2021 он бол билгийн тооллын цаагагчин үхэр жил. Чи Гүөхай эхнэртэйгээ хамт үхэр жилийн сайн сайхныг бэлгэдсэн утга төгөлдөр хос уянга бичиж гэртээ наажээ. Эдгээр хос уянга ахмад насны хосын сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзлэлийг харуулна.

- Манай гэр бүл одоогийн сайн амьдралтай болж чадсан нь эдгээр үхэр тэжээсэнтэй холбоотой. Үхэр тэжээж эхэлснээс хойш гэр бүлийн минь амьдрал өдрөөс өдөрт өөдлөн дээшилсэн. Бид ядуурлаас ангижраад зогссонгүй, өнгөрсөн жил тугалаа худалдаад 30 мянга гаруй юаний орлоготой болсон гэж Чи Гүөхай баяр хөөр, аз жаргалаар дүүрэн ярина. Ядуу амьдралтай байсан тэрээр баяжих амаргүй гэдгийг ойлгож, маш сайн баян чинээлэг амьдаръя гэвэл заавал урт хугацааны төлөвлөгөө хийх хэрэгтэй гэж боддог. Сүүлийн өдрүүдэд түүний таван үнээ бүгд тугалласан нь Чи Гүөхайгийн шинэ оны зорилгыг илүү тодорхой болгосон юм. Тэрээр:
- Үхэр жилд үхэр үржүүлэх нь гарцаагүй сайн. Би үхрийнхээ тоо толгойг нэмэгдүүлж, 20 толгой болгож өсгөхийг зорьж байна гэж хэллээ.
Хорчины тал нутгийн өрцөнд байрладаг Хорчин баруун гаран дунд хошуу Өвөр Монголын Өөртөө Засах Орны мал аж ахуй эрхэлдэг 33 хошууны нэг юм. Энд мал үржүүлж тэжээсэн олон жилийн түүхтэй төдийгүй, "Махны чиглэлийн үхрийг өсгөн үржүүлж, тарга тэвээргэ суулгах шилдэг бүс" гэж нийт олонд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Сүүлийн жилүүдэд Хорчин баруун гаран дунд хошуу нь махны чиглэлийн үхрийн аж ахуйг ядуурлыг бууруулах, хөдөө орон нутгийг хөгжүүлэх тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, махны чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд олон дэмжих бодлого гаргаж, нийт 114.525 сая юаний хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь малын үржил, тарга тэвээргэ нэмэх, үүлдрийн сайжруулалт, тэжээл бордоо, худалдаа, боловсруулалт зэрэг бүх салбарыг хамарч байгаа юм. Түүнчлэн махны чиглэлийн үхрийн аж ахуйг өндөр чанартай хөгжүүлэхэд түлхүү нөлөө үзүүлж байна.
ХКН-ын Хорчин баруун гаран дунд хошууны хорооны Байнгын хорооны гишүүн, хошууны орлогч дарга Бай Ян:
- Төвийн Суртал Ухуулах Хэлтэс бидэнд цэвэр эко хоол хүнс, соёлын аялал жуулчлал, үхрийн аж ахуйг хөгжүүлэх хөгжлийн бодлогыг тогтоож өгсөн юм. Эдгээрийн дотроос үхрийн аж ахуй нь хошууны эдийн засгийг хөгжүүлэх, малчид тариачдын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх чухал хөдөлгүүр болж байна гэж хэлэв. Энэ он бол Хорчин баруун гаран дунд хошууны махны чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэх чухал жил. Малын үржлийг батлах, үүлдрийг сайжруулах, тарга тэвээргэ нэмэх, худалдаа, нядалгаа, боловсруулалт, хүйтэн гинжин түгээлтийг нэгтгэсэн иж бүрэн сүлжээг бий болгоно. Засгийн газар гүүр холбоосны үйлдэл үзүүлэн удирдан жолоодож, мал аж ахуйн хоршооллоос зохион байгуулж олон мянган өрх оролцох махны чиглэлийн үхрийн аж ахуй хөгжүүлэх шинэ загварыг бий болгоно.
Уламжлалт мал аж ахуйд шинэ эрч хүч нэмнэ
Өглөөний 08:30 цагт хүмүүс дөнгөж өдрийн ажлаа эхлүүлээд байна. Дайчинтал сумын Бүрхэнманх гацааны малын үүлдрийг сайжруулагч Чан Ваньчюань аль хэдийн 7 үнээ хээлтүүлэх ажлаа хийж дуусгажээ. Чан Ваньчюань үхэр малтай 20 шахам жил харьцаж ирсэн. Олон жилийн турш хээлтүүлэг хийсэн туршлагатай, үүлдрийг сайжруулах, хээлтүүлэг хийх өндөр мэргэжилтэй. Хорчин баруун гаран дунд хошууны анхны удаагийн малын үүлдрийг сайжруулах тэмцээнд оролцож тэргүүн шагнал хүртэж байв. Тийнхүү орон нутагтаа хамгийн нэр алдартай малын үүлдрийг сайжруулагч болжээ. Тэрбээр:
- Өнгөрсөн жил би 2000 орчим үнээнд хээлтүүлэг буюу үүлдрийн сайжруулалт хийсэн. Ихэвчлэн эргэн тойрны тосгоны үнээндээ хээлтүүлэг хийх бол над руу залгадаг. Би аль болох богино хугацаанд очиж үйлчилдэг. Сүүлийн хоёр жилд мал тэжээх өрх олширсон. Нутгийн уламжлалт үхэр бол махны чиглэлийн өсөлт нь удаан байдаг. Үүлдрийг сайжруулсны дараах симментал үхэр нь биеийн өсөлт хурдан, өндөр биетэй, өвчинд тэсвэртэй болохоор яриангүй өндөр үнэтэй худалдаж чаддаг гэж ярьлаа.
Баянхошуу суурингийн Хартов гацааны малчин Чи Шысан зав гармагц өөрийн тэжээж үржүүлж байгаа үхрээ очиж үздэг. Тэрээр:
- Миний эдгээр жижиг тугалууд маш их үнэд хүрдэг. Дөрвөн сарын хугацаанд 16 мянган юань зарах боломжтой юм байна гэж өнгө зүсэм сайн, өндөр биетэй, тарга сайтай тугалуудаа хараад тун бахархалтай ярьж байлаа. Түүний эдгээр тугалуудыг бүгдийг "Хөлдөөсөн үрийн шингэн"-ээр хээлтүүлэг хийж үржүүлсэн юм. Одоогийн зах зээлийн үнээс харахад "Хөлдөөсөн үрийн шингэн"-ээр үржүүлсэн тугал нь энгийн тугалаас 5000 орчим юань илүү үнэд хүрдэг. Махны чанар сайн болохоор зах зээлд маш эрэлттэй байдаг.
Өндөр ашиг орлого олсон Чи Шысань малын үүлдрийн сайжруулалтын чухал ач холбогдлыг таньж мэдсэн байна. Гэхдээ түүний ашиглаж байгаа "хөлдөөсөн үрийн шингэн" нь Хорчин баруун гаран дунд хошууны улсын зэрэглэлийн үржлийн үхрийн өртөө болох Өвөр Монголын Жүннун Шин-Ань үржлийн технологийн ХХК-иас гаралтай.
Бид Өвөр Монголын Жүннун Шин-Ань үржлийн технологийн ХХК-ний лабораторид орж, техникчид бухын эр үрийн эсийн эрч хүч, нягтыг туршиж завгүй ажиллаж байгааг харсан юм. Тэд хянан шалгасан бухын үрийг шингэлэх, лаазлах, кодлох, хөлдөөх зэрэг явцыг дамжсаны дараа хадгалах хөмрөгт хийж хадгалдаг. Хянган аймгийн хамгийн анхны улсын зэрэглэлийн үржлийн үхрийн өртөөний хувьд энд өдөр бүр 10 мянга гаруй өндөр чанарын хөлдөөсөн үрийн шингэн үйлдвэрлэх боломжтой. Энэ нь Хорчин баруун гаран дунд хошууны махны чиглэлийн үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд өндөр чанарын үрийн баталгааг хангаж өгдөг.
Тус компаний гүйцэтгэх менежер Кан.Цэнгэл:
- Бид гаднаас симментал, ангус, япон хар үхэр, шаролаис зэрэг өндөр чанартай үүлдрийн үхрийг нутагшуулсан. Дараагийн шатанд үрийн үнээний үндсэн үржүүлгийн газар, үр хөврөл шилжүүлэн суулгах үйлдвэрлэлийн төвийг байгуулсан. Сайн үүлдрийн малыг илүү үржүүлж, Хорчин баруун гаран дунд хошууны мал аж ахуйн чанар, брэндийг сайжруулахад хүчтэй дэмжлэг үзүүлнэ гэж хэллээ.
Сүүлийн жилүүдэд Хорчин баруун гаран дунд хошуу нь хөлдөөсөн үрийн шингэнээр хээлтүүлэг хийх аргаар малын үүлдрийг сайжруулахад гол анхаарлаа төвлөрүүлсэн. Нийт хошууны 900 гаруй хүн махны чиглэлийн үхрийн үүлдрийг сайжруулах сургалтад оролцсон. Бүх хошуунд нийт 885 хээлтүүлгийн цэгтэй болсон. Энэ нь нийт хошууны 12 сум сууринг хамарсан. Махны чиглэлийн үхэрт хиймэл хээлтүүлэг хийх хэмжээ 95 хувиас давсан байна.
Хорчин баруун гаран дунд хошуу махны чиглэлийн үхрийн чанарын сайжруулалтын тал дээр маш их хичээж ажилласан. Гэвч зах зээлийн тоо хэмжээний шаардлагыг хангаж чадахгүй юм. Үүнд зориулан Хорчин баруун гаран дунд хошуу "Сайн үүлдрийн малын тоог дахин нэмэгдүүлэх" төслийг хэрэгжүүлж байна.
Үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгөний дутагдал хамгийн том саад бэрхшээл болж байна. Хятадын хөдөө аж ахуйн банкны Хорчин баруун гаран дунд хошуун дахь салбар банк нь хошууны Засгийн газрын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу малын аж ахуйг хөгжүүлэхэд зээл олгох үйлчилгээ үзүүлж, хошууны малын аж үйлдвэрлэлийн хөгжилд идэвхтэй оролцсон байна.
Хятадын хөдөө аж ахуйн банкны Хорчин баруун гаран дунд хошуун дахь салбар банкны орлогч дарга Баяннамар:
- Хөдөө аж ахуйн банк гурван жилийн дотор 2 тэрбум юаний зээлийн мөнгө гаргаж, малын тэжээл бордоо тарих, худалдаалах зах зээлийг байгуулж өргөжүүлэх, махны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүлдрийн сайжруулалт зэрэг малын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд холбогдсон олон салбарт зээл олгоно. Одоогийн байдлаар нийт 885 сая юаний зээлийн мөнгийг олгож өгсөн байна. Үүний дотор 2020 онд гэхэд 680 сая юаний зээлийн мөнгийг олгож, 8875 мал тэжээдэг өрхийг дэмжсэн байна.
- Би өнгөрсөн жил банкнаас 300 мянган юаний зээл авч, 15 үнээ худалдаж авсан. Эдгээр үнээнүүд тухайн жилдээ тугалтай болсноор 170 мянган юаний орлого олсон. Энэ банкны зээл намайг санхүүгийн бэрхшээлээс чөлөөлсөн. Хятадын хөдөө аж ахуйн банкны зээл хүү багатай, урт хугацааны төлбөртэй байдаг тул зээл авсан хүмүүс үхэр худалдан авч үржүүлээд орлогоо нэмэгдүүлж амьдралаа сайжруулсан гэж Шартов гацааны Наянтай баяртай ярьж байлаа.
Санхүүгийн үр дүнтэй дэмжлэгээс мал аж ахуй нэлээд өргөн цар хүрээтэй болжээ. Хорчин баруун гаран дунд хошууны үнээний тоо 2018 онд 150 мянга байсан бол одоо 223 мянга болж, махны чиглэлийн үхрийн тоо 2018 онд 230 мянга байсан бол одоо 335 мянга болж өссөн байна. Махны чиглэлийн үхэр тэжээдэг өрх 15 мянгад хүрч, махны чиглэлийн үхрийн хоршоолол 282 болж, бүртгүүлэн карттай болгосон 2870 ядуу өрх нь дунджаар өрх бүр 8 махны чиглэлийн үхэртэй болсон байна.
Шинжлэх ухаанчаар тэжээн үржүүлж орлогоо нэмэгдүүлсний зэрэгцээ экологийг хамгаалав
Бид Хорчин баруун гаран дунд хошууны Баянхошуу суурингийн Шартов гацааны Ү.Багана мал тэжээх хоршоололд очиж, хүрээнд нь орохоос өмнө үхрийн мөөрөх дуу сонсогдлоо. Хүрээнд нь стандартчилсан хашаа саравч, ногоон тэжээл бордооны зоорь, өвс бордооны хөмрөг зэрэг харагдаж, орчин үеийн тоног төхөөрөмж нь хоршооллын үхэрт сайн гэрэл илч, салхи агаар, тэжээл хангадаг. Энд "амьдардаг" 560 гаруй үхэр уужуу цэвэрхэн хашаан дотор тав тухтай амарч, идэх тэжээл бордоотой, унтах дулаан хашаа саравчтай таатай сайн амьдардаг.
- Махны чиглэлийн үхэрт тарга тэвээргэ суулгах гэдэг чинь мэргэжлийн ажил шүү. 500 жинтэй үхэр өдөрт 10 гаруй юаний тэжээл бордоо иддэг гэж Ү.Багана махан үхрийг таргалуулах тэжээллэг "жор"-ын тухай яриад ногоон зөөлөн, исгэлэн тэжээл бордоогоо том урт тэвшинд хийж, үхрүүд нь богино хугацаанд бүгдийг идэж дуусав. Эрдэнэ шиш хамгийн тэжээллэг байх цаг үед ногооноор нь хадгалж зоорилох юм бол чанар сайн тэжээл бордоо болж хувирдаг. Энэ төрлийн тэжээл бордоонд нь үхэр хамгийн дуртай, амархан шингэдэг бордоо бөгөөд хурдан таргалуулдаг гэж тэрээр туршлагаа ярьлаа.
Үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд үүлдрийг сайжруулахаас гадна, хамгийн чухал нь тэжээл бордоо болно. Эрдэнэ шишийн иш өмнө нь тосгоны үзэмж төрхөнд нөлөөлдөг, шатаахад бохирдол үүсгэдэг хог хаягдал байсан. Харин үхрийн аж үйлдвэрлэлийн хөгжлийг дагалдаж энэ хог хаягдал нь одоо харин үнэ цэнтэй сайн тэжээл бордоо болсон байна.
Сүүлийн жилүүдэд Хорчин баруун гаран дунд хошуу тэжээл өвсний тариалалтын цар хүрээг өргөжүүлж, өндөр стандартын тариалангийн талбай байгуулж, үр тарианы үүлдрийг шинэчлэн, иш сүрлийг сайн ашиглаж байна. Бүх хошууны тэжээл өвсний гаралтын нийт хэмжээ 5.325 сая тоннд хүрч байгаа бөгөөд энэ нь 1.065 сая үхрийн жилийн тэжээл өвсийг хангаж чадна. Үүний зэрэгцээ тус хошуу иш сүрлийг хурааж дахин ашиглах ажлыг эрчимтэй хийж, иш сүрэл боловсруулах тоног төхөөрөмжийг сурталчилж, хошууны 12 сум суурингийн цар хүрээнд 11.4 сая юаний хөрөнгө оруулалт хийж иш сүрлийг сүйрүүлэн боловсруулах, даршуулах тоног төхөөрөмж худалдаж авчээ. Одоо бүх хошуунд нийт 33 мянга гаруй га ногоон тэжээл бордоо тарьж байна. Үүний үр ашгийг 12 мянган өрх хүртэж байна.
Хорчин баруун гаран дунд хошуу бол хөдөө аж ахуй, мал аж ахуйг зэрэг хөгжүүлж байгаа хошуу. Өмнө нь хонь голлон тэжээж байсан учир малчид тариачдын орлогын нэмэгдэл удаан байсан. “Хонийг цөөрүүлж, үхрийг өсгөх”, “Гурвыг хориглох” бодлого хэрэгжиж эхэлснээс хойш махны чиглэлийн үхрийн аж ахуй хурдтай, чанартай хөгжиж, экологийн орчин жилээс жилд сэргэж, малчид тариачдын орлого жилээс жилд нэмэгдэж, малчид тариачдын махны чиглэлийн үхэр тэжээж үржүүлэх урам зориг нэмэгдсэн байна.
- Хонь өвсний үндсийг ухаж, өвс их иддэг, бэлчээрт үзүүлэх дарамт их байдаг. Үхэр өвсний үзүүрийг идэж, өвсний ургалтад нөлөөлдөггүй. Нэг үхрийн өртөг таван хоньтой тэнцэх бөгөөд нэг үхрээс хамгийн дордоо 6 мянган юаний орлого олдог. Иймээс үхэр тэжээх нь тал нутгийн экологийг хамгаалж чадах, орлогоо баталгаатай нэмэгдүүлж чадна. Хоёр жилийн өмнө Манлай гацааны малчин Эрдэнэбулаг дансаа ингэж тодорхой бодоод хонь цөөрүүлж, үхэр өсгөхөөр шийджээ. Тэрээр 600 гаруй хонио бүгдийг нь худалдаж, 60 үнээ худалдаж авч тэжээсний дүнд тэжээл бордооны жилийн хэрэгцээ шаардлага буурч, хэдэн зуун километр хол явж тэжээл бордоо авах шаардлагагүй болсон. Үүнээс гадна, жилд 20 мянган юаний илүү орлого олох болсон байна.
Хорчин баруун гаран дунд хошууны Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны товчооны дарга Саруул:
- Үхэр тэжээх өрхийн хувьд өвс малын тэнцвэрийг баталж, хонийг цөөрүүлж үхэр өсгөх, бага тооны тэжээж сайн арчлах нь бэлчээрийн экологийг сэргээхэд ашигтайгаар үл барам орлого нь өмнөх жилүүдтэй харьцуулахад ялимгүй нэмэгдсэн байна гэж хэллээ. Экологийн орчин сайжирснаар нийт хошуунд ногоон органик хөдөө аж ахуй, мал аж ахуйн тэргүүлэх аж ахуйн нэгж 31 болж нэмэгдсэн. Үүнээс 15 мянган өрхийн 48 мянган хүн дунджаар хүн бүр 1200 юаний орлого олж байна.
Бэлчээр ургамлын нөхөн сэргээлт сайжирч, нийт хошууны байгалийн өвсний үйлдвэрлэл нь 750 мянга гаруй тонн хүрсэн. Хүний хүчээр 33 мянган га өвс бордоо тарьж, 186 мянга га иш сүрэл тарьж уруулж байгаа нь Хорчин баруун гаран дунд хошууны орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлэхэд бат бөх үндэс суурийг тавьж байна.
Хуучны уламжлалт мал аж ахуйн арга хэлбэрээ өөрчилснөөр Хорчин нутгийн бэлчээр экологи маш сайн сэргэж чадсан байна. 2020 оны 10-р сард Хорчин баруун гаран дунд хошуу нь үндэсний "Номин ногоон уул ус бол даруй алт мөнгөн уул ус мөн" гэсэн сэдэвтэй инновацийн баазаар сонгогджээ. Уламжлалт үйлдвэрлэлийн арга хэлбэрийн шинэчлэлт нь Хорчин баруун гаран дунд хошууны экологийн хамгаалалтыг сайжруулсан бөгөөд орлогыг нэмэгдүүлэхэд эерэг үр нөлөө үзүүлсэн байна.
Өндөр чанартай хөгжлийн шинэ цаг үед орж байна
Хорчин баруун гаран дунд хошууны Хун Ань орчин үеийн махны чиглэлийн үхрийн худалдааны төв 01-р сарын 14-ний өдөр нээгдэж, хэдэн зуун үхэр цуглуулан худалдаалж, маш өрнүүн байв.
- Эндхийн малын захын үхрийн үүлдэр сайн, тэтгэмж мөнгөтэй. Би сар бүр ирж байсан. Одоо би 28 үхэр худалдаж аваад байна. Дээр нь дахиад 50 үхэр нэмж авах бодолтой байна гэж Сычуань мужаас ирсэн Жао Сылү шийдэмгийгээр нэг үхрийг дунджаар 11000 гаруй юаний үнээр худалдаж авав. Саруул:
- Хүмүүс үхэр тэжээж арчлах мэргэжил эзэмшиж, үхрээ худалдах тавцантай болвол сая махны чиглэлийн үхрийн аж ахуй нь эдийн засгийн хөгжлийг түлхүү дэмжих, малчид тариачдын орлогыг нэмэгдүүлэх чухал хөдөлгүүр болж чадна гэж хэллээ. Энэхүү малын худалдаа, мал хадгалж тэжээлгэх, мал худалдаалах хүмүүсийн байр буудал, хоол хүнсний газар, сургалт явуулах болон бусад чиг үүргийг нэгтгэсэн худалдааны төв байгуулагдсан нь Хорчин баруун гаран дунд хошууны махны чиглэлийн үхрийн ахуйн өндөр чанартай хөгжлийг түлхүү сайжруулж олсон чухал ололт юм. Мөн махны чиглэлийн үхрийн аж ахуйн бүхэл цогцын гинжийг байгуулахад чухал нэгэн алхам болно.
Худалдааны төв нь нэг талаараа зах зээл, нөгөө талаараа малчид тариачидтай холбогддог. Том хэмжээний мэдээллийн тусламжтайгаар малчид тариачид зах зээлийн малын үүлдэр, үнэ, худалдааны эх үүсвэр зэрэг зах зээлийн нөхцөл байдлыг цаг тухайд нь үнэн зөвөөр мэдэж авах боломжтой. Энэ нь малчид тариачдад үхрийг боломжийн үнээр зарж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал лавлагаа болж өгдөг.
- Бидэнд үхэр худалдаалах 800 хашаа, хонь худалдаалах 1000 хашаа, хадгалж тэжээх 27 хашаа байдаг. Тэндээ 16 мянган үхэр, 60 мянган хонийг зэрэг багтаадаг. Тус худалдааны төв Хорчин баруун гаран дунд хошуунаас 500 километр зайд орших малчид тариачдын малаа худалдахад дэмжлэг үзүүлнэ. Тээвэрлэх зайг маш ихээр богиносгож, гүйлгээний зардал, эрсдэлийг бууруулж, хүмүүсийн үхэр тэжээж үржүүлэх урам зоригийг нэмэгдүүлжээ гэж Хун Ань орчин үеийн махны чиглэлийн үхрийн худалдааны төвийн ерөнхий менежерийн орлогч Жао Лэй хэлж байлаа. Өнгөрсөн оны 05-р сарын 01-нд зах зээл нээгдсэнээс хойш тус худалдааны төвөөр дамжин 428 мянган үхэр хонь худалдаалж, нийт арилжааны хэмжээ 850 сая юаниас давжээ.
2020 онд Төвийн суртал ухуулгын газрын удирдлага дор махны чиглэлийн үхрийн аж ахуйг эрчимтэй, гүн боловсруулах зорилгоор нэрт үхрийн махны аж ахуйн компани Яншинь Хуаян группыг Хорчин баруун гаран дунд хошуунд нутагшуулсан байна. Нийт 180 сая юаний хөрөнгө оруулалт хийж, махны чиглэлийн үхрийг нядалж боловсруулах хүйтэн сүлжээний ложистикийн төсөл нь өндөр стандартын боловсруулалтын тасаг, бүтээгдэхүүний судалгааны төв, хүйтэн сүлжээний ложистикийн хадгалах төв зэрэг хэсгээс бүрдсэн.
- Хорчин баруун гаран дунд хошуу махны чиглэлийн үхрийн баялаг нөөцтэй. Шилдэг хөрөнгө оруулалтын давуу нөхцөл нь Яншинь Хуаян группт энэ халуун нутагт хөрөнгө оруулах өргөн боломж олгосон гэж Яншинь Хуаян группын дарга Ян Гуангэнь хэллээ. Хорчин баруун гаран дунд хошуу нь Шань Дүн мужийн махны чиглэлийн үхрийн аж ахуйг эрхэлдэг аж ахуйн нэгжийн төслийн бүтээн байгуулалт хийхийг дэмжиж, аж ахуйн нэгжид бүх төрлийн үйлчилгээ үзүүлж, бизнесийн орчныг улам сайжруулж өгч байна. Дараагийн алхамд Яншинь Хуаян групп нь “Бизнесээр бизнесийг дагуулах" аргаар Хорчин баруун гаран дунд хошуунд хоёр боловсруулах компанийг дагуулан суурьшуулж, аж үйлдвэрийн гинжийг өргөтгөх, аж үйлдвэрийн бүтцийг оновчтой болгоход эерэг хувь нэмэр оруулах болно.
Хорчин баруун гаран дунд хошууны орлогч дарга Бай Ян:
- Хорчин баруун гаран дунд хошуу төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж байна. Төсөл хэрэгжиж эхэлсний дараа жилд 100 мянган үхэр, 1 сая хонь нядалж боловсруулж чадна. Үүний жилийн ашиг орлого 930 сая юаньд хүрч, татварын орлого нь 40 хүрэх боломжтой. Бас 180 ажлын байраар хангана. Энэ нь Хорчин баруун гаран дунд хошууны махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрлэлийн бүхэл цогцын сүлжээг байгуулах, эргэн тойрны махны чиглэлийн үхрийн аж ахуйн хөгжлийг дагуулан жолоодох, махны чиглэлийн үхрийн аж ахуйн өндөр чанарын хөгжлийг түлхүү ахиулахад маш чухал ач холбогдолтой.
Түлээ мод суурингийн Юань Баошань гацааны малчин Чан Мин гар утасны АПП дээрээс өөрийн үхрүүдийн өдөрт хэдэн алхам явсан. Хаана бэлчиж байгаа тухай мэдээллийг шууд олж хардаг. Энэ бүхэн Өвөр Монголын И Кэ Хөдөө аж ахуй, мал аж ахуйн технологийн хөгжлийн ХХК-ний авчирсан "хар технологи"-той холбоотой. Үхэрт тусгай хүзүүвч зүүлгэсний дараа түүний байршил, эрүүл мэндийн байдал, халдварт тахлаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, эструсын хугацаа зэрэг мэдээллийг тухайн цагт нь гар утсанд нь дамжуулах болно.
Хорчин баруун гаран дунд хошуу үхрийн өндөр чанартай үржлийг сурталчлах сургалтын бааз байгуулах, махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрлэлийн дижитал үлгэр жишээ үзүүлэх мал аж ахуйн талбай болон үлгэр жишээ үзүүлэх өрх бий болгох зорилгоор Хятад-Канадын махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны холбоотой хамтран Өвөр Монголын И Кэ Хөдөө аж ахуй, мал аж ахуйн технологийн хөгжлийн ХХК-ийг байгуулсан байна. Тус компани малын үүлдрийн сайжруулалт, мэдээлэл хангах, тэжээл бордоо тарьж боловсруулах, бүтээгдэхүүний борлуулалт зэрэг талаас үйлчилгээ үзүүлдэг.
Өвөр Монголын И Кэ Хөдөө аж ахуй, мал аж ахуйн технологийн хөгжлийн ХХК-ний ажилтан Содбилэг:
- Бид адил бус цар хүрээтэй, өөр өөр арга хэлбэрээр мал тэжээж байгаа жишээ үзүүлэх найман өрхийг сонгож, цахим мал аж ахуйн талбайн менежментийн программ болон техникийн удирдамж хангасан гэж хэллээ.
Энэхүү цахим мал аж ахуйн талбайн менежментийн программ нь малын мэдээллийн менежмент, мал аж ахуйн нэгжийн менежмент, хээлтүүлгийн менежмент, вакцины менежмент, хорио цээрийн болон мал аж ахуйн менежмент зэрэг талын чиг үүргүүдийг гүйцэтгэдэг. Энэ нь мал тэжээж үржүүлэх бүх явцад онлайн менежментийг хэрэгжүүлж, уламжлалт тэжээж үржүүлэх арга хэлбэрээс стандартчилал, технологид шилжих болно.
Хорчин баруун гаран дунд хошууны орлогч дарга Бай Ян:
- Мал тэжээж үржүүлэх малчид тариачид, ойролцоо хялбар дөхөм зах зээл, үүлдрийг сайжруулах тэргүүний мэргэжил, бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зэрэг бүх тал дээр тасралгүй төгөлдөржсөн. Хорчин баруун гаран дунд хошууны махны чиглэлийн үхрийн аж ахуй ид хүчтэй сайн хөгжиж байна. Дараагийн алхамд хошууны махны чиглэлийн үхрийн сүлжээг бүхэл цогцоор нь нэгтгэн хөгжүүлэх ажлыг түргэсгэж, 2022 он гэхэд махны чиглэлийн үхрийн худалдааны хэмжээг 500 мянгаас дээш хүргэнэ гэсэн байна.
