Сүүлийн өдрүүдэд Сөнид баруун хошууны Сайхантал суурингийн Баянговь багийн малчин Сэцэнбилигийнд хүрэхэд “Малчин Гэрэлтийн хийсэн наравчийн үнэ нь хямд, чанар нь сайн, таалагдлаа” гэж өөрийн шинэ наравчаа үзүүлж билээ.
Үүнийг сонсоод Гэрэлтийг сурвалжилсан юм. Өндөр туранхай биетэй, үг яриатай Гэрэлт залуу үйлдвэрийн газартаа завгүй ажиллаж байснаа намайг хараад “Сайн байна уу?” хэмээн гар барин угтан авснаа “Та ямар юм хийлгэх санаатай байна?” гэж асуухад би “Би юм хийлгэхээр ирээгүй. Харин таны ажил үйлсийн чинь тухай ойлгохоор ирлээ” гэв. Үүнийг сонсоод тэр “Ойлгож мэдэх юу байх вэ? Ажил үйлс, амьдрал гээд л завгүй явна” хэмээн даруухан ярилаа.

Гэрэлт Сөнид баруун хошууны Санбулаг сумын Баянцээл суурингийн малчин. Хөдөө нутагтаа малаа маллахын зэрэгцээ өөрийн мэргэжилдээ түшиглэн Сайхантал сууринд “Гэрэлтийн цахилгаан гагнуурын газар” гаргажээ. Тэр ахлах сургуулиа төгссөний дараа хөдөө буцаж малчин заяа өргөж явахдаа “Одоо цагт ямар нэгэн мэргэжил сурвал өөрийгөө тэжээхэд зовохгүй” гэдгийг ухаарч, 2004 онд Бугат хотод очиж, машин засварын газарт машин тэрэг сэлбэн засах мэргэжлийг хоёр жил сурсан байна. Ингээд тэр нутаг буцаж, машин засварын газар гаргаж машин тэрэг засаж эхэлсэн гэдэг. Машин тэрэг засахын зэрэгцээ машин тоногийг гагнаж сэлбэх нь бас дутагдаж боломгүй ажил гэдгийг ойлгож, ажлын арга хэлбэрээ өөрчлөн машин тэрэг засдаг байснаа гагнуурын ажил хийх болжээ. 2008 онд 20 мянга гаруй юанийн хөрөнгө оруулан цахилгаан гагнуурт хэрэглэх тоног төхөөрөмж оруулж, хөдөөний малчин түмэнд хороо хүрээ, тэжээлийн онгоц, зүтгүүр тэрэг зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэлийн багаж хэрэгслийг гагнан өгдөг байна. Түүний үйлдвэрийн газрын орлого ч нэмэгдэж, жилийн орлого 60 мянган юаньд хүрдэг болжээ.
Энэ байдалдаа түшиглэн хот орж ажил эрхэлж буй малчин залуусын зээл авч 100 мянган юанийн хөрөнгө оруулж, 2015 онд үйлдвэрийн газраа өргөтгөн, малчдад өнгөт металлаар төмөр хавтаст хороо, машины гарааш, наравч, нааш цааш хөдөлгөж шилжүүлж болох төмөр хавтаст жорлон, цахилгаан үүд зэргийг хийж малчдын итгэл найдварыг олж, малчид түүнийг “Бизнесмен” хэмээх болжээ.
