solongonews
Хилийн дээсэнд орших адуучин айлтай танилцсан тэмдэглэл
2016-11-10 17:02
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн магистрант Энхбаяр Анар

       Миний нэрийг Энхбаяр овогтой Анар гэдэг. Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн магистрантын төгсөх ангийн оюутан. Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс жил бүр санаачлан зохион байгуулдаг Өвөр Монголын малчин амьдралтай танилцах аялалд хамрагдан 4 шөнө 5 өдөр амжилт, дурсамж дүүрэн аялаад ирлээ. Аяллын зорилго нь Өвөр болоод Ар Монголын малчин айлууд хоорондоо адил болон ялгаатай талыг таньж мэдэх, мөн олон нийтэд сурталчлах зорилготой аялал байлаа. Юуны өмнө энэхүү аяллыг зохион байгуулсан Солонго мэдээллийн төвийн хамт олонд баярлаж талархаж буйгаа илэрхийлэхэд таатай байна.

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн магистрант Энхбаяр Анар

  Манай аялал Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотоос 7 хүний бүрэлдэхүүнтэй гарч, Дөрвөд хошууны төв Улаанхуад Улаанцав хотын Өдрийн сонины хамт олонтой ганзага нийлэн тэмээн соёлын суурин газар буюу говийн хос бөхт тэмээг өсгөн үржүүлэх хоршоолол хийж байгаа айлтай танилцаж, дараагийн зогсоол Улаанцав аймгийн Жанган сумын адуучин айл байлаа. Энэхүү газар орны байрлал нь Эрээн Замын-Үүд болон Мандал Ханги хилийн боомтуудын яг голд нь буюу улсын хилийн зурвасаас 4 километрт байрлах цөлөрхөг газар байлаа. Хилийн цаана Халх Монголын Дорноговь аймгийн Хөвсгөл сум байрлах ба хилийн зурвас харагдана.

Адуучин Хувьсгалт

       Аав гурван хүүгийн хамт саахалт орших дөрвөн өрх айл байлаа. Гэрийн эзэн Хувьсгалт, гэрийн хүн нь ач нараа сургууль соёлын мөр хөөлгөж хот суурин барааджээ. Урт амралтын үеэр хот орж ач нартайгаа уулздаг, эсвэл гэрийн хүн нь ач нараа аваад хөдөө ирж жаал амраад буцдаг тухай биднийг орсон даруйд хуучилна. Хувьсгалт гуай гурван хүүтэй бөгөөд бүгд тусдаа гарсан амьдралтай учраас өөрөө гэрийн эзэн, эзэгтэйн ажлыг давхар хийгээд сурчихсан нь илт харагдана. Тэдний гэрээс холгүй Цолмон, Сугар, Ангараг гурван хүү нь гэр бүлээрээ малаа маллан амьдарна. Энэ дөрвөн өрх айл нийлээд 200 гаруй адуу, 1000 гаруй хонь 50-иад үхэртэй. Хонь үхрээ хүнсэндээ хэрэглэж, харин өрхийн орлого санхүүгийн асуудлыг унага эсвэл адууныхаа махаар шийддэг ба нэг адуу ойролцоогоор 5000 орчим юаниар үнэлэгдэнэ. Хувьсгалт гуайн хурдан удмын адуу нь аймаг хошууны наадамдаа 12, 13 удаа түрүү авч байсан түүхтэй. Том хүү нь мундаг уяач байлаа. Мөн уналгын ажилдаа хэрэглэх дөрвөн мотоцикл, оторт явдаг нэг зориулалтын байшинтай. Арилжаа наймаа хийх бол Эрээн хотыг зорьдог. Мөн нэлээдгүй олон Халх Монгол найз нөхөдтэй бөгөөд тэдэнтэйгээ интернэтээр холбоо бариад мэнд усаа мэдчихдэг гэж байгаа.

Сүү цагаан идээгээрээ биш улаан махаар гол хүнсээ болгон амьдардгийг нь хараад манай аяллынхан бүгд л гайхаж байлаа. Удалгүй учрыг нь лавлахад эдний амьдардаг газар нь өвс тэжээл муу болохоор төл малаа боддог аж. Мөн төр засгаас мал аж ахуйн амьдралыг дэмждэггүй ба Өвөр Монголын иргэд бэлчээр нутгаа хамгаалах хөдөлгөөн өрнүүлээд дөрөв таван жилийн нүүр үзэж байгаа ч ямар нэг үр дүнд хүрэхгүй байгаа тухай Хувьсгалт гуай цухас цухас дурдаж байлаа. Ярилцах зуураа үхрийн мах үүж, бэрүүдийн хамт бууз чимхэж амжуулна. Монгол айл цаанаа л нэг сайхан. Аж амьдралын хувьд тухайн амьдарч буй байгаль, цаг уурын нөхцөл, аюулгүй амар байдлаасаа болоод монгол гэртээ амьдардаг айл бараг л үгүй болж байгаа санагдлаа. Гэхдээ бидний аялал намар цаг сэрүүн үед таарсан болохоор өвөлжөөний байшиндаа орсон байж болох юм. Боломж гарвал дараагийн аялалд нь хамрагдан магадгүй зун нэг ирээд үзэхийг дотроо бодож л явлаа. Энэ газарт Ар Монголоос чоно байн байн орж ирдэг тухай эгдүүцэн ярина. Хонь малд хохирол учруулчхаад буцаад хил даваад нутагтаа орчихдог сүрхий санаатай амьтад гэнэ. Тиймээс дөрвөн нүдтэй дөрвөн сайхан том нохойтой. Эдгээрийн үүрэг бас нэлээдгүй их.

Том хүү Сугар уургаа бэлдэнэ

Өвөлдөө цас бага унадаг учраас бэлчээрээ хамгаалан 40, 50 километр явж отор хийнэ. Зарим жил цасгүй хар үед малдаа усалгаа хүртэл хийнэ. Өнгөрсөн жил их хүнд өвөл болж, зургаа долоон сар тасралтгүй усалж, өвс тэжээлээр онд мэнд оруулжээ. Энэ жил давгүй гэж хуучлан сууна. Мөн ихэвчлэн эрдэнэ шишээр хийсэн бордоо өгдөг. Түлшиндээ нүүрс ашиглах ба зарим хүйтэн жил зөвхөн нүүрсэнд гэхэд л 50000 орчим юань зарцуулдаг ба малын хөрзөнгөө зөвхөн хоол унд хийхдээ хэрэглээд л таардаг тухайгаа хуучиллаа. Хувьсгалт гуайн гэрээс зүүн хойш нэг хятад малчин амьдардаг ба бэлчээр газраа хашаалан амьдардаг гэнэ. Харин Хувьсгалт гуайнх хашаалахад арай л том газар амьдарна. Ер нь Өвөр Монголд бэлчээрийн газрыг хашаалж, айлууд хоорондоо хонь малаа нийлүүлэлгүй өөр өөрсдийн бэлчээр газарт маллан амьдарна. Мал багатай том газартай нэг нь газраа түрээсэлнэ, зарна гээд л Ар Монголын малчдаас ялгаатай зүйл олон харагдлаа. Орой болж нар жаргаад 9 болоход ороо засан орондоо орцгоож эхэллээ. Учир нь өдөр бүр нар мандахтай зэрэгцэн босно. Маргааш чухал ажилтай. Хөдөөний айлууд нараа дагаж амьдардаг нь сайхан.

Адуу хорхойлох ажлын үеэр

Энэ газрын ус маш муу, худаг ухсан ч ус гардаггүй тул өөрсдийн ундны цэвэр усаа холоос зөөж авчирдаг. Харин морь мал нь муу ус ундаалдаг учраас гэдсэндээ шимэгч хорхойтой болдог. Энэ хорхой нь адууны тамир тэнхээг дотроос нь сорсоор адуу үхэх аюулд хүрдэг байна. Иймээс жилд 2 удаа бүх адуундаа туулга уулгадаг. Биднийг очсон өдрийн маргааш намрын туулганы өдөр таарсан байлаа. Энэ ажлаа адуу хорхойлох гэж нэрлэнэ. Энэ ажил нь маш хүнд хэцүү ажил байлаа. Нэг адуунд хүндийн жингээс нь хамааран 25-30 грамм туулгыг буцалсан усаар найруулан адууныхаа хамарт нь цутгана. Адуу хорхойлох ажилдаа зориулсан тусгай том хашаанд адуугаа хураагаад, тэндээсээ нэг эгнээ болгон оруулах зориулалттай нарийн эгнээ төмөр хайсан дундуур нэг удаадаа 7-оос 8-н адуу оруулан бүх талаас нь хашна. Дараа нь нэг нэгээр нь ногтлон татаж, толгойг нь дээш нь сойж байгаад шилэн лонхоор хамарт нь туулгаа цутгана. Аяллынхан маань өмнө нь малд туулга уулгана, вакцин тарина гэж сонсож байсан ч ингэж хамарт нь хийдгийг анх удаа л харж, үнэхээр их гайхацгааж байлаа. Ингэж хамарт нь хийдгийн учрыг асуухад амаар нь цутгавал буруу хоолойгоор нь орж үхэх аюултай байдгаас сэргийлж байгаа аж. Зарим хөгшин морьд, хонины морьд нь туулгаа хийлгээд сурсан байдаг юм байна. Эмнэг адуунууд нь ногтоо таслан, булгиж тонгороод урд хойноо байгаа адуугаа гэмтээх явдал ч гарч байлаа. Хорхойлох ажил дундаа ороод явж байтал бага хүү Ангараг адуунд гар луугаа өшиглүүлээд ажлаас чөлөөлөгдлөө. Гэхдээ хөдөөний амьдрал ажил ихтэй болохоор өөр ажил амжуулахаар мотоциклоо унаад яваад өглөө. Уг нь эдний хүүхдүүд энэ ажилдаа дадсан ч энэ том амьтныг хөдөлгөөнгүй байлгаж байгаад хамар руу нь эм цутгана гэдэг үнэхээр хэцүү санагдаж байлаа. Манай аяллын багийнхан энэ хорхойлох ажилд  тусалмаар байсан ч өмнө нь хийж үзээгүй, зарим нь бараг морин дээр мордож үзээгүй хүмүүс байсан болохоор дэмий л танин мэдэж, гайхан харж зогслоо. Мэддэг бас чаддаг л хүмүүсийн хийх ажил байна лээ. Бидний хувьд зураг авч бичлэг хийгээд морьд үргээх шахаад, бараг л саад болох нь холгүй байлаа.

Хилийн дээсэнд орших адуучны амьдралтай танилцаж байна

Анхандаа адуу хорхойлох ажлыг аргамжаан дээрээ нэг нэгээр нь хашаагүй хийдэг байсан бөгөөд аюултай маш цаг зав хүн хүч шаардаж өдрийн ажил болдог байсан гэнэ. Хашаа хороог барьснаас хойш нэг өдрийн дотор хорхойлох ажлаа дуусгадаг болсон байна. Хувьсгалт гуайн гурван хүү аавыгаа дуурайсан ажилсаг юм. Том хүү нь бүрэн дунд сургуулиа төгсөөд л хөдөө мал дээрээ ирж, мал аж ахуйн амьдралдаа таарсан шинэлэг бүтээл, шинэ арга барилыг хэрэгжүүлсэн нь энэ хорхойлох саравч байв. Дараа нь Цолмон ахын гэрээр зочиллоо. Адуу хонины саравч, өвөлжөө, хооллох ундлах гээд л хийсэн зүйлс нь ёстой л монгол хүний нарийн ур ухаан гэлтэй. Гэр доторх зохион байгуулалт нь хүртэл сонин содон шийдэл ч харагдана. Бидний 4 оюутан цай уух санаатай гэрт нь сууж байтал аяга барьж явсан Цолмон ахын эхнэр гэнэт алга боллоо. Гайхан харж байтал шүүгээний хаалга онгойлгоод гараад ирлээ. Бид бүүр гайхан очиж харлаа. Гаднаас нь харахад шүүгээний нэг хэсэг хаалга атлаа нээгээд ороход бас нэг өрөө байв. Энэ мэтээр Цолмон ахын гэрт амьдралын талаар яриа өрнүүлэн гайхан бахархаж суутал явах болжээ.

Адуучин айл мордож дараагийн айлын зүг явах замд миний аманд “Адуутай айрагтай найрагтай” гэсэн дууны үг амнаас салахаа больсон байв. Бидний аяллын дараагийн цэг хоньчин айлд зочилно. Хол зам туулах болохоор бидний адуучин айлынд байх хугацаа энд хүрээд өндөрлөж байна.

Зохиогч: Э.Анар
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл