төсөөлж байна.
Уг тайланд тэмдэглэхдээ "Цар тахлын нөлөөлөл, тасралтгүй гарч буй ажиллах хүчний хомстол, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан байдал, мөн инфляцын дарамт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засгийн сэргэлт асар их саад бэрхшээлтэй тулгарч байна" гэжээ.
НҮБ-ын Эдийн засаг нийгмийн асуудал хариуцсан ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лю Жэньмин мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Ковид-19 халдварын Омикрон хувилбарын шинэ давлагаа, Ковид-19 цар тахлын улмаас хүний болон эдийн засгийн хохирол цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Вакциныг бүх нийтийн хүртээмжтэй болгох, цар тахлын дэгдэлтийг зогсоох дэлхийн хэмжээнд тогтвортой хариу арга хэмжээ авахгүй бол уг дэгдэлт нь дэлхийн эдийн засгийг хүртээмжтэй, тогтвортой сэргээхэд ихээхэн эрсдэл дагуулсаар байх болно" гэжээ.
Ирэх хоёр жил болон цаашлаад нэн урт хугацаанд ажил эрхлэлт нь цар тахлын өмнөх түвшнээс доогуур байх төлөвтэй байна гэж тайланд дурджээ. Хөгжингүй эдийн засагтай орнуудад ажиллах хүчний хомстол нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний хүндрэл, инфляцын дарамтыг улам даамжруулж байна. Үүний зэрэгцээ вакцинжуулалтын ахиц дэвшлийн удаашрал, урамшууллын зарцуулалтын бодлого хязгаарлагдмал байгаагаас болж, хөгжиж буй орнуудад ажлын байрны өсөлт удаашралтай хэвээр байна. Ажил эрхлэлтийн сэргэлт удаашралтай байгаа энэ үед туйлын ядуурал хүн амын тоо тахлын өмнөх үеийнхээс хамаагүй өндөр байх төлөвтэй байгаа бөгөөд хамгийн эмзэг эдийн засагтай орнуудад ядуурал улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Энэ сарын 11-нд Дэлхийн банк "Дэлхийн эдийн засгийн төлөв"-ийн хамгийн сүүлийн тайланг нийтэлж, дэлхийн эдийн засаг 2021, 2022 онд тус бүр 5.5 хувь, 4.1 хувь өсөж, 2023 онд 3.2 хувь хүртэл буурна гэж төсөөлж байна.
