
Хүлэг морины тухай хамгийн олон дуутай ард түмэн бол монголчууд. Хүлэг морьдыг унасан нутаг, уусан ус, аав ээж, амраг хонгортойгоо ихэрлэн дуулдаг ховорхон үндэстэн мөн л монголчууд. Морийг монголчууд дуулж, уянгалж, шүтэж, дээдэлж, амьдралынхаа туршид хамт байдаг учраас морь монголчуудын урлаг соёлын хан хойморт бат заларсан байдаг. Урлаг соёлын хөгжлийг дагаад морины дуу нь бие даасан урлаг болж хөгжсөн төдийгүй, мориор дагнан дуулдаг дуучид олон болсны дотроос Л.Нарантуяа, Цэцэгдэлгэр гэх хоёр бүсгүй дуучин сүүлийн үед “од” болон гялалзаж байгаа билээ.
Монгол түмнийхээ дунд “Морины дуучин” хэмээн овоглогдсон МУГЖ Г.Нансалмаагийн гарын ганц шавь Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Ламжавын Нарантуяа гэх сайхан дуучинтай Монгол Улсын баяр наадмаас өмнөхөн уулзаж ярилцсан юм. Дуучин бүсгүй маань морины шинэ уран бүтээлүүдийн олз омог болон морины дуу дуулдаг болсон түүхээсээ бидэнтэй хуваалцлаа.
- Та морины дуу дуулдгаараа алдартай. Эмэгтэй хүн морины дуу дуулах нь цөөхөн байдаг. Та морьтой их ойрхон байдаг уу. Морь таны хувьд ямар утга учиртай оршдог вэ?
- Би олон сайхан морийг магтан дуулдаг. Морь гэдэг хийморьлог амьтан, миний амьдралтай салшгүй холбоотой байдаг даа.
- Таныг гавьяат дуучин Нансалмаагийн шавь гэж дуулсан. Морины дуу дуулах болсон нь багшаас шалтгаалсан уу. Эсвэл морины дуу дуулах дуртай болохоор шавь орсон уу?
- Ер нь ямар нэгэн зүйл дандаа л учир утгатай байдаг. Миний аав, миний эмээ бүгд сайхан дуулдаг дуучин хүмүүс байдаг. Хүүхэд ахуй наснаасаа дуулдаг байсан. “Чамд морины Нансалмаа гэдэг хүний дуу зохино. Тэр хүнтэй уулзаж, багш шавийн барилдлагатай болж, тэр хүний дууг дуулаач” гэж их олон хүн надад санал тавьж байсан. Би багшийнхаа “Жонон хонгор” гэдэг дууг нь дуулах их дуртай байсан. Тэгээд 2008 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин морины Нансалмаа багштайгаа багш шавийн барилдлагатай болж, арваад жил морины тухай дуу дуулж байна.
- Өнөөг хүртэл морины нийт хэдэн дуу дуулж байна вэ. Таны урын сан дахь морины дуу хаанаас ирдэг вэ?
- Одоог хүртэл дуулсан морины дуу 100 гаруй болоод байна. 2008 онд Нансалмаа багшийн шавь болсноос хойш таван удаагийн бие даасан тоглолт хийгээд таван цомог гаргасан. Нэг CD хамгийн бага нь 15 дуутай, CD-д ороогүй маш олон дуу байгаа. Тэр бүх дуунуудаа хаана ч очоод дуулсан бүгдийг нь цээжээрээ мэднэ.
- Наадам дөхөөд ирэхээр морины дуучид ажил ихтэй болдог байх. Та ихэнхдээ ямар газруудаар уригддаг вэ?
- Миний хувьд баяр наадам, урин дулаан цаг хүрээд ирэхээр илүү их ачаалалтай болдог. Маш олон аймаг сумуудын ой, тэр дундаа Өвөр Монголын олон хошуу нутгуудаар урилгаар явж дуулдаг.

Монголчуудыг морин нуруун дээрх үндэстэн гэдэг. Морин нуруун дээр дэлхий жижгэрч, ухаан саруулждаг. Тэгж л амьдралд морьтойгоо амь нэгтэй явдгаас морийг мэдэрч, морио дуулсан дуучдын авьяас нь цаанаас нь цухалздаг байсан. Хурдан морьдын хөлснөөс эрч хүч авах, хүлэг морьдын тоосонд орж, үнэрийг нь үнэрлэн хийморио сэргээх гэх мэтээр монголчууд морь эрдэнийг бэлгэ дэмбэрлийн бүрэлбаа болгон шүдэн дээдэлдэг. Тийм ч учраас морины дууг амилуулан дуулах нь бүр ч нэгэн ёсны эрхэм дээд заяа буян болж ойлгогдох нь зүйтэй биз ээ. Адууг хүндлэн дээдэлдэг хийморьлог монгол ухаан, амьдралыг зөөллөж уяраадаг хатан монгол заяа, ариун цагаан бүхнийг аялгуу эгшгээр илэрхийлдэг уяхан монгол удам, ашдын ерөөл зөгнөлөөр хорвоог уяраан сэтгэдэг хаан монгол угсаа монголчууд билээ!
