solongonews
Жэ Жян мужид усан доорх дэлхийн хамгийн урт төмөр замын хонгил барина
2020-11-03 10:09
Жэ Жян мужид усан доорх дэлхийн хамгийн урт төмөр замын хонгил барина.

БНХАУ-ын зүүн нутгийн Жэ Жян мужийн Хөгжил, шинэчлэлийн хороо усан доор дэлхийн хамгийн урт төмөр замын хонгил барих төслийг баталлаа.

Нин Бө хотоос зүүн тийш орших Жинь Тан арал хүртэл усан доорх хонгилын нийт урт 16.2 км болох аж. Энэхүү хонгил Нин Бөгөөс Жөү Шань бүлэг арал хүртэл төмөр зам тавих төслийн нэг хэсэг болох юм. 76.4 км урт шинэ шугам Нин Бө хотын зүүн станцаас эхэлж, Жөү Шань хотын Байцюань тосгонд дуусна. Энэхүү шугамаар галт тэрэг цагт 250 км хурдтай явах гэнэ. Хонгилын барилгын ажлыг зургаан жилийн дотор хийж дуусгахаар төлөвлөж байна. Төсөлд оруулах хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 26.9 тэрбум юань (4 тэрбум орчим ам.доллар) болж байгаа аж.

Жэ Жян мужийн бүрэлдэхүүнд ордог Жөү Шань бүлэг арал нь зочид буудлын дэд бүтэц, бохирдоогүй наран шарлагын газраараа жуулчдын дунд ихээхэн алдартай ажээ. Одоогийн байдлаар уг арал дээр гүүрэн дээгүүр машинаар эсвэл онгоцоор нисэж очих боломжтой байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Жөү Шань арлууд руу аялах хугацааг багасгах, мөн төмөр замын тээвэрлэлт хийх боломжтой болно. Нин Бө хотоос Жөү Шань руу машинаар очиход нэг цаг хагасын хугацаа зарцуулдаг бол галт тэргээр 30 минутын дотор хүрэх аж.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл