Өнө эртний түүхт Барга түмний нутаг, өсөж төрсөн Өвөрбулагт маань төлийн дуу цангинаж хавар ирлээ. Уулын хормой бэлээр нялх яргуй сармайтал дэлгэрч, хаврын урь орж, голын ус ханзарч, хоржигнон урсах нь чихнээ таатай! Өвөлжин цас мөсөөр ундалсан адуу мал хошуу тавин шуналтай нь аргагүй дахин дахин ууж, сүүл хаян торгилон зогсох нь их л аятайхан!
Гэрийн хаяанд тамир орж борви нь тэнийсэн ишиг, хурга ээвэр газар бараадаж зүүрмэглэн хэвтэх хөгшин нохойн дээгүүр үсчин тонгочиход хоточ залхуутай нь аргагүй босон зайлж одно. Хүн малгүй тайвширсан хаврын өдрүүд үргэлжилсээр байлаа...
Өглөөгүүр тэнгэр тогтуухан болж, оройн нар улайж жаргахыг харсан аав минь: "За, ойрхон тэнгэр эвгүйрэх шинжтэй” гээд малгайгаа бүчлэн гарахад айл хотлоороо өнөө мөдгүй ирэх байгалийн гамшгийг сөрөхөөр дор бүрдээ бэлтгэж базаахаар хөдөлцгөөлөө.

Өрх хэвхэлзүүлэх өлөн шуурга исгэрсэн тэр шөнө цурам хийлгүй хотоо эргэсэн манайхан үүрээр түр зуур зогссон шуурганы чөлөөнд амасхийх зуур аргалын галд дулаацан дуг хийцгээнэ. Үд дундаас тэнгэр муухайран салхи исгэрэн хуйларч хангайн савдаг догшрон цамнаж гарлаа!
Аав маань ганцаараа “Хай! хүй!” хэмээн хашхирч, адуугаа амдан тогтоох гэж оролдовч агт морьд тачигналдаж, адуун сүрэг унагалдан, исгэрэх шуурганд тогтож чадахгүй уруудаж, удалгүй хүнтэй малтайгаа харанхуйн дунд үйж одлоо.
Өндөр тэнгэрийг ээж минь аргадаж хурайлан залбирна...
Адуундаа мордсон ханийг минь аварч өршөө! Амь халуун бүлийг минь энэрч өршөө.
Өдөржин адуутайгаа уруудсан аав нойтон шуурганд тамирдаж, унаж яваа морь нь урагшаа тэмүүлэхээ болив. Морио юүлье гэвч тамир тэнхээтэй морьд нь шуурга уруудан цахилж одоод даага сарваа л хоцорсон, яг хэцүүхэн тэр үед хажууханд нь гарагтаа хүүхдүүдийг сумын төвд хүргэж өгдөг, зундаа хөгшдийг нь рашаан усанд дөхүүлдэг ажилтай, буруу зөвгүй номхон, давчуухан биетэй тэрэгний хээр морь нь яваа харагдлаа. Сул голдуухан баригддаг хээр морь минь энэ удаа эзэндээ ойртон бараг л өөрөө ирж, мордоход нь дуулбартай нь аргагүй гэр зүгээ толгой эргүүлэн хуйлран шуугих их шуургыг сөрөн алхаллаа. Хэдэн өдөр үргэлжилсэн нүд чихгүй шуурган дундаас аав минь хээр морьтойгоо уургаа чирсээр эргэж ирсэн юм.
Эсэн мэнд ирсэн хүүгээ хараад өвөө: “Мэнд ирсэн нь болж дээ, ямар мориороо ирэв хүү минь” гэхэд, “Тэрэгний хээрээ юүлж унаад ирлээ” гэжээ. Өвөө бодлогошрон санаа алдсанаа: “Тэгнэ тэр, тэрэгний хээр минь итгэлтэй сайн хүлэг юм шүү” гээд хүлэг морио дээдэлдэг хүний өрөвдөн хайрладаг сэтгэлээ дарж ядан суусан гэж аав минь ярьж гарав.
Харин тэрэгний хээр нүдгүй шуурган дундуур аавд минь харих замыг нь зааж амийг нь аварсан ч ямар их гавьяа тус болсноо ч мэдэхгүй уяан дээрээ салхи уруудан бөмбөгнөтөл чичрэн зогсч байсан гэдэг!
Байгаль дэлхийн шүтэлцээ агуу юм даа, бартаа ихтэй амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Насан балчир цагаасаа үнэнч явсан аавыг минь ингэж нарт тэнгэрийн бурхад алтан мутраараа адисалсан юм. Харанхуй шуурганы дундаас тэрэгний хээр морь минь хан тэнгэрийн элч болж Өвөрбулгат нь хүргээд ирсэн нь энэ юм. Олж морддог хусан уурга нь ч тэнгэрийн зайг хэмжиж, өрвийж ноолорсон тэрэгний хээр минь Өвөрбулгийнхаа үндэс бүхнийг өрөвдөж ирсэн юм. Өвгөдийн буурийг тамгалж үлдсэн өндөр их заяанд сөгдөж ирсэн юм.
Түмэн агтны дундаас торойтлоо өнгөлж түрүү магнай болж торгон жолоо эргүүлээгүй ч, суран жолоо сугсруулж сумын наадмын дэнжийг сайварланхан чимээгүй ч, сургуулийн хэдэн хүүхдүүдээ хэзээ ч хоцоргож байгаагүй, сундалж олноороо ноолоход нь булгиж үзээгүй, гурван үед минь унаа нь болсон хазаар сул тэрэгний хээр минь хатан заяаг тээсэн тэнгэрлэг ажнай байж дээ!
Одоо би аавынхаа мөнгөн шунхыг харж сууна, од шиг гялалзсан залуу насыг нь бодож сууна, ертөнцийг таньсан их ухаанд нь шүтэж сууна, ерөөлт номын адис санчигт нь гэрэлтжээ хэмээн сэтгэж сууна. Сайхан аавынхаа үрчлээт магнайг ширтэж сууна, шандаст хүлгийн зоо дээр туг шиг явсныг нь бодож сууна. Эрдэнэт хүлгээ алдаад уйлж суусныг нь тунгааж сууна, эрэмгий морьдын хийморь түшиж эр хүн шиг амьдарчээ хэмээн итгэж сууна. Саруул нутагтаа амнаасаа илүү хайртайг нь мэдэрч, саруулшиж улам гэгээрэхийн утгыг ойлгон биширч, хангай шиг аавынхаа эвэршсэн гарыг атгаж, хатуу бүхнийг дааж явсаар ийм болжээ гээд уярч сууна. Ханагар дэлхийн дулаан нөмөр аавынхаа дэргэд жаргасандаа хаанаас ч хэзээ ч олдохгүй аавыгаа санаад биширч сууна.
Найгал найман шаргын түүхээ бэлгэдэн онголж, наран зүгийн нутгаасаа тэнгэрээ аргадан, үйлс бүхнээрээ үлгэрлэсээр та минь үлэмж гэгээн орчлонгийн төгөлдөр нэгэн түшиг болжээ. Оргил өндөр хангай шиг таныгаа бараадаж ургахдаа орчлонд үр тань болж төрсөндөө баярладаг шүү аав аа.
Залуургүй амьдралын жингийн цувааг тэнцүүлсэн, замбуулингийн наран доор хайр дүүрэн аавтай билээ би, зам холын харгуйг ойр болгож дөтөлсөн, зассан шагай шиг эвлэгхэн тэрэгний хээр морьтой байлаа би.
Тээж туулах амьдралдаа цуцаа нь үгүй явсан тэрэгний хээр морийгоо аавынхаа хайр гэж ухаарна, өөдөсхөн жаахан насыг минь тээж явсан хээр морио өнөө би өр зүрхэндээ тээж санаж явна. Гэгээн саруул амьдралд хөтөлж хүргэсэн аавынхаа замаар гэрэлт хүслийг нь биелүүлж одоо би хүүгээ хөтлөөд явж байна. Үүрсэх дуу нь сэтгэлд хангинах тэрэгний хээрийнхээ үржил сүргээс сонгон хүүдээ зүслэн мордуулж байна.
Өнө эртний түүхт Барга түмний нутаг, өсөж төрсөн Өвөрбулаг нутагт минь төлийн дуу цангинаж хавар ирлээ. Уулын хормой бэлээр нялх яргуй сармайтал дэлгэрч, хаврын урь орж, голын ус ханзарч, хоржигнон урсах нь чихнээ нэн таатай.
