solongonews
Малчдын дэргэдэх малын “Эмнэлэг ”
2021-01-19 08:10
Малчдын дэргэдэх малын “Эмнэлэг ”

Авга хошууны малчин Сараана хөл нь гэмтсэн нэг малаа хошууны төвийн малын “эмнэлэг”-т эмчлүүлжээ. Эмчлүүлбэл арван мянга гаруй юанийн үнэ хүрэх малаа бага мөнгөөр эдгэрүүлсэндээ маш их баяртай байлаа.

Авга хошуу мал аж ахуй орны орчин цагийн туршилтын ажлыг ахиулах явцдаа мал аж ахуйн орны нийгмийн үйлчилгээг чухал ажил болгож, хошууны Засгийн газар Өвөр Монголын "Их сайн" малын эмийн ХК-тай хамтран мал эмнэлгийн нийгмийн үйлчилгээний төв байгуулсан бөгөөд Өвөр Монголын хамгийн анхны малын “эмнэлэг”-ийн хэлбэрээр ажиллуулах болов. Тус үйлчилгээний төв нь энэ оны 09-р сард ашиглалтад орсноос хойш хоёр сарын хугацаанд 100 гаруй мал эмнэж, 1 сая гаруй юанийн аж ахуйн хохирлоос зайлсхийж чадсан байна.

Үйлчилгээний төв нь Авга хошууны Билгүүдэй суурингийн зүүн талд байрлах ба 4880 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарна. Ажиллах талбай, эмчилгээний талбай гэж хоёр хуваан эмчилгээний талбайн өмнө хаалга нь ажиллах талбайтайгаа нүүрлэх нь ажилчид ажлаа зохицуулахад маш хялбар байхаар зохицуулжээ. Хойд хаалгаар малаа оруулж гаргахаар зохицуулжээ.

Үйлчилгээний төвийн захирал Сүн Янчүнь хэлэхдээ: - Манай үйлчилгээний төвийн оношлох газар болон эмчлэх төв нь тус тусдаа бөгөөд малын өвчин эмгэгийг оношлон эмчлэх талбай дотор оношлох тасаг, төлбөр хураах тасаг, эмийн өрөө, хятад эмийн өрөө, мэс заслын тасаг, рентген зургийн тасаг, шинжлэн судлах тасаг зэргийг байрлуулсан эмнэлгийн багаж хэрэгслийг бүрэн бүрдүүлсэн. Эмчилгээний төв нь малыг эмнэхийг гол ажлаа болгодог гэлээ.

Биднийг үйлчилгээний төвд хүрэхэд нэг нүд нь гэмтсэн нялх тугалтай үнээ, хөл нь гэмтсэн хуц, тугал зэрэг нэлээд олон гэмтэж бэртсэн мал байв. Нүд нь гэмтсэн үнээг эмч онц анхаар, тугал нь эхийнхээ сүүгээр хооллож байгаа болохоор өвс тэжээл, эм өгөхдөө сүүний чанар, хэмжээг нь зохицуулж нарийн арчилж байлаа. Гэмтэж бэртсэн малаас хамгийн хол нь Баруун Үзэмчин хошуунаас ачиж авчирсан хөл нь гэмтсэн тугал байв. 

Шинжилгээний тасагт эмч малын цусанд шинжилгээ хийж байлаа. Мэс заслын өрөөнд бог малд мэс засал хийх жижиг хэлбэрийн мэс заслын ор болон бод малд мэс засал хийх том хэлбэрийн хоёр ор байх ба хажууд нь B хэт авиа шинжилгээ хийх төхөөрөмж ч байв. Эмч бас нэг хөл нь гэмтсэн хонинд B хэт авианы шинжилгээ хийж байлаа. Эмийн өрөөн дэх олон төрлийн малын эмийг тусгай эмч хамаарна.

Эмч Хүслэн: - Малчин Сараанагийнх хөл нь гэмтсэн үнээ, ямаагаа эмчлүүлээд ямаа нь эрт эдгээд аваад явсан. Тухайн үед үнээний хөл нь гэмтсэн шалтгааныг тогтоогоогүй учраас ерөнхий эмчилгээ хийж, тэжээж, үрэвслийн эсрэг эмчилгээ хийх, гипсээр тогтворжуулах зэрэг арга хэмжээ авснаар арван хэдэн өдөрт эдгэрсэн. Анх энэ үнээ хүн ойртуулахгүй догшин байсан. Бид өдөр бүр ааш аягийг нь олсоор одоо толгойгоо маажуулах дуртай болсон гэж үнээний толгойг маажингаа ярьж байлаа. Малчин Сараана үнээ, ямаагаа эмчлүүлээд нийт 2183 юань зарцууллаа гэж байв.

Тус үйлчилгээний төвийн алсаас оношлон эмчлэх үйлчилгээ нь малчин түмэнд амар хялбар үйлчилгээ үзүүлж байгаа юм. Биднийг очих үеэр тус үйлчилгээний төвийн дэд захирал Мөнгөнцэцэг алсаас оношлон эмчлэх аргаар малчин айлын малыг оношилж байв. Мөнгөнцэцэг: - Холын малчид гэмтсэн малаа тэр дор нь авчирч эмчлүүлж чадахгүй болохоор гар утсаараа бидэнтэй холбоо барьж утасны камераар нь харж байгаад малын өвчнийг оношилдог гэлээ.

 

Мал аж ахуй орны хөгжил шинэ шатанд орж буй энэ цаг үед шинэ шаардлагад зохицсон шинэ хэлбэрийн үйлчилгээг үзүүлэх нь маш чухал ажил юм. Мал аж ахуйн хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөд бүх талыг хамарсан, олон янзын, бүрэн бүтэн, хялбар бас өндөр үр ашигтай нийгмийн үйлчилгээний системээр гол болгох хэрэгтэй. Авга хошуу мал аж ахуй орны орчин цагийн бүтээн байгуулалтыг ахиулах зорилгоор мал аж ахуй орны хөгжлийн бодит байдалд зохицуулж, Засгийн газар болон аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаар олон нийтийн чанартай үйлчилгээг уялдуулж, тусгай үйлчилгээ болон ерөнхий үйлчилгээг зохицуулсан шинэ хэлбэрийн мал аж ахуйн нийгмийн үйлчилгээний баталгааг хангаж байгаа юм. 

Зохиогч: УЯХАН, БАЙГАЛЬ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Шилийнголын мэдээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл