Бээжингийн хөрөнгийн бирж 11-р сарын 15-нд албан ёсоор ажиллав. Энэ нь Шанхай болон Шэньжэний дараа Хятадын эх газарт ажиллуулах гурав дахь хөрөнгийн бирж юм.
Бээжингийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн анхны 81 компаниас ойролцоогоор 70 нь дэвшилтэт үйлдвэрлэлийн салбар, орчин үеийн үйлчилгээний салбар болон стратегийн чанартай шинээр төрсөн үйлдвэрлэл зэрэг салбарынх юм. Хөрөнгө оруулалтын талаар нэлээд өндөр шаардлагатай нөхцөл байдалд стандарт хангаж бүртгүүлсэн хөрөнгө оруулагч дөрвөн сая гаруй байжээ. Дийлэнх компани нь эхлэнгүүтээ үзүүрт нь тултал өсөж, зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж буйг харууллаа.
Бүртгүүлсэн компаниудаас харахад бүтээлч жижиг дунд аж ахуйн нэгж дийлэнх олонхыг эзэлсэн байна. Дата судалгаа, технологийн шинэчлэлийн ажил эрхэлж буй Бээжингийн нэгэн компанийн удирдах зөвлөлийн захирал Лян Жилян сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: “Хөрөнгийн биржид бүртгүүлснээр дараачийн хөрөнгө оруулалтыг татах эрэлт хэрэгцээгээ хангах бөгөөд боловсон хүчин татах боломжтой боллоо” гэжээ. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд тус компани арван хэдэн ажилтны бүрэлдэхүүнтэй судалгааны баг байснаасаа өдгөө мянга орчим ажилтантай, 4 тэрбум гаруй юанийн үнэ цэнэтэй инновацийн компани болжээ. Гэхдээ одоогийн нөхцөл байдал нь Шанхай болон Шэньжэний гол самбарын захын стандарт хангаагүй учраас бүртгүүлэх боломжгүй юм.
Бээжингийн хөрөнгийн биржийг ажиллуулсны гол зорилго нь үүнд бий. Гол нь жижиг дунд аж ахуйн нэгжид үйлчлэх бөгөөд бүртгүүлсэн компаниуд нь “Эрт, жижиг, шинэ” байдгаараа онцлог юм. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн зах зээлийн дундаж өртөг, ажил эрхлэлтийн дундаж орлого болон анх хуримтлуулах дундаж хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлт нь Шанхай Шэньжэний хөрөнгийн биржид бүртгүүлсэн компаниудаас доогуур байдаг.
Хятадын жижиг дунд аж ахуйн нэгж маш олон дээрээ амьжиргааны хүчээр дүүрэн байгаа юм. Статистик тоо баримтаас харахад жижиг дунд аж ахуйн нэгж зэргийн төрөл бүрийн зах зээлийн гол цогц нь 2012 онд 55 сая байснаасаа энэ жилийн 7-р сарын байдлаар 146 саяд хүрчээ.
Эдгээр аж ахуйн нэгжүүдээс илүү мэргэшсэн, нарийвчлалтай, өвөрмөц онцлогтой инновацийн аж ахуйн нэгжийг “жижиг аварга” аж ахуйн нэгж хэмээн нэрлэдэг. Төвийн байгууллагын дэмжлэгтэй ийм аж ахуйн нэгж нийт 4762 байгаа юм. 15-ны өдөр тэдгээрийн 17 нь Бээжингийн хөрөнгийн биржид бүртгүүлжээ. Эдгээр “жижиг аварга”-ын судалгааны дундаж санхүүжилт нь орлогынхоо 7%-ийг эзэлдэг бөгөөд судалгааны боловсон хүч нь компанийнхаа нийт ажилтны 25% орчмыг эзэлдэг. Үр дүнтэй патент нь дунджаар 50 гаруй байдаг бөгөөд бүтээлч чадвар, ирээдүйн хөгжлийн боломж нь асар их юм.
Бээжингийн хөрөнгийн бирж ажлаа эхлүүлсэн нь Хятад улс олон давхаргын хөрөнгийн зах зээлийг бий болгохын чухал алхам юм. Хөрөнгийн биржид бүртгүүлсэн томоохон компаниудад үйлчилдэг гол самбарын зах зээлээс гадна Бээжингийн хөрөнгийн биржийг ажиллуулсан нь хөрөнгийн захын хүчинд түшиглэн, инноваци болон хөрөнгө босгохыг цаашид урамшуулан дэмжинэ. Ингэснээр жижиг дунд аж ахуйн нэгжийн хөрөнгө нийлүүлэлтийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж, тэдний цаашдын хөгжилд нь зам суваг хангаж, аж ахуйн нэгжүүдийн оюун санаа, боловсон хүчний бүтээлч зоригийг нь ихэд урамшуулан сэргээх болно.
Бээжингийн хөрөнгийн биржийг байгуулснаар хөрөнгө оруулалтыг инновацийн салбарт түлхүү татна хэмээн АНУ-ын "Wall Street Journal" -ын вебсайтад мэдээлж байв. Хятад улсын интернет, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, 5G зэрэг мэдээллийн технологи маш хурдацтай хөгжиж, инновацийн тодорхой чиг хандлагатай болж байгаа бөгөөд жижиг дунд аж ахуйн нэгжийн бүтээлч хөгжлийг үргэлжлүүлэн дэмжих замаар дэлхий нийтэд илүү олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ хангах болно гэж шинжээчид үзэж байна.
