solongonews
Гавьяат эх Дүгүймаа болон түүний 28 хүүхэд
2021-12-15 17:02
Гавьяат эх Дүгүймаа болон түүний 28 хүүхэд

Хятадын "Гавьяат эх" Дүгүймаа энэ оны 11-р сарын 05-нд Хятадын "Үндэсний ёс суртахууны үлгэр жишээч" хэмээх эрхэм алдрыг хүртлээ.

Дүгүймаа гуай ХКН-ын ӨМӨЗО-ы Улаанцав хотын Дөрвөд хошууны Номгон сумын малчин билээ. Дүгүймаагийн 28-н "Улсын хүүхэд"-ийн үлгэр түүх тоо томшгүй олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөн "тал нутгийн хамгийн үзэсгэлэнтэй Ээж" хэмээн алдаршуулан дуудахад хүргэжээ. 2019 оны 09-р сарын 29-ний өдөр Дүгүймаа "Ардын үлгэр жишээч" хэмээх Хятад улсын хүндэт цолыг хүртсэн.

Нил ягаан өнгийн монгол дээл өмсөж, улбар улаан ороолт зүүсэн 79 настай Дүгүймаа ээж нар дурайлсан сайхан өдөр өөрийн өнгөрүүлсэн үлгэр түүхээ сэтгүүлчдэд ярилаа.

Дүгүймаа зочин дайлах эсвэл ямар нэгэн арга хэмжээнд оролцохоор гарах бүртээ ингэж хувцасладаг нь түүний хамгийн ихээр өмсөх дуртай хувцас нь юм. БНМАУ-ын Үндэсний одон медаль, Төрийн хүндэт цол гардуулах ёслолд энэхүү хувцсаараа гоёжээ.

Тэрээр “Тал нутгийн охин”, “Тал нутгийн хамгийн үзэсгэлэнтэй Ээж” төдийгүй хөдөө нутгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, малчдын дотнын сайн найз юм. Хөдөө талдаа уртын дуу дуулах шиг багахан мэдэх түүхээ тайвнаар ярив.

28 хүүхдийн "Ээж"

Одоо цагт Хятадын хойд бүс нутагт өвлийн ногоогоо хадгалдаг дадалгүй болсон ч зарим хүн өвөл болохоор Дүгүймаад шуудайтай төмс явуулсаар л байна. "Ээж, энэ жилийн шинэ төмс, их чихэрлэг төмс байна" гэх Заламжи Дүгүймаагийн хүү нь биш ч Дүгүймаа түүнийг үнээний сүүгээр хооллон өсгөсөн болохоор "Ээж" гэж эелдгээр дууддаг юм.

1959-1961 онд Хятадын Шанхай, Жянсу, Жэжян, Аньхуй болон бусад газрын асрамжийн газруудад олон тооны өнчин хүүхэд цуглажээ. Энэ хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, хоол хүнсээр дутагдан өвчин туссан байв.

Тэр үеийн Хятадын ерөнхий сайд Жөү Эньлай, ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга, Засгийн газрын дарга Улаанхүү нарын зохицуулалтаар Хөх мөрний өмнөд хэсгээс Өвөр Монголын тал нутагт 3000 өнчин хүүхэд иржээ. Тал нутгийн малчид тэдгээр хүүхдийг “Улсын хүүхэд” хэмээн энхрийлэн дууддаг байв.

Энэ 3000 хүүхдийг тосож авах ажилд зоруулан ӨМӨЗО бэлтгэл ажлыг хийж, хүн хүч, материаллаг нөөц, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, хүүхдүүдийг тээвэрлэх ажлыг зохион байгуулав. Хүүхэд хүлээн авах үүрэгтэй аймаг, хошууд хүүхдийн асрамжийн газар байгуулан хүүхдүүдийг ирэхээс өмнө бүх бэлтгэл ажлыг хийжээ.

