
Зиверт Картагенерийн хам шинжийн ховор тохиолдолыг амжилттай оношилсон эмч Дуламсүрэнгийн Удвал. Тэрээр Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн уушиг судлалын профессорын багийн ахлах багш, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч. Ийнхүү түүнтэй ярилцсан ярилцалгыг хүргэж байна.
-Их ажлынхаа хажуугаар цаг зав гарган ярилцлага өгөх болсон танд их баярлалаа. Та эмч бас багш мэргэжилтэй байх аа..?
-Баярлалаа. Би АШУҮИС-д багшладаг. Мөн энэ сургуулийнхаа “Эрхэс” эмнэлэгт уушигны эмчээр ажиллаж байна.
-Та мэргэжлээрээ бахархдаг уу? Та хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байв?
-Би их сонин тохиолдлоор эмч болсон юм. Арван жилд тооны хичээлдээ их сайн, математикийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцах бодолтой байлаа. 1984 онд би арван жилээ онц дүнтэй дүүргээд их, дээд сургуульд орох хуваариа авахаар аавтай хамт очно гэж тохирсон юм. Би очих цагаасаа хоцроод очиход аав маань түрүүлж очоод анагаахын хуваарь авчихсан байсан. Тухайн үед анагаахад ороход эхлээд нэг жил асрагч хийлгэдэг байсан юм. Харин тэр жил шалгалтын дүнгээрээ эхний 54-т жагссан хүүхдүүдийг асрагч хийлгэлгүй шууд элсүүлэх эрх өгсөн. Тэгэхэд би азаар 36-д жагсаж анагаахад орж чадсан.
Анх тэгж л эмч болох замдаа орж байлаа. Хийж, бүтээж байгаа үйлсээ эргээд харахад, хамгийн зөв мэргэжлийг сонгосон гэж боддог. Аавдаа ч их баярлаж байна. Зориод ирсэн өвчтөнөө эмчилж, эрүүл энхийн амьдралд хөтөлж өгдөг болохоор би мэргэжлээрээ бахархдаг.
-Олон жил эмчийн ажил хийхдээ хир ачаалалтай байсан бэ? Уушигны эмч учраас өвчин халдварлах эрсдэлтэй, хүндрэлтэй үе байсан уу?
-Цаг хугацаа өвчнийг хүлээдэггүй. Эмч нар ч цаг мөчтэй уралдан ажиллаж байдаг. Монгол болон бусад олон оронд шувууны ханиад дэлгэрч байсан үеийг би сайн санаж байна. Тэр үед би бараг 2 сар гаруй маш их ачаалалтай ажилласан. Өглөө 7:30-аас шөнийн 2 цаг хүртэл ажиллаж байсан удаа олонтой. Халдвартай, олон ханиадтай өвчтөний дунд ажилладаг. Тэгсэн хэдий ч надад өвчин халдварлана гэж бодож байгаагүй. Би өөрөө эмч болохоор өвчтөнтэйгээ найрсаг харьцах ёстой, монголчууд “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг. Энэ үнэн үг шүү.
-Саяхан ОХУ-ын Улаан-Үүд хотод хуралд оролцоод ирсэн гэсэн. Ажил нь амжилттай сайхан болсон уу?
-Тэнд “Уушигны өвчний олон талт судалгаа” нэртэй анагаах ухааны салбарын томоохон хурал болсон. Хуралд ОХУ, Монгол Улсын анагаах ухааны олон эрдэмтэн, эмч, судлаач нар оролцсон. Манай анагаахын нэг багш биднийг төлөөлөн “Унтах үед амьсгал зогсох талаар” илтгэл тавиад цаашдаа хамтран ажиллах тухай ярилцсан юм. Энэ өвчний үед хийдэг полисомнографийн шинжилгээг тэнд хийдэг. Харин монголд хийх багаж төхөөрөмж байдаггүй. Энэ талаар дахин очиж сургалтад хамрагдахаар ярьж тохирсон.
-Та Зиверт Картагенерийн хам шинжийн ховор тохиолдолыг амжилттай оношилж Монгол Улсын анагаах ухааны салбарт томоохон нээлт хийж, чухал хувь нэмэр оруулсан нэгэн. Энэ таны эрдэм шинжилгээний ажил байсан уу, аль эсвэл цэвэр тохиолдол байв уу?
-Олон өвчтөн үзэж байхад тааралдсан тохиолдол. Тэрнээс тусгай эрдэм шинжилгээний ажил биш. Эмчлүүлэгч маань 17 настай эмэгтэй хүүхэд байсан. Энэ оны хоёрдугаар сард их сургуулийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид хандан үзүүлсэн. Эмчлүүлэгч бөгшүүлэн ханиана, өглөө боссоны дараа илүү ханиана, ханиахад ногоон идээт цэр гарна, биеийн хүчний ачаалалд амьсгаадна, халуурна, хөлөрнө, ядарна, толгой өвдөнө, бие суларна, хоолонд дургүй, хамар битүүрэх зэрэг өвчний зовиуртай байсан. Зиверт Картагенерийн хам шинжийн ховор тохиолдол нь гурван өвчний шинжээр онош гардаг. Цээжний рентген шинжилгээ хийхэд зүрх баруун талдаа байрлалтай байсан тул HRCT, хамрын дайвар хөндийн рентген шинжилгээ хийсэнд Зиверт Картагенерийн хам шинжийн ховор тохиолдол оношлогдсон.
-Оношийг нь тогтоосны дараа танд ямар байв? Мэргэжлийн салбарынхан хичээл зүтгэлийг тань өндөр үнэлсэн байх даа?
-Сонирхож судалсан ажил минь бүтэхээр сэтгэл тэнийгээд л явсан. Тэрнээс монгол анагаах ухааны хүрээнд том нээлт болсон гэдгээ анзаараагүй байлаа. Дараа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 58 дугаар эрдмийн чуулганы эмнэл зүйн салбар хуралдаанд “Зиверт Картагенерийн хам шинж” сэдвээр аман илтгэл тавьж тэргүүн байр эзлээд их баярласан. Хийсэн хөдөлмөрийг маань үнэлж байна гэдэг нэг ёсондоо ирээдүйн ажил хэрэгт итгэл найдвар, урам зориг өгч байна гэсэн үг. Энэхүү илтгэлээ “Онош” сэтгүүлд нийтлүүлсэн.
-Таныг багш гэдэг байр сууринаас харвал олон шавь хүмүүжүүлсэн байх. Та шавь нарынхаа талаар яриач..?
-Тэгэлгүй яахав. Би чинь олон шавьтай баян хүн дээ. 1993 оноос одоог хүртэл өчнөөн олон шавь хүмүүжүүллээ. Тэд маань одоо өөр өөрийн ажилтай, сайн явж байна. Би шавь нартаа өндөр шаардлага тавьдаг. Тэгээд ч эмч мэргэжил хүний амь насыг хамгаалах хатуу тангарагтай болохоор хариуцлагыг ухамсарлах ёстой. Бараг аль ч эмнэлгээр ороход шавь нар минь байдаг. “Сайн байна уу багш аа” гээд л мэндлэхэд сэтгэлд ямар дотно дулаан санагддаг гээч. Шавь нар минь гадаадад өндөр боловсрол эзэмшээд монголдоо ажиллаж байгаа. Үүний дундаас Эрдэнэбилэг, Мөнхбаатар, Баясгалан гээд зөндөө шавь нар минь байна.Тэд бүгд анагаах ухааны докторууд. Миний хөөрхөн шавь нар нэрийг нь нэг бүрчлэн дурдаагүй гэж гомдохгүй байлгүй дээ. Багш хүн шавиараа бахархаж явдаг шүү .
-Ажлын амжилтыг тань хараад хамгийн түрүүнд дотнын хүмүүс чинь баярлаж бас танаар бахархаж явдаг байх. Гэр бүлээ танилцуулаач..?
-Манай нөхөр хувиараа бизнес эрхлэдэг. Бид нэг хүүтэй. Хүү маань туурга тусгаарлаж айл болсон. Ажилтай сайхан л амьдарч байна.
-Зиверт Картагенерийн хам шинжийн ховор тохиолдлын талаарх дэлхийн бусад орнуудын судалгаануудыг та бас анхаарч үзсэн байх..?
-Оношилсон тохиолдлууд байгаа. ОХУ-д 800 гаруй хүн судалгаанд хамрагдаж, 11 хүнд мэс заслын эмчилгээ хийсний дүнд 60 хувь нь сайжирч харин 40 хувьд нь тодорхой үр дүн гараагүй байна.
-Ирээдүйд та юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Унтах үеийн амьсгал зогсох хам шинжийн судалгаа надад их сонирхолтой санагдаж байна. Саяхан ОХУ-д очихдоо тэндэхийн Нойрны төвийнхөнтэй танилцсан. Дараа нь ОХУ-тай энэ судалгааны тал дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Нойргүйдлээс болж хөдөлмөрийн чадвар буурч, хүчилтөрөгчийн дутагдлаас болж зарим тохиолдолд хүн унтаагаараа нас бардаг. Энэ өвчний судалгаа Монголд төдийлөн гүнзгийрээгүй, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ч байхгүй. Тиймээс би энэ судалгаанд анхаарал хандуулж ажиллах бодолтой байна. Өвөр монголд ч энэ өвчний судалгаа хийгдэж байгаа. Дараа нь гадаадаас тоног төхөөрөмж оруулан эмчилгээ хийхээр төлөвлөж байна.
-Уушигны өвчнийг урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгнө үү?
-Уушигны өвчнийг ерөнхийдөө 4-6 сарын хугацаатай эмийн эмчилгээ хийхэд бүрэн эдгэдэг. Бас мэс заслын эмчилгээ гэж бий. Эмээ тасралгүй уувал эдгэхболомжтой. Уушгины өвчний урьдчилан сэргийлэхийг ерөнхийдөө гурван ангилалд хуваадаг. Огт өвдөөгүй хүн, өвдсөн хүн өөрийгөө дахиж өвчлүүлэхгүй байх. Анхдагч урьдчилан сэргийлэлт нь бүрэн эрүүл хүний хувьд тамхи татахгүй, даарч хөрөхгүй байх, шүд өвдөх, хоолой өвдсөн тохиолдолд эмчийн зөвөлгөөгөөр даруйхан эмчилгээнд орох хэрэгтэй. Мөн дархлаа сайн байх, сайн хооллох, сайн унтаж амрах хэрэгтэй. Халдварт өвчин дэлгэрсэн үед олон нийтийн газар аль болох очихгүй, маск зүүх, ханиадны вакцин хийлгэх хэрэгтэй.
Хоёр дахь сэргийлэлт буюу нэгэнт уушигны өвчнөөр өвдсөн тохиолдолд маш эртнээс эмчийн хяналтад төгс эмчлэх хэрэгтэй. Харин гурав дахь урьдчилан сэргийлэлт нь олон жил өвдөөд архаг болсон өвчтөн өвчнөө сэдрэхээс сэргийлэх хэрэгтэй. Мөн эмчийн хяналтад байнга байж эмийн эмчилгээ хийж амьдралынхаа хэвийн байдлыг хадгалах ёстой. “Эрүүл биед саруул ухаан” гэдэг. Бие эрүүл байвал ажил амьдралаа өөд нь татаж жаргалтай явж чадна. Хүмүүс мэддэг хэрнээ нэг их тоохгүй явах юм.
Үүнээс гадна агаарын бохирдол , машины утаа, хот төлөвлөлт, мод тарих гээд олон гадны хүчин зүйл байдаг.
-Амралтын өдрөөр цаг заваа гаргаж ярилцлага өгсөн танд их баярлалаа. Ажлын өндрөөс өндөр амжилт хүсье!
Ярилцсан: Б.ХҮҮДҮҮТ
