ОХУ-ын Кемеров хотод болсон онц ноцтой түймрээс болж 41 хүүхэд зэрэг нийт 64 хүн амь үрэгдэж, олон арван айлын амьдралыг буснижээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин зарлиг гаргаж: 28-ны өдөр түймэрт амиа алдсан хүмүүст олон нийтээрээ эмгэнэл илэрхийлнэ гэжээ.
27-ны орой Москва хотын төвийн Манеса талбайд ард иргэд сайн дураараа цуглаж, түймэрт амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлжээ.


Орон нутгийн цагаар 27-ны өглөө ОХУ-ын ерөнхийлөгч Путин Кемеров хотын түймэр гарсан худалдааны төвд очиж амиа алдсан хүмүүст цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлжээ.
Амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд туслалцаа үзүүлэхээр хичээн ажиллаж, тус худалдааны төвд зөвшөөрөл олгосон, хяналт шалгалтын ажил хариуцсан бүх албан тушаалтан, мэргэжилтнийг хатуу шалган байцаахыг Путин шаарджээ.


Путин Кемеров хотын Шүүх эмнэлгийн төвд очиж, түймэр гарсан шалтгааныг илрүүлэх ажлаар тэнд байсан хотын иргэдтэй ярилцаж, хариуцлага алдсан хүмүүсийг хатуу шийтгэнэ гэжээ.
Өнөөгийн байдлаар Кемеров мужийн Мөрдөн байцаах ерөнхий газар тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд худалдааны төвийн албаны 5 хүнийг саатуулаад байна. 27-нд Кемеров хотын иргэд мужийн захиргааны байрны өмнө цуглаж, түймэр гарсан шалтгааныг ил тод байцааж, хот болон мужийн захиргааны удирдлагыг албан тушаалаасаа огцрохыг шаарджээ.


