solongonews
Нутгийн алдраа өргөж хурдалсан уяаны жигүүрт хүлгүүд
2017-08-23 15:22
Хятад улс, Өвөр Монголын Урадын дунд хошууны Баянулааны түмэн агтны найр 8 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд боллоо. Найр дээр Авга хошууны Наранбулаг сумын Баяншил багийн залуу уяач Гантулгын уясан жигүүрт хүлгүүд уралдаанд хурдлан давхиж айрагдан, нутгийн алдраа өргөсөн сайхан мэдээ дуулдаж, олон түмний урмыг хөгжөөж сэтгэлийг баясгана.

Малчин Гантулга энэ жил арваад морь уяж сойгоод эл газрын уралдаанд морио хурдлуулж яваа юм. Баяннуур хотод түмэн агтны их найртай гэх сургаар тэрээр өөрийн хурдан хүлгүүдтэй хүрсэн бөгөөд хурдан хүлгүүдийн уяа сойлго, явдал гүйдэл зэргийг нь үзэж байгаад алсын зайн уралдаан болон тойргийн уралдаанд уралдуулжээ. Холын зайн морин уралдаанд хоёр сайхан саарал мориороо тэргүүн шан тоссон уяач Гантулга тойргийн уралдаанд мөн “жаахан саарал”, “том саарал”, “суман буурал”, хээр морь зэргээ хурдлуулж үзэхээр шийдэж 1 километрийн их насны уралдаанд “жаахан саарал”, “том саарал”-аа хурдлуулсанд “том саарал ” нь айргийн гурав, “жаахан саарал” нь айргийн дөрөвт оржээ. 2  километрийн их насны уралдаанд хээр морь нь айргийн дөрөвт орж, 3 километрийн их насны уралдаан, 5 километрийн их насны уралдаанд “суман буурал” нь тус тус аман хүзүүдэж ирсэн байна. Залуу уяач Гантулгын уясан морьд нь орсон уралдаан бүрдээ айрагдан, хүний газарт нутгийнхаа алдрыг өргөсөн бөгөөд залуу уяачийн гарамгай эрдэм, Авга нутгийн хурдан хүлгийн алдрыг орон даяар алдаршуулж билээ. Уяач Гантулгын морьдын энэ жилийн уяа сойлго тэнцсэн гэдэг нь гайхалтай.

Баяннуурын найрт явахаас өмнө түүний хурдан хүлэг нь Авга, Зүүн Сөнид, Шулуун хөхийн найраар тэргүүн дэдэд орж байсан. Мөн тус найраас өмнө болсон 5 дахь удаагийн Хятадын нүүдэл мал аж ахуйн соёлын найр, Дархан Муумянган холбоот хошууны 65 жилийн ойн хүрээний 28 дахь удаагийн ардын наадмын 10 километрийн их насны уралдаанд Гантулгын халтар үрээ тэргүүлж, дүү Гантогоогийн буурал үрээ айргийн тавд хурдлан, 5 километрийн уралдаанд Гантулгын халтар үрээ мөн тэргүүлж, дүү Гантогоогийн буурал үрээ айргийн дөрөвт ирсэн байдаг. Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Баян-Овоо сумын “Баяр талархлын тал нутаг” дөрөв дэх удаагийн Баянбогдын найр дээр түүний халтар үрээ 16 километрийн зайд болон 10 километрийн зайд тэргүүлэв. Үүнээс гадна түүний халтар үрээ нь дөрөв дэх удаагийн Хятад, Монгол хоёр улсын Мандал-Ханги боомтын олон улсын соёл аялал жуулчлалын найр, Мандал суурингийн дөрөв дэх удаагийн ардын наадмын 25 километрийн их насны уралдаанд аман хүзүүдэж шандаст хүлэг гэдгээ харуулсан юм. Түмэн агтны их найраас буцаж ирэх замдаа Бугат хотын нэгэн найрын 9.8 километрийн уралдаанд халтар үрээгээ тавьсанд бас тэргүүлсэн байна.

Залуу уяач Гантулгынх 200 гаруй адуутай. Уяач аавынхаа удмыг залгаж төрсөн Гантулга дүү Гантогоогийн хамт сүүлийн хоёр жилд хурдан морь уях ажилд илүү хүч тавьж, энэ жил өөрийн унаган адуунаасаа арваад морь уясан бөгөөд бүхий л газрын том том уралдаанд хурдан хүлгээ хурдлуулж явахдаа эдгээр олон амжилтыг бүтээж, нутаг усныхаа алдрыг өргөж яваа юм.

Зохиогч: Хадаа
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл