solongonews
Шилийнгол аймгийн соёлын брэндийн хөгжил
2017-07-12 23:24
Шилийнгол аймгийн соёлын брэндийн хөгжил

Нэрт жуулчин Марко Пологийн аяллын тэмдэглэлд амилсан Юаний дээд нийслэл нь дэлхийн түмний хараанд эчнээ далдын ид шидээ гайхуулсаар ирэв. 2012 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн зөвлөлийн 36 дугаар чуулганаар Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны хязгаарт байрлах Юаний дээд нийслэл Шант хотын буурь нь дэлхийн соёлын өвд бүртгүүлснээр Шилийнгол аймаг, Өвөр Монгол, тэрчлэн бүх хүн төрөлхтний түүхэн дэх урлаг соёлын гайхамшигт нэгэн хууч өв нь дэлхийн түмний хараанд соёл түүхийн “брэнд” болон тодорчээ. Нэг газар нутгийн дэлхийн түмний хараан дахь нүүр царай нь тухайн орон нутгийн хүн ардын  зан заншил, түүх соёлын өв уламжлал, соёлын брэндээр бодит амиллаа олжээ.
2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр бид Шулуун хөх хошууны төв Шандийнгол суурингаас зүүн хойш  20 км орчим зайд байрлах Юаний дээд нийслэлийн хуучин бууриар айлчлан хүрсэн юм. Нам гүм дээд нийслэл аялал жуулчлалын хөл хөдөлгөөнт улирлаа угтаад хол ойрын жуулчид багширч байлаа. Бээжин, Тяньжин, Шанхай, Харамөрөн, Хөххотын харьяаллын машин үүгээр түүгээр хаа сайгүй харагдана.
Дээд нийслэлийн буурийн Хамааралтын зөвлөлийн хариуцлагатан Булагийн танилцуулснаар, 2016 онд ӨМӨЗО-оос “ӨМӨЗО-ны Юаний дээд нийслэлийн хамгаалалтын тогтоол”-ыг тогтоон нийтэлж, хамгаалалтын аргаа төгөлдөржүүлсний суурин дээр, аялал жуулчлалын бүтээн байгуулалтаа ахиулжээ. Өнгөрсөн жил аялал жуулчлалын тусгай төслийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний зардал болгож 10.5 сая юань төлөвлөн, Юаний дээд нийслэлийн аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулав. Үүнээс гадна бас Юаний дээд нийслэлийн олон улсын соёл  экологийн аялал жуулчлалын суурин газрын төслөөр 100.57 сая юанийн хөрөнгө төлөвлөж, гол төлөв үзэсгэлэнт орны аялал жуулчлалын зам, модон гүүр, машины зогсоол, ус цахилгаан хангах төхөөрөмж, хог хаягдал гадагшлуулан цэвэрлэх систем зэрэг иж бүрэн төхөөрөмжийг байгуулав. Одоохондоо өдөр бүр 4000-5000 жуулчин хүлээн авч байна.
Тэрээр мөн: - Дээд нийслэлийн уг үүсгэл болсон Кайпин Фүг 1256 онд байгуулснаас 1368 онд Юань улс мөхөх болтол 100 гаруй жилийн гэрэл гэгээтэй түүхэн цаг хугацааг туулж, өрнө, дорнын соёл боловсон, тариалангийн соёл болон нүүдлийн мал аж ахуйн нэгдлийн нийтлэг жишээ, үндэстний эв нэгдэл хөгжилд хүчтэй гэрч болж, хүн төрөлхтний соёлд асар их хувь нэмэр үзүүлжээ. Юаний дээд нийслэлийн буурийн соёлын  брэндийн  хувь нэмэр хэмжээлэхийн аргагүй юм. Үүнийг сайтар нээн ашиглах нь Шилийнгол аймгийн соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал түүхт чанартай ач холбогдолтой юм” гэлээ.
сүүлийн жилүүдэд ялангуяа “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд Шилийнгол аймаг нь соёлын брэндийг цогцлон байгуулах тал дээр хүчнээ төвлөрүүлж, олон олон орон нутгийн соёлын брэндийг хөгжүүлсэн байна.
Шилийнгол аймаг соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж брэндийг цогцлоож, аймгийн номын сан, соёлын ордон болон хөдөө тосгоны соёлын тасгуудыг байгуулжээ. Мөн Хятад улсын IV удаагийн соёлын ордны хяналт шалгалтад Шилийнгол аймгийн нэг ордон улсын нэгдүгээр зэрэглэлийн ордон болж, 3 ордон хоёрдугаар зэрэглэлийн ордон, 6 ордон гуравдугаар зэрэглэлийн ордон болжээ. Одоо аймгийн олон түмний соёлын ордон жил бүр  олон төрлийн үйл ажиллагааг 500 гаруй зохион байгуулан, аймгийн номын сан нь жил бүр давхардсан тоогоор 40.5 мянган зочдод үйлчилж, 30.6 мянган ном дэвтрийг гадагш зээлүүлж байна. Дэд бүтэц болон харгалзсан ордон талбайн бүтээн байгуулалт сайжирсан нь малчин түмний соёлын хүртээмжийг дээшлүүлжээ. “Тал нутгийн хөнгөн морьт цэрэг” хэмээгдсэн Улаанмөчир нь малчин түмний дунд гүнзгийрч, жил бүр аймгийн хэмжээнд 1200 гаруй талбай тайлан тоглолт хийж, үзэж сонирхсон хүний тоо 500 мянгыг давжээ.
 Аймгийн хэмжээнд “Шилийнголын соёл урлагийн наадам”, цагаан сарын уран сайхны үдэшлэг, “Жаргалант тал нутаг-Шилийн гол” уран сайхны үдэшлэг зэрэг томоохон уран сайхны үдэшлэг тоглолт, Эрээн хотын олон улсын нүүдлийн мал аж ахуйн соёлын наадам, Авга хошууны Чингис богд уулын тахилга, Сөнид зүүн хошууны адуун соёлын наадам, Сөнид баруун хошууны “Мал сүргийн өнөр өсөлтийн наадам”, Зүүн Үзэмчин хошууны “Мөнгөн цагаан Үзэмчин, мөс цасны наадам”, Баруун Үзэмчин хошууны “Мөнгөн өвлийн Үзэмчин, мөс цасны баяр наадам”-ын цуврал арга хэмжээ, тал нутгийн наадмын цуврал арга хэмжээ, Хөвөөт шар хошууны “Хийморь мандсан Хөвөөт шар” цагаан сарын үдэшлэг, Шулуун Хөвөөт цагаан хошууны галын тахилга, Тайвас хошууны цагаан сарын үдэшлэг, Шулуун хөх хошууны тэмээн соёлын найр зэрэг тухайн газрын иргэд болон дөрвөн зүгийн жуулчдын бахархлыг татсан маш олон соёлын брэндүүд ар араасаа мэндэлжээ.
Шилийнгол аймгийн эдгээр олон “Соёлын брэнд”-ийн хөгжлийг даган бусад газруудтай харилцаа холбоо өргөжин тэлжээ. Брэнд бол давуу тал, үндэснийх бол дэлхийнх.

Шилийнгол аймаг тал нутгийн соёлоороо дэлхийд гангарах цаг үе айсуй!


 

Зохиогч: Мэргэнбилэг
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл