Хэдэн арван жил зөвхөн төсөөллөөрөө амьдарч иржээ, би. Хүмүүсийн харилцаа хандлага, эрхлэдэг ажил үйлс өмсөж зүүсэн хувцас хэрэгслээр нь аж амьдралыг нь тодорхойлж болдог гэдэгт ч эргэлздэггүй байлаа. Арваад хоногийн өмнөөс миний төдийгүй, гэр бүлийнхний минь анхаарлыг татах болсон 40 орчим насны эмэгтэйтэй өдөр бүр таарахыг хүсдэг болчихлоо. Тэр эгч манай байрны орц, хүүхдийн тоглоомын талбай, орчин тойрныг цэвэрлэдэг. Өглөө 6 цагт ажлаа эхэлнэ. Чин сэтгэлээсээ цэвэрлэж цэмцийлгэнэ. Заримдаа хүүхдийн тоглоомын талбайн тоглоом нэг бүрийг угаачихна.
Олон аав ээж, хүүхдүүдтэйгээ ямар сэтгэл хангалуун тоглодог гээч... Байрны хүмүүс тэр эмэгтэйд ам сайтай. Бүгдээрээ л энэ орцны жижүүр ямар сайн хүн таарав аа гэцгээгээд л ... Бүгд л орцны жижүүр гээд ойлгочихсон байж. Орцны жижүүрүүд тухайн орцондоо, жижигхэн хөндий, тасалгаанд амьдардагийг олон хүн андахгүй.
Нэг өдөр ажлаасаа эрт тарлаа. Гэртээ орох гэж явтал дэгжин хээнцэр эгч үүдэнд таараад
“-Сайн уу, өнөөдөр ямар эрт ирж байгаа юм, энд хаячихсан хог новшийг харсан чинь хувцсаа ч сольж амжилгүй ажилдаа орчихлоо” гэх нь тэр. Гэтэл бидний орцны жижүүр гэж нэрлэдэг ажилч хичээнгүй, хүн бүртэй элэгсэг ханддаг тэр эгч угтаа холоос зорин ирж ажилладаг байсан юм байж. Гурван хүүхэдтэй, хоёр том хүүхдийнх нь нэг нь Англид, нөгөө нь Оросод суралцдаг. Отгон хүүхэд нь энэ жил автын инженер болохоор суралцаж эхлэх гэж байгааг найз бүсгүйтэйгээ хуучлах ярианаас нь мэдэж авлаа. Гурван ач зээтэй гэнэ. Тиймээс өдөржингөө гэрт зүгээр суухаар хэдэн ангаахайгаа эрхлүүлэх, хүүхдүүддээ бага сага тус дэм болох зорилгоор хотын нөгөө захаас ирж, манай байрны орцыг цэвэрлэдэг болж таарсан юм. Харин түүний найз эмэгтэйн яриаг сонсвол, “Би сая нэг гуанзанд хуушуурын тогоочоор ажиллаж байгаад гарчихлаа. Уг нь цалин нь 600,000 юм билээ. Даанч орчин нь жигтэйхэн халуун юм аа. Хэдэн төгрөгний төлөө тэгж үхэн хатан зогсоод яахав гэж бодогдоод, өөр ажил олдох нь уу, үгүй юу” гэж байна. Энэ хоёр эмэгтэйн амьдралын хэв маяг, харилцаа хандлага тэнгэр газар шиг өөр юм. Орцны маань шинэхэн цэвэрлэгч ажилдаа ирэхдээ гоё дэгжин хувцастай инээмсэглэн ирээд хувцсаа солин тэр хавийн бүх л муу муухай хог хаягдал, тоос шороог угааж цэвэрлэдэг. Ийм ажил хийдэг орцны жижүүрүүд ямар цалин авдгийг бид мэднэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч бага. Гэсэн ч голж чамлалгүй ажилласаар л байна. Бүр чин сэтгэлээсээ шүү.
Өнөө өглөө би сайхан аальтай эгчтэй дахиад л таарсан. Цэцэрлэгтээ хүргүүлэхээр яваа хүүг маань хараад “Энэ муухай бамбаруушийг хараад байгаарай, ааваа гээд 9 давхрыг цуурайттал орилдогсон, өнөөдөр хөөрхөн инээчихсэн явж байна, мундаг хүү шүү” гэж өхөөрдөн гараа даллан биднийг үдлээ. Яагаад ч юм тэр эмэгтэйг хараад сэтгэл цэлмээд явчихлаа. Хүн ажил голох биш, харин ажил хүнийг голдог жишээг тод харуулсан байрныхаа цэвэрлэгчид бид хайртай.
