Урлаг хэмээх их өргөөний гэгээн үүдээр алхан орж, ур авьяас, хөдөлмөрөөрөө улс түмнээ баясгах олон сайхан уран бүтээлчдийг бэлтгэн төрүүлэгч Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн зуны элсэлт Хөххотноо явагдах үеэр бид СУИС-ийн Хөгжмийн Урлагийн сургуулийн захирал, профессор Г.Ганцэцэгийг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа.
- Сайхан зусаж байна уу, Таны хувьд Өвөр Монгол оронтой байнга харилцан холбоотой ажилладаг. Ер нь анх хэзээнээс эхэлж энэ зам жимээ гаргав?
- Юуны өмнө өглөөний мэнд хүргэе. Монгол Улсын СУИС-иас Өвөр Монголд жил бүр хоёр удаа элсэлтийн шалгалтаар ирдэг. Шинэ залуу авьяаслаг залуучуудыг Монгол Улсад аваачиж, 26 хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. Энэ хөтөлбөрөөр Өвөр Монголоос оюутнууд элсүүлж авдаг. Анх 5-7 оюутан элсүүлж байсан бол одоо 50-70 оюутан элсүүлдэг болсон. Өвөр Монголын авьяаслаг оюутнууд маань монголд очоод мэргэжлийн урлагт суралцаж байна. Ялангуяа, монголын урлаг бол дэлхийд гарчихсан. Тийм учраас энэ мэргэжлийн урлагаар манай сургуулийг зорьж ирж, тусгайлан суралцах тоо нь улам олширч байгаа. Жил бүр хоёр удаа Өвөр Монголд ирэхэд их таатай байдаг. Одоо ч гэсэн энэ “Танил дотно Өвөр Монгол” нэвтрүүлэгт орж байгаадаа их баяртай байна. Хэдийгээр Ар, Өвөр Монгол гэж байгаа боловч үнэндээ би өөрийнхөө ахан дүүстээ ирж байна гэж ойлгодог. Тиймээс энд ирэхдээ дуртай, бахархалтай байдаг юм. Өвөр Монголчууд маань ч гэсэн үүнийг минь ойлгож их сайхан хүлээж авдаг даа.

- Энэ удаагийн элсэлтийн явц ямар байв, хичнээн оюутан элсүүлж байна вэ?
- Манай сургууль ер нь бакалавр, магистр, доктор гэсэн боловсролын гурван зэргээр элсэлт авдаг. Жил жилд оюутны тоо ялгаатай. Заримдаа бакалаврын оюутнууд олон байхад зарим жилд судлах сурагчид олон байдаг. Энэ жилийн хувьд ерөнхийдөө судлах сурагчдын тоо нэлээн олон байлаа. Өөрөөр хэлбэл, магистр, докторт элсэж байгаа оюутны тоо нэлээн олон байна. Тэр нь бас юутай холбоотой вэ гэхээр СУИС юм уу эндхийн бусад урлагийн чиглэлийн их сургуулиудыг төгсөж байгаа бакалаврын төгсөгчид судалгааны чиглэл рүү хандах нь нэлээд түгээмэл болжээ. Аливаа уран бүтээлчийн хийж бүтээж байгаа ажил судалгаан дээр суурилдаг. Тэр ч утгаараа хүмүүс судалгаа гэдгийг их чухалчилдаг болсон. Монгол Улсад судалгаагүйгээр ерөөсөө сургалтын юм уу, уран бүтээлийн ажил бараг явагддаггүй. Энд бас энэ судалгааны үр шимийн үнэр амт нэлээд ороод эхэлчихсэн. Энэ онд судалгааны чиглэлээр элсч байгаа оюутнууд харьцангуй олон байна. Энэ жил наяад оюутан шалгуулснаас 50-иад оюутныг өөрийнхөө сургуульд элсүүлж аваад байна.
- Ер нь элсэгчдийн маань бэлтгэл хэр сайн байна вэ. Энэ жилийн шалгалтын онцлог юу байв?
- Бид 2008 оноос хойш нэг жилд хоёр удаа гээд бодвол үндсэндээ 18-20 удаагийн элсэлт авч байна. Одоо биднийг бүр хүлээдэг болсон байна л даа. Тэгэхээр оюутнууд юу хэрэгцээтэй байдаг гэдгийг нэг нэгнээсээ судлаад ойлгочихсон, бараг л бидний өмнөөс “Хүүе, тэрийгээ бэлтгэсэн үү, энийгээ бэлтгэсэн үү” гэх зэргээр өөрсдөө асуудаг болчихсон байх жишээтэй. Бид ер нь тусгайлан бэлтгэсэн гэхээсээ илүү тухайн оюутны авьяасыг нээж тодруулахыг зорьдог. Авьяасыг нь илрүүлээд сонгож авсан мэргэжлээрээ хэр амжилтад хүрэх вэ гэдэг хэтийн төлвийг нь нэлээд онцолж хардаг. Ер нь монгол үндэстэн дуулах дуртай, дуугаа хайрладаг, дууч ард түмэн. Дуу дуулж өсөөгүй хүн гэж бараг байдаггүй. Элсэгчид бүгд дуу дуулж орж ирдэг. Гэхдээ дуу гэдэг чинь зөвхөн хоолойны чадал чансааны биш, ухааны асуудал. Бид энд дуу, хөгжим, бүжиг, жүжиг, зураглаач гэх зэрэг радио телевизийн бүх л мэргэжлээр, мөн зураг, дээр нь соёлоо судлах чиглэлээр элсэлтээ авдаг. Ер нь хүний соёлыг мэдэхийн тулд өөрийнхөө соёлыг сайн мэдэж байх ёстой. Монгол соёл гэдэг бол дэлхийд гайхагдсан маш их өв сантай. Соёлоо их сайн судлах хэрэгтэй. Тэр утгаараа бид соёлын сургуульдаа нүүдэлчний болон соёл иргэншлийн чиглэлээр оюутнаа элсүүлдэг.

- МУГЖ Г.Ариунбаатар саяхан Олон улсын нэр хүндтэй уралдаанд тэргүүн байр эзлээд ирсэн. Монгол туургатны бахархал болсон танай сургуулийн төгсөгч улс орныхоо нэр хүндийг дэлхийн сонорт хүргэлээ. Ер нь төгсөгчдийнхөө тухай сонирхуулна уу, тэр дундаа Өвөр Монголоос суралцсан төгсөгчид нь бас амжилтууд гаргаж байгаа байх?
- Аливаа сургалтын үр дүн бол төгсгөж гарсан оюутнууд байдаг. Манай сургуулийн гол бахархал бол төгсөгчид. Мөн манай сургуульд ажиллаж байгаа Монгол Улсын хамгийн нэртэй эрдэмтэн профессор, авьяаслаг уран бүтээлчид бол бидний бахархал. Ийм нэртэй уран бүтээлч, багш нараар заалгасан оюутнууд маань суралцах хугацаандаа өөрийнхөө мэдлэг, ур чадвар, дадлыг өөртөө шингээж аваад эргээд сургуулиа төгсөөд тэрийгээ яг уран бүтээлчийн нүдээр хардаг. МУ-ын СУИС-ийг төгссөн оюутнууд зөвхөн монгол биш, дэлхийн хэмжээнд өөрсдийгөө таниулж байна. Ерөөс хүн бол эцэг, эхээр нэг овоглодог. Хоёр дахь том овог бол яах аргагүй төгссөн сургууль. Энэ ч утгаараа төгсөгчид маань хаана ч явсан СУИС-ийг тийм мэргэжлээр төгссөн төгсөгч гэдгээрээ бахархаж явдаг. Үүний хамгийн сүүлийн үеийн нэг тод жишээ болох манай Ариунбаатарыг ярьж байна л даа. Түүнээс өмнө манай олон сайхан дуучид дэлхийд баритон хоолой буюу дуурийн дуулаачдын чиглэлээр Монгол Улс тэргүүлж яваа. Үүнийг би хаана ч бардам хэлнэ. Зөвхөн Ариунбаатараар зогсохгүй, манай сургуулийг төгссөн баритон хоолойтой Ар, Өвөр Монголын оюутнууд маань үнэхээр донсолгож байна. Олон улсын уралдаануудад оролцогчид “Монголчууд ирсэн үү” гэж их асуудаг. Монголчууд ирсэн гэхээр “чичирч” байна. Бид төгсөгчдөөрөө яах аргагүй бахархаж байна. Өвөр Монгол төгсөгчид бол эргэж ирээд үнэхээр магтуулж байна л даа. Энд манай төгсөгчид нэлээд олон болсон учраас бид Өвөр Монголд Төгсөгчдийнхөө холбоог байгуулсан. Холбооны хүндэт тэргүүнээр монголд бакалавр, магистраа төгсөөд ирсэн эндээ нэлээд том том хэмжээний уран бүтээл туурвидаг Өвөр Монголын нэртэй хөгжмийн зохиолч С.Энхбаяр, дуучдаас Баянбулаг, Урнаа гэх зэрэг дандаа дуурийн дуучид. Уртын дуучдаас Гийлэгмаа эгч байна. Бид эргээд харахад зөвхөн Урлагийн дээд сургуулиас гэхэд 20 гаруй уран бүтээлч, багш нарыг төгсгөж гаргасан байх юм. Үүнээс гадна, энд Дуу бүжиг, жүжгийн хүрээлэн гэдэг их том бүрэлдэхүүнд миний мэдэж байгаагаар дөч, тавин оюутан байна. Тэгэхээр зөвхөн СУИС-д очиж суралцуулах гэхээсээ илүү Өвөр Монголд мэргэжлийн өндөр түвшний уран бүтээлчид төрүүлж гаргах нь бидний гол зорилго. Энэ зорилгодоо ч бид зуун хувь хүрч байна гэж ойлгож байна.

- Монгол Улсад суралцаж байгаа Өвөр Монгол оюутнуудын сурлага, амьдрал ямархуу байна. Амжилт, ололтынх нь талаар сонирхуулах уу?
- Ер нь хэдийгээр бид монголоор ярьж байгаа монгол үндэстэн боловч бидний хэл, соёлд бас бага багахан ялгаанууд байдаг. Гэр орноосоо холдоод Монгол Улсад очиход идэж уухаас эхлээд зан дадлын зөрүү байна л даа. Эхний нэг жилд тэд маань жаахан төөрөгдлийн байдалтай явдаг. Монгол Улсад орос, англи хэлээр нэлээн ярьдаг. Эндээс очиж байгаа Өвөр Монголчууд маань хятадаар голдуу ярьдаг. Яг адилхан монгол үндэстэн мөртлөө бид нарт нөлөөлж байгаа хэлнүүд байна. Тэр хэлээ зүгшрүүлэх гэж эхний нэг жилдээ монгол хэлийг нэлээд эрчимтэй сурдаг. Тэгээд монгол хүн юм чинь мэдээж цаад уг суурь, үндэс гарвал маань нэг учраас дасчихдаг л даа.
Дээрээс нь монгол хэлнээс гадна орос, англи, итали гэх зэрэг бусад хэлээр дуулах, хэл сурах шаардлагатай болдог. Бакалавр, магистрын оюутнууд маань бас дуурьт дуулдаг. Бүр орос хэл дээр дуулсан. Монголын хамгийн бахархал болсон үндэсний дуурь болох “Учиртай гурван толгой” дуурийн үндсэн гол дүрүүдэд Өвөр Монголын оюутнууд багаараа тоглосон. Балганд Урлагийн Дээд Сургуульд сурч байгаа Соёлгэрэл, Юндэнд Мөнхбаяр, Нансалмаад Улаанмөчирт ажилладаг сопран хоолойтой дуучин Амгалан дуулсан. Ингээд дан Өвөр Монгол оюутнуудаас бүрдсэн бүрэлдэхүүн “Учиртай гурван толгой” дуурийг тоглож байлаа. Мөн Оросын дуурьт тоглож байна. Эд нар маань итали, герман гэх зэрэг олон хэлээр дуулж байна. Урлаг гэдэг өөрөө хил хязгааргүй л дээ. Энэ бүхнийг сурсных нь дараа төгсөлтийн шалгалт дээр нь ч юм уу, дуурьт тоглож байхад нь ч юм уу харж байхад их юм бодогддог. “Энэ хүүхэд анх элсэж байхдаа ийм байж билээ. Одоо манай сургуульд сураад ийм хэмжээнд хүрчихжээ” гэхчлэн дотроо бахархаад л сууж байдаг даа.
- Энд зөвхөн элсэлтээс гадна, урлагийн ажлууд өрнүүлдэг. Өмнө нь мөн тоглолтоо хийж байсан, ойрын үед урлагийн ямар нэг арга хэмжээ бий юу, ер нь цаашид ямар төлөвлөгөөтэй байна?
- Төгсөгчид буцаж ирээд бүгд өөрсдийнхөө мэргэжлээрээ мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллаад СУИС-ийн нэрийг гаргаад явж байдаг. Тэгэхээр бид ямар мэргэжлийн чиглэлээр, ямар хүмүүсийг авч сургаад ийм болгодог юм бэ гэдгээ харуулахын тулд өнгөрсөн жилийн намар 90 хүний бүрэлдэхүүнтэй ирж Өвөр Монголын Багшийн Их Сургууль дээр нэлээн том тоглолт хийсэн. Хөххотод гурав, Эрээнд нэг удаа нийтдээ дөрвөн удаагийн тоглолт хийсэн. Тэгэхэд монголын соёл урлагийн түвшин энэ хэмжээнд байна гэдгийг таниулах, сурталчлах, дээрээс нь манай сургуулийн Ар, Өвөр Монголын оюутнууд нийлсэн тоглолтоор сургалтын үр дүнг тов тодорхой үзүүлсэн. Бид энд маш олон төгсөгчидтэй болсон. Тиймээс дараагийн төлөвлөгөө бол Дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнтэй, мөн Өвөр Монголын Урлагийн Дээд сургуультай ч гэсэн ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, Монголд байгаа төгсөгчид болон сургуулиа төгсөөд Өвөр Монголд ирсэн төгсөгчдийнхөө тоглолтыг бас Өвөр Монголдоо хийе гэж ярьж байгаа. Энэ жил ӨМӨЗО-ны 70 жилийн ой, Урлагийн Дээд сургуулийн 60 жилийн ой тохиож байгаа ид ажлын өрнүүн үе. Энэ ч утгаараа 9 юм уу, 10 сард томоохон тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үйлс нь өөрөө гэгээн ариун болохоор бүтэх байх, тэр үед нэгэн сайхан том тоглолтыг “цөм авна” гэж найдаж байна.

- Өвөр Монголчуудтайгаа байнга харилцан холбоотой байдгийн хувьд энэ орны өөрчлөлт хөгжил танд хэрхэн ажиглагдаж байна вэ?
- Би Өвөр Монголд хамгийн анх 1991 онд хөл тавьсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй жил Өвөр Монгол оронтой байнгын харилцаа холбоотой байсаар байгаа. Ингээд харж байхад тэр үеийн Өвөр Монгол, өнөө үеийн Өвөр Монгол газар тэнгэр шиг ялгаатай. Аливаа газрын өөрчлөлтийг ард түмний соёлоор хэмжинэ. Мэдээж, хөгжил цэцэглэлт нь нүдэн дээр харагдаж байна. Гэхдээ гоё өндөр барилгаар нь хөгжлийг харвал энэ өөрөө том эндүүрэл болно. Харин соёл урлагийн салбар үнэхээр ахицтай байна.
- Хоёр орны өнөөгийн соёл боловсролын харилцааг та хэрхэн үзэж байна, энэ талаар танд шинэлэг санаанууд байдаг байх?
- Хүүхдүүд өмнө нь эцэг эхийнхээ юм уу хэн нэгний нөлөөллөөр орж ирдэг байсан бол одоо өөрсдөө судалгаа хийгээд өөрсдийнхөө хүслээр ирж элсдэг болсон байна. Энэ нь нэгдүгээрт, тэдний хүсэл зориг Монгол Улс руу тэмүүлдэг юм байна. Хоёрдугаарт, өөрийн сонгосон мэргэжлээрээ ирээдүйд өвдөж, шаналж, зовж, шатаж бүтээж явахын зөв эрмэлзлэл харагдаж байна. Тэд бол ирээдүйн Өвөр Монголын соёл урлагийг л авч явах хүмүүс учир энэ соёл урлаг гэдэг яах аргагүй улам түгэн дэлгэрнэ гэдэгт маш итгэлтэй байгаа. Ерөнхийдөө шинэлэг санаанууд бий. Энэ тухай биелүүлснийхээ дараа ярьсан нь дээр биз ээ.
- Миний асуугаагүй, таны ярихыг хүссэн зүйл байгаа байх?
- Ер нь аливаа соёл урлаг хаана ч гэсэн олон газар цар хүрээгээ тэлж л байвал тухайн газар оронд эерэг сайхан энерги, зөв сайхан сэтгэл, төлөвшил бий болж байдаг. Ер нь хүн байхын учир, мөн тухайн хүний төлөвшилд хамгийн их нөлөөлдөг зүйл бол яах аргагүй соёл урлаг. Бид өөрсдөө тэр сайхан салбарт ажилладаг. Энэ соёл урлагийн маань цар хүрээ тэлэх тусам улам олон сайхан сэтгэлт хүмүүс олширч байгаа. Хүний сайхан сэтгэл гэдэг тухайн нийгэм, улс орон хөгжихийн үндэс байдаг байх л даа. Хүний үнэт зүйл бол сэтгэл оюун, эрүүл бие байдаг. Эрүүл биед саруул ухаан оршдог. Эрүүл байж улс орныхоо болон дэлхийн хөгжлийг байлдан дагуулна. Хүн бүр иймэрхүү бодолтой явбал мэдэхгүй, чадахгүй зүйл гэж огт үгүй болно. Тиймээс та бүхэндээ хамгийн гол нь эрүүл энхийг хүсэе. Та бүхний юу санасан есөн цагаан хүслэн бүтэж байх болтугай. Энэ соёл урлагийн бүх төрлийн салбар хөгжих болтугай. СУИС-ийг зорих, элсэх хүсэлтэй хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй. Дараагийн уулзалт 2018 оны 1-р сард бидэнтэй холбогдоорой. Дахин Хөхххотод уулзахын сайхан ерөөл тавъя.
- Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Сэтгэл ариун бол үйлс ариун гэдэг. Таны сайхан ерөөл бат орших болтугай. Ажил үйлс тань амжилтаар бялхан байг.



Э.ҮРЖИНХАНД