1960 онд Хятадын дөрвөд хошууны Улаанхуа сууринд түр цагийн хүүхэд асрах газар байгуулж, тус хошууны бүх газраас ажилсаг, чадварлаг, хүүхэд асрах ажил хийх чадвартай малчдыг хайж эрэх явцад бичиг үсэг мэддэг, нухацтай ажилладаг Дүгүймаа хүүхэд асрах ажилтнаар сонгогджээ.

Хүүхэд асрах ажлыг анх хүлээж авахдаа Дүгүймаа хүүхдийн талаар ямар ч ойлголтгүй байв. Тэр үед дөнгөж арван наймхан настай, гэрлээгүй, үр хүүхэд харж асарч үзээгүй Дүгүймаа нагац эгчийгээ асран халамжлан үйлдвэрлэлийн багийн мал сүрэг хариулдаг байжээ. Эцэг эх нь залуугаараа нас барсан болохоор ээжийгээ алдсан хүүхэд ямар өрөвдөлтэй байдгийг Дүгүймаа мэддэг байв. Тэрээр мал сүргээ үйлдвэрлэлийн багт даатгаж өгөөд нагац эгчийгээ асрахын зэрэгцээ өнчин хүүхдүүдийг асрах ажлыг шийдэмгий даан авчээ.

Тал нутагт хүргэгдэн ирсэн хүүхдүүдийн хамгийн бага нь наймхан сартай, том нь дөнгөж тавхан настай байв. Малчдад үрчлүүлэхээс өмнө түр хугацааны хүүхдийн асрамжийн газарт асрах хэрэгтэй байжээ. Залуу Дүгүймаа туслахын хамт ядарч сульдсан нялх хүүхдүүдийг асран халамжилж, хоол хийх, хүүхдийн дуу заах, хүүхдүүдтэй тоглох, хүүхдүүдийг унтуулах гээд өдөр бүр тун завгүй ажиллаж байв.

Нэгэн өдөр бяцхан Хөхөө гэнэт гүйж ирээд Дүгүймааг "Ээж" гэж дуудахад Дүгүймаагийн зүрх нь хүчтэй цохилж, хүүхдээ тэврэхээр хоёр гараа дэлгэв. Тэр орой нь Хөхөө гараас нь хөтөлж "ээжтэйгээ" унтдаг нялх хүүхэд шиг аашилж байв. Дүгүймаа ч өнчин, ээжийгээ гэсэн хүүхдийн хүслийг ойлгодог тул хүүхдийг тэврэн чимээгүй унтав. Шөнийн харанхуйд тавтай нойрсож буй хүүхдүүдийг хараад Дүгүймаа баяртай инээмсэглэнэ.

Хүүхдүүдийг хошууны хүүхдийн асрамжийн газарт дөрвөн сар амраасны дараа Дүгүймаа 28 хүүхдийг Номгон сумын хүүхдийн асрамжийн газарт аваачсанаар хүүхдүүд хөдөө нутгийн цаг агаар, малчин айлын гэр бүлийн хоолонд аажмаар дасан зохицох боломжийг олгосон юм.

Номгон сумын хүүхдийн асрамжийн газрын нөхцөл харьцангуй энгийн бөгөөд нэг л гэртэй. Дүгүймаа гэрт хүүхдүүдийн орыг дугуй хэлбэртэй болгож тавин дунд нь өөрөө унтдаг байсан болохоор хэн нь шөнө уйлна түүн дээр очиход амар байв. Шөнө бүр нэг хүүхэд уйлахад бусад нь дагаж уйлалдан залуухан Дүгүймааг бүхий л шөнийн турш нойргүй хонуулах нь энгийн явдал байлаа. Хэрвээ хүүхдийн гэдэс өвдөж, гүйлгэх, ханиад томуу хүрэх, халуурахад шөнө орой, бороо цас орсон эсэхээс үл хамааран Дүгүймаа эмчид ханддаг байжээ. Тэрээр өвлийн ес эхэлсэн хүйтэн өдөр цастай талаар морь унан явж хөдөө хээр өлсгөлөн чонод хөөгдөж байсан удаа нэг биш юм.  

Дүгүймаагийн нямбай асаргаанд 10 сарын хугацаанд бие муутай, өвчтэй 28 хүүхэд хөдөөгийн орчинд маш хурдан дасан зохицож, "нэг нэгээр нь эрүүл, хүчтэй" хүүхэд болгон өсгөн хүмүүжүүлэх эцэг, эхэд нь илгээжээ.

"Ээж"-ийн 28 хүүхэд

Заламжи хаалгаар орж ирэхэд "Заламжи чи дахин таргалаад байна, анхаараарай. Амьсгаадаж байгааг чинь хараад хэлж байна. Эрүүл мэндэд чинь сайнгүй дээ" гэв. Заламжи хэдийгээр 60 гаруй настай ч Дүгүймаагийн нүдэнд хэзээ ч хүүхэд хэвээрээ байгаа.

Дүгүймаагийн өсгөж хүмүүжүүлсэн 28 “улсын хүүхэд” энэхүү тал нутагт нутагшжээ. Тэр дундаас зарим нь төрийн түшээ болж, зарим нь ардын багш болж, зарим нь малчин болжээ. Тэд ажил амьдрал дээрээ хэчнээн завгүй ч, хол зайтай амьдардаг ч Дүгүймаа ээжийндээ ирж ээжтэй аяга сүүтэй цай ууж суудаг байна. Тэд бүгд үр хүүхэд, ач зээтэй болсон ч 50 гаруй жилийн өмнөх шигээ Дүгүймаагийн сэтгэлд хүүхэд хэвээрээ байдаг билээ.

Тухайн үед Заламжийг залуухан хосууд өргөж авсан бөгөөд Дүгүймаа Заламжи шинэ гэр бүлийн амьдралд дасан зохицохгүй байх вий хэмээн санаа зовж, түүнтэй уулзахаар байнга очдог байв. Нэгэн удаа Дүгүймаа тэднийд очиход жаахан Зарамжи гэрийн гадаа хүнд ажил хийж байгааг хараад нулимс нь хоромхон зуурт урсан хосуудад хэлж сурган Зарамжийг аван гэртээ харьж, түүнийг ганцаараа өсгөхөөр шийджээ.

Хэдэн жилийн дараа Засгийн газар Заламжийг өөр эцэг эхэд үрчилжээ. Хэсэг хугацааны турш ажигласны эцэст Дүгүймаа тэрхүү хосууд эелдэг сайхан хүмүүс болохыг мэдээд Заламжийг авч явахыг зөвшөөрчээ. Тэр цагаас хойш Дүгүймаа Заламжийн гэрт байн байн зочилж, түүнийг аз жаргалтай амьдарч байгааг хараад түүний зүрхэнд байсан "том чулуу" газарт унасан байна.

Заламжи энэ явдлыг эргэн санах болгонд нүд нь нулимсаар дүүрдэг байв. Тэрээр "Би Дүгүймаа ээждээ маш их талархаж байна. Ээж маань маш их харамгүй сэтгэлтэй агуу ээж билээ. Ээжийн буянаар манай "Улсын хүүхэд"-үүд маш аз жаргалтай амьдарч байна" гэв.

"Улсын хүүхэд" Сүнь Баовэй Өвөр Монголд ирэхэд дөнгөж 1 настай байсан бөгөөд Дүгүймаа түүнийг асарсны дараа Хэбэй мужийн нэгэн залуу гэр бүл Сүнь Баовэйг үрчлэн авчээ. "Тэр үед би дэндүү бага залуу байсан болохоор олон зүйл санаанд байхгүй. Бага дунд сургуульд орох хүртлээ мэдэхгүй байлаа. Анхны ээж маань Дүгүймаа ээж гэдгийг ч мэдээгүй байсан" гэж Сүнь Баовэй ярив.

Сүнь Баовэй 2006 онд Дүгүймаа ээжтэй дахин уулзсан билээ. Тэр жил тэрээр "Улсын хүүхэд"-үүдийн хамт Номгон Сум руу буцаж, тэднийг өсгөсөн асарсан Дүгүймаа ээжийнд очжээ. "Ээж маань холоос биднийг угтахаар гарч ирлээ. Тэр бидний гарыг атгав. Ээж маань үр хүүхэд биднийг ингэж л хүлээдэг байжээ" гэж Сүнь Баовэй дурсан ярихдаа "Биднийг гэрт ороход ээж өглөө эрт бэлдсэн сүүтэй цай махаа гаргаж биднийг дайлсан. Бас гэр бүл, ажлын нөхцөл байдлыг асуусан. Энэ бүхэн нь ээжийн хайрын халуун дулааныг дахин мэдрүүлсэн”.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүд Дүгүймаа нар WeChat групп байгуулсан нь Дүгүймаа хүүхдүүдийг холбосон сэтгэлийн холбоо мэт болжээ. Тэрээр WeChat-аар дамжуулан хүүхдүүдтэй байнга холбогдон тэднийхээ өнөөдөрт санаа тавьдаг байна. Хүүхдүүд ч мөн Дүгүймаа ээжтэйгээ амьдралынхаа сайн муу бүхнийг хуваалцах дуртай.

“Улсын хүүхэд”-үүд өдгөө үр хүүхэд, ач зээ нараа тойруулан аз жаргалтай байгааг хараад Дүгүймаа ээж маш их аз жаргалтай байдаг ч бас нэгэн харамсалтай явдал нь гурван “Улсын хүүхэд” нь түүнийг үүрд орхижээ.Түүний зүрх сэтгэлд ямар нэгэн зүйл хадаастай байдаг бөгөөд үргэлж хүүхдүүдэд өртэй хэмээн боддог байв. "Хүүхдүүдийн хятад нэрийг санахгүй байсан. Хэдэн жилийн өмнө хамаатан садангаа хайж яваа хүүхдүүд байсан. Харамсалтай нь нэг нь ч хамаатан садангаа олоогүй. Тухайн үед нэрийг нь тэмдэглэж авсан бол хүүхдүүд маань ах дүү, төрөл төрөгсдөө олох найдлага илүү их байж магадгүй байсан".

Эмийн хайрцаг дахь хариуцлага

Дүгүймаа хоёр янзын “эрдэнэтэй”. Нэг нь 28 “Улсын хүүхэд”, нөгөө нь хуучин эмийн хайрцаг юм.

1970-аад оны Өвөр Монголд хүн ам цөөн, зам тээвэр амаргүй, эмнэлгийн болон эрүүл мэндийн байдал тааруу байсан тул хүүхэд төрүүлэх нь хөдөө нутгийн эмэгтэйчүүдийн хувьд их хэцүү байсан нь дамжиггүй.

Хүүхдийн асрамжийн ажлаа дуусгаад тал нутагтаа буцаж ирсэн Дүгүймаа хөдөө нутагт энэ тэр асуудлаас болоод залуухан бүсгүйчүүд үхлийн аюулд хүрч байгааг хараад түүний сэтгэл зүрхэнд үгээр илэрхийлэхийн аргагүй харуусал төрж байв. 1974 онд Хятадын Коммунист Намын гишүүнээр элссэн Дүгүймаа хошууны эмнэлгээс зохион байгуулсан сургалтад хамрагдаж, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг даган эх барихын анагаах ухааны мэдлэгтэй болжээ.

1975 оны нэгэн өдөр Номгон сумын Улаан Ширээ багийн малчин Одонгэрэл төрөхийн хүндрэл болж хамгийн ойрын эмнэлэгт хүрнэ гэхэд 100 гаруй километрийн зайд байжээ. Цөхрөнгөө барсан ар гэрийнхэн нь хошууны эмнэлэгт суралцаад удаагүй Дүгүймаад ханджээ. Малд явж байсан Дүгүймаа сургалтын төгсгөлд багш нь өгсөн эмийн хайрцгийг аван өөрийн эзэмшсэн орчин үеийн анагаах ухааны технологиор эх охин хоёрыг аварчээ. Энэ нь түүний эх барин тосож авсан анхны хүүхэд байсан юм. Түүнээс хойш энэ нутгийн ээжүүд "хамгаалагч"-тай болсон билээ.

33 настай Сүмбэр Дүгүймаагийн эх барьж аварсан хүүхэд байв. Тэр жил Сүмбэрийн ээж төрөхийн хүндрэл болж Дүгүймаа эх хүү хоёрыг аврахаар тэднийд иржээ. Тэр үед Сүмбэрийн биеийн байдал маш муу байсан тул гэрийнхэн нь түүнийг аврахыг хүсэхгүй байжээ. Гэвч Дүгүймаа Сүмбэрийг шар улаан ороолтоор ороон хүүхдийг асрахын зэрэгцээ ээжийг нь асарч байлаа. Эцэст нь эх хүү хоёр Дүгүймаагийн нямбай халамжийн буянаар амьд мэнд үлджээ.

Дүгүймаа багынхны итгэлийг дааж чадлаа. Тэрээр мал аж ахуй эрхлэхийн дээр чөлөөт цагаа эх барихын анагаах ухаанаар суралцаж, хөдөө нутгийн бүдүүлэг нөхцөлд эх барих өвөрмөц аргуудыг аажмаар эзэмшиж, 10 гаруй жилийн хугацаанд 40 гаруй залуу эхийн амийг аварсан бөгөөд ээлж дараалан шинэ амь насыг угтан авлаа.

Дүгүймаа байнгын эмч биш, тэр малчин хэвээр байв. Малын ажлын хажуугаар хүүхэд эх барих ажлыг хавсаргах боломжгүй. Тэр үед хөдөө эх барихын сургалтад хамрагдсан хүн цөөхөн байсан юм. Тэрээр "Өвчтөний ар гэрийнхэн намайг гэртээ дуудсан л бол хэчнээн завгүй байсан ч очих хэрэгтэй. Учир нь энэ сургалтад оролцож, эзэмших боломжийг нам, төр олгосон. Энэ миний үүрэг" гэж байв.

Дүгүймаа эх барихын эмчийн ажил үүргээ ухамсартайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд 1990-ээд оныг хүртэл үргэлжилжээ. Хожим нь хөдөө нутгийн эмчилгээ, зам тээврийн нөхцөл сайжирч, малчин ээжүүд мэргэжлийн эмчилгээ хийлгэх боломжтой болсноор Дүгүймаа хөдөө эх барихаар явахаа больсон билээ.

Дүгүймаагийн эм тарианы хайрцаг олон жил хөдөө нутгаар явж суугаад элэгдсэн ч тэрээр солих дургүй байв. "Үүнийг багш маань надад өгсөн. Эмийн хайрцгийг авсны дараа би хөдөө нутагт байгаа эхчүүдийг амар мэнд төрүүлэх үүргийг хүлээж авсан".

2016 онд Дүгүймаа 40 гаруй хүүхдийг энэ хорвоод ирэхэд нь гэрч болсон эмийн хайрцгийг Дөрвөд хошууны Монгол Хятадын уламжлалт анагаа ухааны эмнэлгийн эмч Машбилигт бэлэглэжээ. Эмч Машбилиг Дүгүймаа ээжийн эмийн хайрцаг бэлэглэсэн тухай эргэн дурсахдаа "Эмийн хайрцгийг цэнхэр хадгаар ороож, хадган дээр чүдэнзний хайрцаг тавьсан байлаа. Дүгүймаа ээж үүнийг багш маань надад өгсөн. Одоо чамд өгье, энэ бол манай хөдөө нутгийн эмчийн сайхан уламжлалыг харуулаад зогсохгүй хариуцлагыг уламжилж байгаа хэрэг" гэж байсан.

Тал нутгийн сайн охин

Дүгүймаа эелдэг, үнэнч шударга зан чанартай хүн. Анх удаагаа ч бай, олон жилийн танил ч бай түүнтэй баяр хөөртэй ярилцдаг.

Энэ жилийн 05-р сарын хөдөлмөрийн баярын амралтаар "Тал нутгийн баатар бяцхан эгч дүүс" Лон Мэй, Юү Рон нар Дүгүймаагийнд очсон бөгөөд анх удаагаа уулзсан гурван хөгшин эртний андууд шиг ярилцан инээлдэж, өнгөрсөн үеэ дурсахдаа Дүгүймаагийн тухай хүмүүсийн мэдэхгүй түүхийг гаргаж ирэв.

Лон Мэй Юү Рон эгч дүүс нэг удаа цасан шуурганд нэгдлийн хонийг хариулж байсан бол Дүгүймаа хамтын сүргийг хамгаалахын тулд цасан шуургатай "тэмцэж" байсан удаатай юм байна.

1977 оны өвөл Дөрвөдийн тал нутагт ховорхон тохиолдох их хэмжээний цас орж шуурга ширүүсч байлаа. Тэр үед Дүгүймаагийн гэр бүл нэгдлийн малыг өвөлжөө руу явуулахаар бэлтгэж байсан ч гэнэт цасан шуурга болж замд нь саад болжээ.

Цас орж, салхи улам ширүүсч байгааг хараад Дүгүймаа ямар ч байсан өвөлжөө барьж дийлэхгүйгээ мэдээд, мал сүргээ салхинаас хамгаалах зорилгоор хадлан руу туулаа. Нэгдлийн малаа алдахгүйн тулд тэднийх гэр бүлээрээ мал дээрээ үлдэхэд 12 настай охин нь салхи, цасанд дааран чичирч байв.

Шөнө болж тал нутгийн агаарын дулаан цельсийн хасах 30 хэмээс дээш болтлоо буурчээ. Өвдөг цастай тулгарсан Дүгүймаагийн гэр бүл хүрзээр ухаж гэр барьж босгон бараг гурван цаг зарцуулсан ба ёроолыг нь харсан хуурай хүнсний уутан дахь сүүлчийн хэдэн боорцгоо охиндоо өглөө.

Хээр талд амьдарч байсан Дүгүймаа ажилсаг, зоригтой нэгэн. Багын сэргэлэн тэрээр хонины хороо барихад туслах, мал тэжээх, өвс тэжээл бэлтгэх, хонь хяргах, хонь саах, өвс хадах зэрэг ажилд гарамгай байв.

Түүний хонин сүрэг хамгийн шилдэг нь, хонь хяргахдаа тэрээр хамгийн хурдан нь байв. Дүгүймаа хэзээ ч ажил голдоггүй, бохироос, ядрахаас айдаггүй. Дүгүймаагийн тухай ярихад малчид бүгдээрээ “Тал нутгийн сайн охин” гэж ярьдаг билээ.

"Ээж бол миний бахархал"

Дүгүймаа бол "Тал нутгийн сайн охин" бөгөөд охиныхоо сэтгэл дэх сайн ээж нь юм.

Дүгүймаа охиндоо "Цагаан" хэмээн нэр хайрласан нь "цайлган, эелдэг" байдлыг бэлэгшээн өгчээ. Энэ бол түүний охиндоо тавьсан хүсэл зөгнөл бөгөөд амьдралынхаа туршид хэрэгжүүлэн ирсэн амьдархуйн ёс зүйн үнэ цэнэ юм.

"Миний дурсамжид ээж маань завгүй л байдаг. Ажилдаа хамгийн хариуцлагатай ээж. Тэр өглөө гарвал шөнө л буцаж ирдэг байсан. Өдөр бүр гэртээ ганцаараа байна, ганцаараа сургуульдаа явна”. “Ээж нэгдлийн мал хариулдаг, сүргээсээ салдаггүй хүн” гэж Цагаан дурсав.

2006 оны 07-р сард ӨМӨЗО-ы төв Хөххотод Өвөр Монголын тал нутгийн Гавьяат эхийн анхны "Арван шилдэг эх" өргөмжлөх ёслол болж билээ. Дүгүймаа Хөххотод очин ёслолд оролцох замдаа автомашины осолд оржээ. Тухайн үед машинд жирэмсэн эмэгтэй сууж явсан юм.

Цагаан "Ээж тэр үед хүзүү, нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан. Дөрвөн цаг ухаангүй байдалтай байсан. Сэрснийхээ дараа жирэмсэн эмэгтэй болон хүүхдийн биеийн байдлыг асууж байсан. Ээжийг хагалгаанд оруулахаар болоход импортын үнэтэй материал ашиглахгүй байхыг шаардсан. Эмнэлгийн төлбөрийг олон нийтээс өгсөн болохоор нам, засгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх ёстой” гэсэн.

2019 оны 09-р сарын 29-ний өдөр Дүгүймаа, Цагаан хоёрын хувьд ер бусын өдөр байлаа. Дүгүймаа БНХАУ-ын Төрийн дээд одон медаль гардуулах ёслолд оролцохоор Бээжингийн Ардын Их Хурлын танхимд очжээ.

"Өмнөх шөнө ээж маань хүүхэд шиг баярласан даа. Ээж бид хоёр шинэ жилээр шинэ хувцас өмсөх гэж улайрч байсан залуу үеийнх шигээ монгол дээлээ гаргаж ирээд дахин дахин өмсөж шалгасан. Ээжийн хувьд энэ бол түүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй мөч юм. Тэрээр энэ өдрийг хамгийн сайхан байдлаар угтан авахыг хүссэн, бас хийж чадсан" гэж Цагаан ярив.

Мөн өдрийн өглөө үүрээр Дүгүймаа эртлэн босож, нил ягаан монгол дээлээ өмсөж, улбар шар өнгийн ороолтоо ороож, 07 цаг 30 минутад Ардын Их Хурлын Танхим зүг хөдөллөө. Цагаан зочид буудалдаа байрлаж, ээжийгээ "Ардын жишээч" хэмээх улсын алдар цолоор шагнуулж буй дүр зургийг телевизээр шууд дамжуулан үзжээ.

Цагаан "Ээжийнхээ охины хувьд би маш их догдолж, бахархаж байна. Ээж минь амьдралынхаа туршид эгэл жирийн, ер бусын зүйлсийг хийж ирсэн. Түүнийг улс орон хүлээн зөвшөөрч байна. Түүний бүх хичээл зүтгэл үнэ цэнэтэй".

Дүгүймааг зочид буудалд буцаж ирснийхээ дараа одондоо гараараа шууд хүргэсэнгүй, 28 "Улсын хүүхэд"-ийг асран халамжилдаг шигээ эелдэг зөөлөн харцаар харж байлаа.

Олон жилийн туршид Дүгүймаа олон магтаал хүртсэн. 1979, 1983 онд Хятадын "Үндэсний 03-р сарын 08-ны жишээч одон", 2003 онд "Үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үндэсний үлгэр жишээч", 2006 онд "Хятадын шилдэг арван ээж", 2007 онд "Үндэсний ёс суртахуун"-ын "Үлгэр жишээч", 2019 оны "Хамгийн сайхан тэмцэгч"-ээр шалгарсан байна.

Малчдын сэтгэлийн найз

Одоо Дүгүймаа охин Цагаантайгаа Дөрвөд хошууны Улаанхуа сууринд нүүжээ. Дүгүймаа тал нутгийн малчдад үргэлж санаа зовдог бөгөөд WeChat-аар дамжуулан тэдний үйлдвэрлэл, амьдралын нөхцөл байдлын талаар байнга асууж сурна. Дүгүймаа "Би одоо хөгширч байна. Үлдсэн насандаа илүү утга учиртай зүйл хийхийг хүсэж байна" гэж дандаа ярина.

Бага насандаа эцэг эхээ алдсан ах дүү Мөнхзаяа, Цогдэлгэр нарын хувьд Дүгүймаа шиг авга эгчтэй болох нь эмгэнэлт хувь заяаны аз завшаан юм. 1980 онд Дүгүймаагийн ах бэргэн нь өвчнөөр ар араасаа нас барсан тул 3 нас 10 настай ах дүү Мөнхзаяа, Цогдэлгэр нарыг гэртээ авч ирэн охинтойгоо хамт өсгөжээ. Хэдийгээр түүний гэр бүл баян чинээлэг биш ч Дүгүймаа хүүхдүүдтэй хэзээ ч буруу харьцаж байгаагүй, сургуульд сургаж, цэрэгт явуулж, гэр бүлтэй болоход нь тусалжээ.

Малчин Түвдорж болон түүний эхнэр Рацэрэн нар өвчтэй болж хэвтэрт ороод байхад Дүгүймаа тэднийг гэртээ авч ирэн өвгөнийг өөд болтол нь асарчээ.

Нэг жил Дүгүймаагийн ач хүү Цогдэлгэр хөлөө хугалж, харж асрах хүнгүй болов. Дүгүймаа ач хүүтэйгээ нэг их уулзаж байгаагүй ч болсон явдлын талаар сонссон даруйдаа машин хөлсөлж, 165 км цаана байрлах эмнэлэгт хүргэн асарчээ.

“Өдгөө Дүгүймаа хөгширч, нуруу нь бөхийж, гар хөл нь хариу өгөхгүй байгаа ч тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө санаа тавьж, асуудлыг нь шийдэхийн төлөө чадах бүхнээ хийж байна. Зарим малчид хотод очиж эмчид үзүүлэхэд эмчилгээний зардлаа даахгүй байвал Дүгүймаа эмчилгээний зардлыг нь гаргахаар санаачилга гаргана. Нутгийн бага сургуульд 50 гаруй ядуу сурагч байдгийг мэдээд 5000 юань гаргаж тусламж үзүүлэв. Бас холбогдох зардлыг нь төлдөг. Нас ахих тусам Дугуймагийн нүд муудаж, зарим хүмүүс түүнийг хагалгаанд оруулахыг ятгасан ч тэрээр "Хөгшрөөд байна. Хагалгаанд орох шаардлагагүй, хэмнэж байгаа мөнгө хэдэн ядуу оюутанд тус болно" гэдэг.

Дүгүймаагийн хуучин хөршүүд болон хөдөө мал малладаг найз нөхөд нь Улаанхуа сууринд ажлаар ирэхдээ үргэлж түүн дээр ирнэ. Эдгээр хуучин хөрш, хуучин найз нар нь Дүгүймаагийн гэрийг "өөрийн гэр" гэж хошигнодог бол Дүгүймаагийн хувьд тэд гаднын хүн биш харин гэр бүл нь юм.

Дүгүймаа Улаанхуа сууринд байрлах Нөхөрлөл хорооллын оршин суугчдад өөрийн чадлаараа тусламж үзүүлдэг. Тэрээр жил бүрийн баяр дурсгалын өдөр, Эх үрсийн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нутгийн иргэдэд ач ивээл, ахмад настнуудыг хайрлах хайр, гэр бүлийн уламжлал, хүүхдийн хүмүүжлийн талд тусламж үзүүлдэг байна.

"Энэ амьдралдаа миний хийсэн зүйл бол үнэндээ миний хийх ёстой зүйл. Нам, улс надад хүндэтгэл үзүүлсэн, би маш их талархаж байна. Хүний амьдралд үргэлж хийд дуусашгүй ажил гэж байдаг. Бие махбод болж байвал би хийгээд л байх болно. Хүмүүст тусална" хэмээн Дүгүймаа гуай ярьж байлаа.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл