Өвөр Монголын Шилийнгол аймгийн гурав дахь удаагийн Хан усны хархираа хөөмийн тэмцээн 3 дугаар сарын 30-нд Баруун Үзэмчин хошуунд зохион байгуулагдлаа.

ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг угтан, биет бус соёлын өвийн хөгжлийг ахиулан, өргөн олон хөөмийчдөд бие биенээсээ харилцан суралцах тавцанг хангах үүднээс гурав дахь удаагаа зохион байгуулагдсан энэ удаагийн хөөмийн тэмцээнд Шилийнгол аймгийн бүх хошуу нутаг төдийгүй Хөххот, Тунляо, Улаанхад, Хөлөнбуйр хийгээд алс холын Шиньжян, Хөхнуураас хөөмийчид болон хөөмийн хамтлагууд бүртгүүлэн оролцсон байна.


Энэ удаагийн “Хан усны хархираа” тэмцээнийг Шилийнгол аймгийн биет бус соёлын өвийг хамгаалах төв, Баруун Үзэмчин хошууны соёл тамир радио телевиз кино аялал жуулчлалын товчооноос санаачлан зохион байгуулж, Баруун Үзэмчин хошууны соёлын ордон, Баруун Үзэмчин хошууны радио телевиз хороо, Баруун Үзэмчин хошууны Улаанмөчир хамтран зохион байгуулсан байна.


Шигшээ тэмцээний дүнд Баруун Үзэмчин хошууны Баярмөрөн нэгдүгээр байр, хоёрдугаар байранд Хөлөнбуйрын Уртнасан, Зүүн Үзэмчин хошууны “Хуучид” хамтлаг тодорч, Шиньжяны Алтай Дүмань, Шилийн хотын Жан Оюун нар гуравдугаар байранд орсон байна.

